-САЛБАРЫН САЙД ЗӨРҮҮ ОЙЛГОЛТУУДАД ТАЙЛБАР ӨГӨВ-
Өнгөрсөн долоо хоногт Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдав. Батлагдсан даруйдаа эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгох, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлууд тусгагдсан гэсэн шүүмжлэл дагуулсан билээ.
Энэ дагуу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэл хийж, эхийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй байгаа тохиолдолд хүүхдийг нэмэлт тэжээлээр хооллохыг хуулиар зөвшөөрсөн болохыг тодотгосон билээ. Улмаар 0-6 сартай хүүхдээ эхийн сүүнээс өөр тэжээлээр хооллосон эхийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээллийг албан ёсоор үгүйсгэсэн юм. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай аж.
Мөн эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн мэдээллийг салбарын сайдын хувиар үгүйсгэв. Өөрөөр хэлбэл, хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээл хэрхэн хэрэглэх зөвлөгөө заавар өгөх чиг үүрэг хүлээсэн байна. Харин эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэх эрх нь хэвээр хадгалагдах аж.
Манай улсын хувьд Хүнсний тухай хуулиар сүүн тэжээл нь хүнсэнд тооцогддог. Уг хуулийнхаа дагуу худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд тодотгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхийн сүү орлуулагч өнөөгийн худалдааны горимоороо цаашид зах зээлд нийлүүлэгдэнэ гэсэн үг. Ингэхдээ эхийн сүү орлуулагч импортлогч байгууллагуудын хүлээх хариуцлагыг илүү сайжруулах, холбогдох зөрчил үүсгэж гэмээнэ хуулийн хариуцлага тусгахаар томьёолж өгчээ.
-ХУУЛИА ӨӨРЧИЛЛӨӨ, АМЬДРАЛД ХЭР “НААЛДАХ” БОЛ-
Хуулийн гол зорилго нь нялх балчир хүүхдийг хөхний сүүгээр хооллоход чиглэж буй. Тиймээс ч сүү орлуулагч бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд “Энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн хэрэгцээт шимт бодис, эрдэс, амин дэмийг дангаар хангахгүй” гэсэн анхааруулга байршуулахаар тусгаж өгсөн юм. Ингэж хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэнээр транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хориглож давхар хориглож өгчээ.
2000 оны үед манай улсад эхийн сүүгээр хооллолтын түвшин 90 хувьд хүрдэг байсан нь дэлхийн сайн жишгүүдэд зүй ёсоор нэрлэгддэг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд эхийн сүүгээр хооллолтын түвшин огцом доошилсоор 47 хувь болсон байна. Энэ тоо 40 хувь руу орвол онц аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үздэг.
Салбарын сайдын зүгээс “Манай эмэгтэйчүүд гоо сайхнаа бодоод хүүхдээ хөхөөр хооллох нь багассан” гэж тодотгожээ. Нэг талаараа энэ нь үнэний ортой юм. Нөгөөтэйгүүр угийн сүү муутай эмэгтэйчүүд нэмэлт тэжээл хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Басхүү ахуй амьдралын зайлшгүй шалтгаанууд эхийн сүүгээр хүүхдээ хооллоход бэрхшээл учруулж байна.
Гол нь хуулиа ингэж өөрчиллөө гээд хөхний сүүгээр хооллолт нэмэгдэх үү, хуулийн нөлөөлөл нийгмийн сэтгэхүй, ахуйн хүрээний боломж, нөхцөлд эерэгээр нөлөөлж чадах уу гэдэг нь жинхэнэ асуудал юм. Хүүхдээ 0-6 сар хүртэл эхийн сүүгээр хооллохын чухлыг шууд бус байдлаар хуулийн хамааралд орууллаа ч энэ нь хэн нэгний амьдралд хэрэгжих эсэх нь бас асар эргэлзээтэй ойлголт.
Түүний оронд залуу ээжүүдэд хүүхдээ хөхний сүүгээр хооллохын ач тусыг жирэмсэн байх хугацаанд нь сайтар ойлгуулж өгөх, нийгмийн халамжийн бодлогын хүрээнд хүүхдээ төрүүлээд гэртээ суухад ахуйн талаас нь илүү дэмждэг байх асуудлууд илүү үр дүнгээ өгч мэдэх юм. Угаас ахуйг шууд хуульчлах боломжгүй. Байдлыг зөөлрүүлэх хэмжээний хуулийн үйлчлэл харин үүсгэж болно. Гэхдээ үр дүн нь басхүү тийм ч барьцтай биш юм. Яг энэ жишгээр Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга амьдралд буухаар байна.
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ