“Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал анх Женевт батлагджээ
1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женев улсад батлагджээ. Энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа 1959 онд 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаархи олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байжээ. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чаджээ.Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль боловсруулан, 1996 оны 5 дугаар сарын 8-нд батлан гаргаж, 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.