Манай улсын хувьд жагсаал, цуглаан тэмцэл тасрахгүй байгаа. Энэ сарын эхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрх баригчид ОУВС-гийн нэрийг барих замаар тэтгэврийн насыг өндөрсгөж, долоон төрлийн татвар нэмсэн асуудлыг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Тус холбоотой нийт 18 иргэний нийгмийн байгууллага хамтарч, “Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна”, “Тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна”, “УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьсан.Тус тайван жагсаал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийн биеэр очиж “Нийгмийн хамгааллын яамыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд та бүхний санал бодлыг сонсохоор ирлээ. Та бүгдийн тавьж байгаа шаардлагыг шийдэх нь Засгийн газрын үүрэг юм. Өнөөдөр та бүхэн хэд хэдэн асуудлаар шаардлага тавьсан. Энэ бүгдийг шийдэх арга зам байгаа юм шүү.
Шаардлагыг Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үүрч байгаа учраас хүндэтгэн хүрэлцэн ирлээ” хэмээн тодотгож, гурван талт хэлэлцээрийг ширээний ард хийж, нэг шийдэлд хүрэхийг уриалсан билээ. Ингэснээр уг тайван жагсаалын гал намжиж, асуудлыг салбар яамтайгаа ярьж болох юм байна гэсэн ойлголттойгоор тарсан билээ. Мөнхүү Сүхбаатар аймгийн Ардчилсан намаас засаг даргын томилгоог нь хийж өгөхгүй, жил дамнан хүлээлгэж байгаа явдалд эсэргүүцлээ илэрхийлэхээр “Приус” машинаар жигдэрч, тугаа мандуулан сүр дуулиантайгаар Нийслэлд ирцгээсэн. Тэднийг ирсний маргааш Их жанжин Сүхбаатарын талбайд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт болохоор төлөвлөгдөөд байв. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэлэх байсан тул Сүхбаатарчууд энэ үеэр талбайд шууд орж ирэхээр төлөвлөжээ. Үүнийг Цагдаагийн байгууллага урьдчилан мэдэж, холбогдох хүмүүс рүү хэл хүргэх замаар таслан зогсоох арга хэмжээ авсан гэж учир мэдэх хүмүүстээ учирласан байх жишээтэй. Тэдэнд жагсаал хийх зөвшөөрлийг хотын захиргаанаас олгоогүй тул Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй "Приус" машинтай очиж, “М.Энхболд оо, Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн уриа лоозон зоож, хэсэг зогсоод өнгөрсөн.
Сүхбаатар аймгийн АН-ын төлөөлөгчид ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай уулзаж, тодорхой шийдэлд хүрлээ гэх хуурай мэдээлэл түгээгээд өнгөрсөн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Г.Уянга Сүхбаатарын талбайд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар суулт зохион байгуулж, өчигдөр цуглаан болгон хүрээг нь тэлж өндөрлүүлэв. Энэ хугацаанд түүнтэй нэгдэх хүсэлтэй ирж буй иргэний нийгмийн байгууллагуудын туг тэмдгийг талбайд нэвтрүүлэхгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан талаар иргэд онцолж байна. Эсрэгээрээ талбайд өдөр бүр Засгийн газар болон хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулагдаж буй. Нийтийг хамарсан ийм арга хэмжээний үеэр өөр төрлийн эсэргүүцлийн хэлбэртэй уриа, лоозон нэвтрүүлэхгүй гээд хамгаалалтын цагдаа нар нь гүрийчихэд тэмцэгчид хэлэх үггүй буцаж байна. Улмаар эрх баригч намаас шинээр сонгогдсон гишүүд болон залуу гишүүддээ хэвлэлд хамаа бус яриа өгөхгүй байх, асуудлыг хурцаар шүүмжлэхгүй байх чиглэл өгсөн нь ч нууц биш болсон.
Ингэж нийтийг хамрах хэмжээний эсэргүүцэлтэй тулах асуудал үүсэхээс эрх баригч нам болгоомжилж, эвлэрэн найрах, чимээгүй байх тактик хэрэглэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй ч нэр дэвшигчийн нэр хүндэд шууд байдлаар халдсан сөрөг довтолгоонд бэлтгэн, пиарын багаа чангалсан талаар тус нам дахь эх сурвалжууд тодотгож буй юм. Сүүлийн өдрүүдэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж өгөхийг шаардсан цуглаан Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд үргэлжилж байгаа. Эрх баригч намын пиарын баг М.энхболд руу чиглэсэн уг жагсаалыг хэвлэлийнхний анхааралд өртүүлэхгүй байх чиглэлд онц ихээр анхаарал хандуулж байх жишээтэй. Энэ нь ч аргагүй юм. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй ийм эмзэг, мэдрэг цаг үед МАН олон нийтийг хамарсан өдөөн хатгалгаас аль болох зайлсхийж, тайван эерүү байхыг чухалчлах зүй ёсны шаардлагатай нүүр тулж байна. Тиймээс ч агентлагууд төв талбайд тасралтгүй хийсэн ажлаа тайлагнаж, гишүүд нь нам жимхэн байдалд шилжин, ерөнхийдөө биеэ отсон, болгоомжилсон хэлбэрт орчихоод байгаа нь энэ юм.
PAPARATSI.MN

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа