Дональд Трамп Саудын Арабт $350 тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээ байгууллаа


АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анхны гадаад айлчлалаа хийж байгаа Дональд Трамп Саудын Арабт $350 тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээг өчигдөр байгууллаа.

 

Ийм үнийн дүнтэй зэр зэвсгийг 10 жилийн хугацаанд нийлүүлэх ба үүнээс $110 тэрбум орчмын зэвсгийн наймааг гэрээнд гарын үсэг зурсны дараа шууд хэрэгжүүлэх юм. Гэрээний агуулгыг “Ираны аюулаас хамгаалахын тулд” гэж тодорхойлсон байна.

АНУ-ын төрийн департментын мэдэгдэлд “Батлан хамгаалах зэр зэвсэг, үйлчилгээг Саудын Араб, Булангийн бүс нутгийг Ираны нөлөө, Ирантай холбоотой аюул заналаас урт хугацаанд хамгаалахад зориулах юм. Үүнээс гадна Саудын Арабын өөрийн аюулгүй байдлаа хангах, бүс нутагт терроризмын эсрэг тэмцэл явуулах чадварыг сайжруулж, энэ үйлсэд АНУ-ын оролцоог бууруулахад чиглэж байна” гэжээ.

 

Мөн Америкийн компаниудын Ойрх Дорнодын бүс нутаг дахь бизнесийг дэмжих, АНУ-д олон арван мянган ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн байна.

 

Гэрээний агуулгыг таван хэсэгт хуваажээ. Үүнд хилийн болон эргийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, агаарын хүчний шинэчлэлт, пуужингаас хамгаалах зэрэг багтаж байна.

 

Зөвхөн зэр зэвсэг бус, гүнзгийрүүлсэн түвшний сургалтаар хангах төлөвлөгөө гэрээнд багтжээ. 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон уг гэрээг “манай дайснуудад өгөх хүчтэй дохио” гэсэн бол Дональд Трамп гэрээг “АНУ-д хийж байгаа том хөрөнгө оруулалт, ажлын байр” гэж тодорхойлсон байна. Ираны нөлөөллийн бүсэд Йемен, Сири, Ливан, Ирак зэрэг орнууд багтаж байгаа ба эдгээр орнууд дахь төлөөллөөрөө дамжуулан Тегеран шашны урсгал хоорондын дайныг явуулж байгаа гэж үздэг.

 

Өчигдөр мөн гэрээг байгуулахаас өмнө Саудын Арабын хаан АНУ-ын ерөнхийлөгчид тус улсын хамгийн дээд одонг гардуулжээ. 2012 онд Барак Обамаг Саудын эзэн хаанд бөхийж хүндэтгэл үзүүллээ хэмээн шүүмжилж байсан Трамп энэ удаа бөхийхгүйг хичээж, өвдгөөрөө сууж одонг зүүсэн байна.

 

 

Орой нь эзэн хааны ордонд үдэшлэг зохион байгуулж, Арабын уламжлалт сэлэмт бүжгийг Трамп болон Тиллерсон зэрэг албаны хүмүүс хийж байгаа дүрс бичлэг сошиал ертөнцөд таржээ.

 

 

please enjoy this footage of the secretaries of commerce and state dancing awkwardly while holding swords

Дональд Трамп Саудын Арабын дараа АНУ-ын бас нэг чухал холбоотон болох Израйльд айлчлах юм.

 

Эх сурвалж: Russia Today, Independent