МАН-ын жижиг “коммунист”


УИХ намрын чуулганаар баталсан Эрүүгийн хуулиндаа ердөө гурван сарын дараа дахин өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хуулиa шинэчилсэн найруулгаар баталсан ээдрээтэй долоо хоног өнгөрөв. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний үед Англи-Саксоны эрх зүйн тогтолцооны хэв шинжээр боловсруулагдаж байсан эдгээр хуулийн төслүүд гурван сайд дамжсаны эцэст өнгө төрхөө “тултал” нь өөрчилж батлагдлаа.

 

Х.Тэмүүжиний хувилбарыг Д.Дорлигжав, С.Бямбацогт нарын сайд нар нэлээд өөрчлөх замаар УИХ руу оруулсан нь үнэн. Гэвч яг эцсийн байдлаар батлагдахад нь хамгийн их өөрчлөлтийг УИХ-д сонгогдоод нэг жил ч болоогүй “балчир” гишүүдийн нэг Х.Нямбаатар хийсэн нь анхаарал татаж буй юм.


Хувийн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн Х.Нямбаатар гишүүн Зөрчлийн тухай хуулийн төсөлд баривчлах заалт олноор тусгаж, байцаагч, прокуроруудад шүүн таслах хэмжээний эрх мэдэл өгсөн нь гишүүдийн шүүмжлэлийг хүлээгээд буй. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг ахалсан тэрээр Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан нарын “хөгшин бурхиуд”-ынхаа үгийг ч нэг их хэрэгссэнгүй. Саатуулах ёстой, торгуулийн хэмжээг багасгаж болохгүй гэсэн тайлбар хийсээр Зөрчлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгыг батлуулав.

 

Хуулийн төсөл эрх баригч намын бүлгийн хуралдаанаар яригдах үеэр эх газрын эрх зүйн тогтолцооны хэв шинжийг үндэслэн, Грек, Ромын жишгээр боловсруулагдаагүй гэдэг шалтгаанаар Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд УИХ-ын ажлын хэсэгт орохыг хүсээгүй байна. Чухам энэ шалтгаан Х.Нямбаатар гишүүнд дураараа дургих боломж олгож, Засгийн газраас орж ирсэн хувилбар дээр жижиг Эрүүгийн хууль болгох хэмжээнд ажилласан нь энэ юм. Ингэснээр дараалал дайрсан бол торгуулах, саатуулах, хулгай хийсэн иргэнийг шууд баривчлах, гудамжинд нус цэрээ хаявал торгох, төрийн албан хаагчийн гаргасан 10 саяас дээш хохирол бүхий  үйлдлийг зөрчилд тооцох зэрэг асар олон хуудуутай заалт ёсчлогдлоо.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийн үеэр М.Билэгт гишүүн “Ц.Нямбаатар арай дэндүү дураараа аашилж байна. Бүлгийн хурал дээр хүртэл хэлж гуйсан. Ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд, төрийн алба, эрх мэдэлтэй  холбоотойг нь 10 саяас дээш бол хөнгөрүүлээд байх юм. Ц.Нямбаатар энэ хуулийг хурдан баталж, нийгмийн эмх замбараагүй байдлыг засах хэрэгтэй гэж байна.

 

Нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй шүү дээ. Өнөөдөр ард иргэд төрийг хариуцлагатай болохыг шаардаж байна. Гэтэл чи хуульд байхгүй заалт оруулж ирээд байх юм. Төрийн албан тушаалтан бол 10 саяас дээш төгрөг завшсан бол эрүү үүснэ, харин иргэн бол 300 мянган төгрөг завшвал эрүү үүснэ гэж байна. Өнөөдөр авлигаас төрийг дампууруулсан. Ард иргэдийг цалингүй болгосон. Олон улсын хэмжээнд хүртэл төрийн албаны салхилгагүй байдлаас харуулчихаад ийм хууль баталж болохгүй” гэж шүүмжлэв.

 

-Х.НЯМБААТАРЫН ХОЛИОН БАНТАНГ ДАХИН ЗАСАЖ НАЙРУУЛАХ УУ-


Үнэхээр бүлгийн хурал дээр нэр бүхий гишүүд “Хууль зүйн туршлага багатай залуу гишүүдийг нийгмийн харилцааг өдөр тутам зохицуулдаг том хуулийн төсөл дээр ажиллуулж байгаа нь намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Х.Нямбаатар өмгөөлөгч хүн тул хэргийн хамаарлыг тэлэх замаар тодорхой эрх ашгийн бүлгүүдэд ашигтай хууль гаргах гэж байна” гэхчилэн шүүмжилсэн байдаг. Гол нь эрх баригч нам бүлэг дотроо яригдсан энэ мэт эрүүл шүүмжлэлийг үл хайхарснаар Х.Нямбаатар гишүүн шинэчилсэн найруулгаа өөрийн санасан хэмжээнд батлуулж дөнгөв.

 

Х.Нямбаатар гишүүн өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-ын 76 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон нэгэн. Тэрээр 1996-2002 онд Орхон Их сургуульд, 2006-2008 онд Цагдаагийн академид Хууль сахиулахын Их сургууль, 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй. Өмгөөлөгчийн гараанаас Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн төрийн алба хашсан туршлагатай.

 

Уг нь хувь хүний даруулга, төрийн залгамж халаа, МАН-ын ах нарын тогтолцоог бодсон ч тэр, хурган даргаас шууд парламентад заларсан залуу Эрүү болон Зөрчлийн хуулийг өөрийн хүслээр бариад авах ааг омог төрөхгүй баймаар. Мөн Засгийн газар харьцангуй зөөлөн буулттай хуулийн төсөл оруулж ирэн, Х.Нямбаатарын гараар өөрчлүүллсэн нь ч анхаарал татна.

 

Энэ талаар МАН-ын эх сурвалж “Х.Нямбаатар өөрөө өмгөөлөгч хүн учраас хэргийг завхруулах замаар мөнгөний сүлжээ үүсгэх эрх ашгийн зөрчлийг салбартаа үүсгэж байна. Өөр олон заалтыг шууд өөрчилсөн нь түүний ард хуулийн салбарынхны маш том эрх ашиг нуугдаж байгааг харууллаа. Шинэ гишүүнээр туг тахиж, хуулиа чангаруулах санаа энд явсан” гэж тодотгов.

 

Ямартай ч эрх баригч намын гишүүд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцэслэн батлагдсаны маргааш “Ирэх зургадугаар сараас шинээр боловсруулсан хувилбарыг хэлэлцэх, эсвэл дахин өөрчлөлт оруулахгүй бол үнэхээр бүтэхгүй хууль батлагдлаа” гэсэн тайлбар өгч байна. Дээрх хуулиуд ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. МАН энэ хугацаанд жижиг “коммунист”-ынхаа хийсэн холион бантанг засахгүй бол эргээд хэт шоронжсон хууль хэрэгжихээр болоод байна.

 

Medee.mn