Төрийн албаныхан Си, Ши-гээ ч ялгахаа больжээ


Одоогоос бараг гурван жилийн өмнө буюу 2014 оны намар БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргийн хамтаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хоёр өдөр айлчилсан БНХАУ-ын дарга Си Зиньпиний аюулгүй байдал, хамгаалалт, үйлчилгээний чанарт маш их анхаарал хандуулж байсан. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас бүх л  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд руу утас цохиж Си Зиньпин даргын нэрийг буруу бичихгүй байхыг хүсч, урьдчилан анхааруулж байлаа.
 
Тусгаар тогтносон бүрэн эрхэт хоёр улсын албан ёсны дээд хэмжээний айлчлал учраас энэ мэтийн нарийн дэг ёс, дипломат харилцаа байх нь зүйн хэрэг. Гэтэл одоо нэг л өөр болчихжээ.
 
Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Н.Тунгалагийн хамт өмнөд хөрш БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Гэтэл нөгөө чухал ач холбогдол өгөөд байсан нэр маань цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ши Жинпинь гээд л дурайж байх нь тэр. Си Зиньпин шүү дээ гэхээр “Үгүй ээ, цаанаасаа ингэж өгсөн нэр” гэх юм. Хүний нэрийг редакторлах эрх хэнд ч үгүй болохоор тэгээд ч төрийн албан ёсны айлчлалын мэдээ мэдээллийг ганц нэрэн дээр маргаж суусаар хоцроолтой нь биш. Тэгэс ингэсхийгээд учраа ололцсон болоод Ши Жинпинь л гэж бичицгээлээ.
 
Цаг сэлгээтэй байдаг хэдий ч Монголын төр загасны ой санамжтай байж огт болохгүй. Энэ нь өчүүхэн жижиг асуудал юм шиг мөртлөө Монголын төрийн дипломат ёсны нүүр царай шүү дээ. Цаашлаад энд ямар хэмжээний боловсролтой ямар хүмүүс яаж ажиллаж байгааг л харуулна. Улмаар олон улс, тив дэлхийд Монгол Улсын нэр төр ямар байх вэ гэдэгтэй ч холбоотой асуудал юм. Манай Гадаад харилцааны яам, дипломат албаны хүмүүс хоорондоо иймэрхүү байдлаар ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байхад юун Монгол төрийн алтан аргамж, хар хайрцагны бодлого ярих вэ л болно шүү дээ.
 
Угаасаа л төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг хэмээн иргэд, олон нийтийн төлөөлөл шүүмжилдэг. Үүнийх нь хариуд өдөр болгон Төрийн ордны өмнө жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы хаалттай өдөрлөг” хийж байна. Ажил үйлчилгээгээ сурталчилж байгаа гэх ч нэг л их наршиж, тээршаасан хүмүүс угтаж байгаа нь нууц биш. Энэ өдөрлөгийн гол зорилго нь бушуухан шиг нээлтээ хийсэн болоод дарга нараараа хэвлэлийнхэнд яриа өгүүлэх байдаг бололтой. 
 
Иймэрхүү байдлаар энд цугласан үндсэн ажил нь дуусна. Төр түшилцэж буй хэн ч наад зах нь харилцааны соёл, цаашлаад боловсрол мэргэжил, ур чадвараа сайжруулах хэрэгцээ шаардлага нийгэмд, энэ улс оронд чинь байна. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа муугаас дотооддоо маш их хэл ам гарч, маргаан тэмцэл нь ил, далд хэлбэрээр явж л байдаг. Одоо энэ асуудлыг цэгцлэхгүй бол хэрээс хэтэрч Гадаад харилцааны яам, дипломат албанд хүртэл ийм төрлийн идээ бээр бугшиж эхэллээ.
 
Энэ нь яван явсаар тив дэлхий, олон улсад Монголын нэрийг хугалж орхих вий дээ. Уг нь нэр хугарахаар яс хугар гэдэг шийртэй улссан даа, монголчууд. Үгүй ядахдаа төрийн албан ёсны мэдээлэл түгээдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба нь нэр усны талаар нэг ойлголттой байхсан. Си, Ши хоёроо л ялгахгүй боловсролтой хүмүүс төр засгийн бодлогыг олон нийтэд сурталчлаад сууж байна гэхээр эмгэнэлтэй ч юм шиг. Си Зиньпин даргын нэрнээс гадна гэргийнх нь нэрийг ч манайхан түм буман янзаар бичсэн байх жишээтэй. Пэн, Пөн, Пин, Пен гэх мэтээр гарч ирнэ. Хятад нэр өөрөө ганцхан үсэгнээс л болж утга нь тэр чигээрээ өөрчлөгддөг. Гэтэл манайд бол зүглүүлж л байвал яаж ч бичсэн хамаагүй болчихоод байгаа юм. Тиймээс Гадаад харилцааны яам энэ талаар жаахан анхаарвал яасан юм бэ. Ядахдаа дипломат харилцаатай улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, төр засгийн өндөр албан тушаалтнуудын нэрийг нэгдсэн байдлаар яаж бичихийг гаргачихаж болмоорсон.
 
Үүнийгээ төрийн мэдээлэл түгээдэг хэлтэс албадууддаа албан бичгээр ч болов хүргэчихэд тийм ч их мөнгө орохгүй. Зөвхөн сэтгэл л дутаж байгаа хэрэг. Өөрийн цахим хуудсандаа оруулчихсан байхад хэвлэл мэдээлэл хэрэг болгож ороод авчихаж дөнгөлгүй яахав. Энэ мэт жижиг юм шиг боловч, улсын минь нэр хүнд ,цаашлаад хэвлэлийн бидний нүүрийг улайлгасан асуудал мөн ч олон байна даа.

 

MMINFO.MN