“Монполимет”-ийн 882 тэрбумын өрийн мэдээг Монголбанкны дүгнэлтээс хасуулж, өрийг Эрсдлийн сангаас төлжээ


-УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛӨӨС Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ 
МЭДЭЭЛЛИЙГ ХАСАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-


УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалтуудыг хянасан билээ. Дүгнэлтийг эрх баригч намын бүлэг дээр анхлан хэлэлцсэн. Ингэхдээ дүгнэлттэй хамт “маш нууц” зэрэглэлтэй материалуудыг хавсарган тарааж, бүлгийн хурлын дараа хураан авсан байдаг.

 

Ажлын хэсгийн дүгнэлт дангаараа 50 гаруй хуудас бөгөөд нууцын зэрэглэлтэй зарим хэсгүүдийг хасах замаар олон нийтэд ил болгосон юм. Мөнхүү нийтлэгдэхээс өмнө эрх баригч намын нэр бүхий гишүүдийн хувийн бизнестэй холбоотой хэсгүүдийг тасдан авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” ХХК-ийн асуудлаархи баримтуудыг нийтлээгүй байна. Тус компанийн талаархи асуудал ажлын хэсгийн дүгнэлтийн 44-48 дугаар хуудсанд багтсан байсан билээ.


Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийн анхны хувилбар дахь “Монполимет” ХХК-тай холбоотой дүгнэлтийг нээлттэй мэдээлж байна. Энд онцлоход, Монголбанктай 2012-2016 оны хооронд хийсэн алтны опшин хэлцлийнхээ үүргийг биелүүлээгүй нэр бүхий компаниудын талаархи материал нь нууцын зэрэглэлд хамраагүй байсан учраас ил тод мэдээлэв.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монголбанкийг шалгах ажлын хэсэгт багтсан нэр бүхий гишүүдийг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан дээр дуудаж, “Монполимент” ХХК-тай холбогдох мэдээллийг хасч нийтлэх үүрэг өгчээ. Улмаар үүнийг мэдсэн эрх баригч намын зарим гишүүд “Ц.Гарамжав гишүүнд нөлөөлөхгүй газар гэж алга. Яахлаараа ингээд ичихээ больчихдог байна” хэмээн бухимдсан байна.

garamjaw

 

-“МОНПОЛИМЕТ”-ИЙН ӨРИЙГ МОНГОЛБАНКНЫ ЭРСДЛИЙН
НӨӨЦИЙН САНГААС ТӨЛЖЭЭ-


Ажлын хэсгийн дүгнэлтийн Монголбанкны өр авлага, төлбөр хэсэгт  “Монполимет” ХХК нь 2003 онд Монголбанкинд 183 кг алт тушааж, түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах зээл дээр 2003 оны 9-р сараас гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11-р сар хүртэл нийт 10 арилжаа хийсэн бөгөөд 2007.04.12-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар компаниудын захиалгаар хийдэг арилжааг зогсоосон.

 

2006 болон 2017.12.31-ний байдлаар арилжаагаар үүссэн өглөг, авлагыг баталгаажуулах тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, тэргүүн ээлжинд авсан премимумын төлбөрийг барагдуулах хуваарь гаргаж ажилласны дагуу 2008 оны 11-р сард 151.658 ам.доллар, 2010 онд 7500 ам.долларыг тус тус хийсэн.

 

Арилжааны банкинд их хэмжээний зээлтэй тул зээлийн төлбөрийн хажуугаар Монголбанкинд төлбөр хийх хүндрэлтэй байгаа, өглөг авлага зөвхөн арилжаанаас үүссэн тул төлбөрийн арилжааг цааш үргэлжлүүлэн хийх замаар төлж барагдуулах саналыг манай талд удаа дараа тавьж ирсэн.

 

Монголбанкнаас 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан  гаргасан бөгөөд 2016.06.30-ны өдрийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын нэг дэх заалтад “”Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй “Монполмет” ХХК-иас авах авлагыг БОЛЗОШГҮЙ АЛДАГДЛЫН НӨӨЦ САНГААС ХААЖ, ТЭНЦЛИЙН ГАДУУР БҮРТГЭХ ГҮЙЛГЭЭ ХИЙХИЙГ үүрэг болгосон байна” гэжээ.

 

-ӨР БАРАГДУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН Ч 882 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 
ТӨЛӨЛТ ХЭВЭЭР ХОЦОРЧЭЭ-


Дүгнэлтэд дурдсанаар, Монголбанкны ажлын хэсэг “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжавтай /2008.01.9/ 2007 он дуустал хугацаанд үүссэн тооцоо нийлэх актад гарын үсэг зурсан байна. Тооцоо нийлэх актад “Монполимет” ХХК-ийн Монголбанкинд төлөх өрийг 882 тэрбум 768 сая төгрөг буюу 4 тэрбум 256 сая 689 ам.доллар гэж дурдаж өгсөн аж.  

Ингэхдээ “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжав Монголбанкнаас гэрээний премиумд олгосон 839.568 ам.долларыг авлагад оруулж, буцаан төлөхөөр зөвшөөрчээ. Энэ дагуу Монголбанк, “Монполимет” ХХК хооронд “Өр барагдуулах гэрээ” байгуулагдсан /2008.09.17/ байна. Гэрээний хүрээнд “Монполимет” ХХК 285.888.10 ам.долларыг Монголбанкинд шилжүүлжээ. Үүгээр төлбөр үндсэндээ зогссон байна.

 

Асуудал ингэж даамжирч, Захиргааны хэргийн шүүх дээр очсон ч “Нөхөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн буцаажээ. Эцэстээ Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Монполимет” ХХК-ийн төлбөл зохих 882 тэрбум 768 сая төгрөгийг тус банкны эрсдэлийн сангаас хаасан байна. Өрийг ингэж хаахдаа тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийснээр асуудал “Монполимет”-д цэвэр ашигтай байдлаар төгсчээ.


Монголбанкны активын ангилал, болзошгүй алдагдлын нөөц сан байгуулах, зарцуулах журмын 3.3.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн авлагыг эрсдэлийн сангаас хаахыг зөвшөөрдөг. Тийм байтал анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн, “найдваргүй авлага” гэж үзэж, төлөлтийг эрсдэлийн сангаас хийсэн нь анхаарал татна. Ажлын хэсгээс уг авлага төлөгдөөгүй явдал нь Монголбанкны алдагдалд ихээр нөлөөлсөн гэж үзэн, хуульд заасан сэргээх үндэслэлийг гаргаж, шүүхэд дахин шаардлагатай гэж үзсэн байна.

 

Тиймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрээр 882 тэрбум төгрөгийн өрөө Монголбанкны эрсдэлийн сангаар хаалгаж амжаад байсан Ц.Гарамжав гишүүн сандарч, УИХ-ын дарга М.Энхболдод хандсан бололтой. Ингэснээр уг мэдээллийг олон нийтэд ил гарахаас нь өмнө тасдан авах арга хэмжээг шуурхай авахуулж чаджээ.


Хэрэв зээ, хэргийг дахин хөөн хэлэлцэж, шүүхийн шийдвэр Монголбанкны талд гарсан тохиолдолд “Монполимет” ХХК 882 тэрбумын өрөө төлөх шаардлага үүсэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас байр суурь авах хүсэлт илгээсэн хэдий ч бидэнд хариу өгсөнгүй.

 

Эх сурвалж: Medee.MN