Улс төрчдийн хилийн чанадад тансаглах хүсэл ба дипломат албаны томилгоо


-МАН ГУРВАН ХҮНЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧ ГУРВАН ЗӨВЛӨХӨӨ 
ДИПЛОМАТ АЛБАНД ТОМИЛУУЛАВ-


Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар гадаадад суугаа зургаан элчин сайдыг эргүүлэн татаж, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэснээр Швейцариас В.Пүрэвдорж, Францаас М.Батсайхан, Германаас Ц.Болор, Японоос С.Хүрэлбаатар, АНУ-аас Б.Алтангэрэл, Канадаас Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахаар болов.

 

Улмаар ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг Франц, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар тус тус томиллоо.

 

Томилогдсон хүмүүсийн гурав нь эрх баригч намаас, нөгөө гурав нь ерөнхийлөгчийн саналаар сонгогдсон нь харагдаж байна. Эрх баригч намаас Ё.Отгонбаяр, С.Батболд, У.Хүрэлсүх, С.Баяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй чимээгүй үлдсэн. Өнөөдрийн байдлаар эрх баригч нам тэдэнд тус бүрд нь найр тавьж, эвтэйхэн суудал өгснийг харж болно. Эдгээрээс Ё.Отгонбаяр БСШУС-ын дэд сайдаар чимээгүй хэдэн сар суугаад, дипломатчдад төдийлөн олдоггүй АНУ-д элчингээр суух виз өвөртлөв. Ингэснээр түүний БСШУЯ-ны сайдаар сонгогдоогүйн учир тайлагдлаа.

 

Уг нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой чухал орнуудад улсаа төлөөлж чадах дөмөгхөн хүнээ илгээвэл эргээд ач тусаа өгнө. Гэтэл манай уул уурхайн салбарыг түлхүү сонирхдог, эдийн засгийн том тоглогчидтой Канад улс руу залуухан бүсгүй элчингээр явахаар боллоо. Ирэх дөрвөн жил Гадаад хэргийн дэд асан, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь Канад улсад элчингээр суух нь. Тэрээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөс ийнхүү суга дэвшиж буй юм.

 

Мөн өмнөх Засгийн газрын үед Гадаад хэргийн сайд хийж байсан Л.Пүрэвсүрэнгийн аз од нь гийж, Швейцарь улсад элчингээр суухаар болов. Тэрээр сайдын ажлаа хүлээлгэн өгч, Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байгаад гадагшаа элчингээр явахаар болсон нь төрийн тэргүүний ивээлтэй шууд холбоотой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Ийм үедээ тэрээр МАН-тай элчин сайд нарын асуудлаар сэргэлэн тохироо хийж чадсан нь анхаарал татна. Тэрээр өөрийн гэсэн гурван хүнээ дипломат албанд дөрвөн жилийн хугацаатайгаар явуулж дөнгөв.

 

-ШИНЭ ХУУЛИАР ДИПЛОМАТ АЖИЛЧДЫН ЭРХ УЛАМ БЭХЖИНЭ-


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард С.Баяр, М.Энхсайхан тэргүүтэй нэр бүхий 10 хүнийг УИХ-аас элчин сайдаас томилсон. Сая зургаан хүний нэр бас л гэнэт орж ирлээ. Байнгын хороогоор ороод, УИХ-аар батламжилдаг тул ердөө хоёр хоногийн асуудал. Парламентад олонхи болсон нам улс төрийн бялуу хуваалтаас сэтгэл дундуур үлдсэн нэгнээ элчингээр томилж найр тавьдаг байдал ийм замаар хэлбэршсээр байна. Энэ нь нэг талаар дэвшүүлж, нөгөө талаар улс төрийн хүрээнээс явуулж буй үдэлт гэлтэй.

Ирэх сарын 1-нээс Дипломат албаны тухайн шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар дипломат  ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөр, сургуулийн зардлыг төр хариуцах юм. Нийтдээ 12 дипломат төлөөлөгчийн газрын 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт улс жилдээ 300 сая ам.доллар төсөвлөхөөр болж буй юм. Энэ зардлыг гаргахын тулд дөрвөн чухал байршил дахь консулын газраа татан буулгахад хүртэл хүрсэн билээ. Энэ мэтээр шинэ хуулиар дипломат ажилчдын эрх зүйн асуудлыг төр харьцангуй сайн шийдэж өгөх боломж бүрдээд буй.

 

Чухам энэ шалтгаанууд нэр бүхий эрхмүүдийг улс төрийн карьераасаа хөндийрч, хилийн чанадад төрийн мөнгөөр хэсэг хугацаанд амар жимэр суух хүсэлд хөтөлсөн ч гэж болно. Мэдээж өмнөх тогтсон жишгийн дагуу хамаатан саднаа гадагш зөөж, цөөн орон тоогоо найз нөхөд, хамаатнаараа дүүргэх боломж тэднийг хүлээж байгаа. Дипломат төлөөлөгчийн газруудын хийдэг гол ажил нь Монголоос ирэх айлчлалыг тосох явдал. Ийм байдлаар ажиллаж буйг нь УИХ дээр удаа дараа шүүмжилдэг ч Монголоос ирсэн дарга нартаа сайхан харагдах хүсэл элчингүүдийн итгэл зүтгэлийг тээсээр өдийг хүрлээ.

 

Зүй нь дипломат төлөөлөгчийн газрууд гаднаас санхүүжилт татах, төслийн шугам эх орон руугаа нээх, хөрөнгө оруулалт хайх зэрэг эдийн засаг талаасаа үр өгөөжтэй ажиллах учиртай. Чиг үүргийг нь илүү тодорхой болгож өгснөөр хэн дуртай нь дипломат алба руу шургах боломжид хязгаар тавьж өгөхөөр харагддаг. Гэвч дипломат ажилтан жинхэнэ утгаараа улсаа төлөөлж ажиллаж чадах эсэх нь асар тодорхойгүй байдлаар урвуулж хөрвүүлсэн томилгоо хийгдсээр байгаа нь харамсалтай.

 

Medee.MN