Согтуу залуу бүтэлгүй хайраас болж амиа хорлохыг завджээ


-ХАЙР СЭТГЭЛИЙН АСУУДЛААС БОЛЖ АМИА ХОРЛОХООР 
ШИЙДСЭН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-


Хамгийн сүүлийн амиа хорлох гэсэн жишээг энд дурдая. Өнгөрсөн даваа гаригийн өглөөний 07:21 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хорооллын 8-р байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцной байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход 24 настай согтуу иргэн амиа хорлох гэж байжээ.

Аврагчид шуурхай ажиллаж есөн давхарын айлын цонхоор дээш гарч иргэний амь насыг нь авран хамгаалж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар бид мэдээллэсэн. Тухайн иргэнтэй ар гэрийхэн нь болон онцгой байдлын алба хаагчид удаан ярилцсан боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул огт ойшоохгүй байсан байна. Тиймээс аврагчид нууцаар айлын цонхоор орж, тухайн залууд мэдэгдэхгүйгээр араас нь очиж татаж авч буй нь бичлэг дээрээс харагдаж буй.

Амиа хорлохыг завдсан иргэдийг онцгой байдлын аваргчид авраад дараа нь учир шалтгааныг нь тогтоолгохоор цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Дээрх 24 настай залуугийн хувьд хайр сэтгэлийн асуудлаас болж хямарсандаа амиа хорлохоор завсан болох нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нь тодорхой болсон гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

 

-АМИНААС ҮНЭТЭЙ БЭРХШЭЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ-


Хаврын улиралд амиа хорлосон, амиа хорлохыг завдсан хэрэг ихээр гардаг талаар албаны хүмүүс хэлж байна. “Сэтгэлийн утас” зөвлөгөө мэдээлэл, сургалт судалгааны төвийн захирал, сэтгэл зүйч Б.Нямаа “Амиа хорлолтыг улирал шилжих үйл явцтайгаар холбоотой үүсдэг бие организмын хямрал гэж хэлж болно. Өвлийн улирлаас хавар буюу урин дулааны улирал руу ороход хүний биед тэр байдалд дасан зохицох үйл явц явагддаг. Дээр нь бие махбод ядрах сульдах, юм хийхээс дургүй болох ийм шинж тэмдэг давхар илэрдэг. Энэ нь бие организм өөрөө цаг хугацааны өөрчлөлттэй холбоотойгоор давхар хямарч байгаа гэсэн үг” хэмээн тайлбарласан байх юм.

Амиа хорлоход улирал нөлөөлдөг байж мэднэ. Гэвч шалгаан гээч нэг зүйл бий. Амиа хорлож буй иргэдийн шалтгааныг тогтоож үзэхэд дийлэнх олонх нь хайртай хүүхэн нь тоохгүй байх, эхнэртээ хаягдах, ажлаасаа халагдах, гэм хийсэн, хийсэн гэмээ үүрэхээс зайлсхийх, өвчин зовлон тусах гэх мэт байдаг гэх. Хүүхдүүдийн дунд бол эцэг эхтэйгээ ам муруйх, эцэг эх нь хүссэн зүйлийг нь хийлгэхгүй, хүсссэнээр нь байлгахгүй байна гэх мэт ялих шалихгүй өчүүхэн шалтгаанаар амиа гээхээр оролддог байх юм. Гэвч эцэстээ аминаас үнэтэй бэрхшээл гэж байдаггүй.

 

Medee.MN