Хямрал: Төрийн өмчийн машин хоёр дахин өсчээ


Эдийн засгийн хямралыг зөвхөн иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй, төр ч бас тансаг хэрэглээгээ хумина гэдгээ эрх баригчид амалсан. Гэвч, наанаа хямрал ярьсан Монголын төр цаанаа тансаг хэрэглээнээсээ татгалзаж чадахгүй байна. Ардчилсан намын үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төсвийн мөнгөөр  тансаг зэрэглэлийн жип машин авахыг хориглож байсан билээ.

 

Гэвч, 2017 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн байгууллагуудын хэрэглээнд зориулж төсвийн мөнгөөр том оврын жийп машин тавыг худалдан авчээ.

 

Харин 2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж:

 

  • 13.7 тэрбум төгрөгөөр Land 200 маркийн машин 119

  • 2.9 тэрбум төгрөгөөр Nissan Patrol маркийн жийп 40

  • 2.3 тэрбум төгрөгөөр Lexus 570 маркийн 13 машиныг шинээр худалдан авсан байна

  •  

 

“2012 оны үед төрийн өмчид 12 мянга гаруй автомашин бүртгэлтэй байсан бол энэ тоо 2016 онд 22 мянга болж нэмэгдсэн. Гэхдээ цаашид төрийн өмчийн машин тоог нэмэгдүүлэхгүй. Тооллого явуулж, шатахуун их зарцуулдаг 200 орчим машиныг хураан авч, дуудлага худалдаагаар зарна” гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар яриад төрийн өмчийн машиныг хэрэглэх норм нормативыг нь зөв тогтоохгүй бол дарга болгон төсвийн мөнгөөр машин унахыг хүсдэг тухай ч учирлав.

 

Эндээс харахад төрийн өмчийн машиныг хэрэглэх норм нормативыг нь зөв тогтоохгүй бол төсвийн мөнгөөр машин унахыг хүсдэг албан тушаалтнуудын тансаглал хэрээс хэтэрч байгааг хариуцлах байгууллагууд нь ч хүлээн зөвшөөрч байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчид бүртгэлтэй 22 мянга гаруй машины зардалд төсвөөс сард хэдийг зарцуулдаг талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад энэ талаар нарийн тооцоо байхгүйг хэллээ.

 

ДАРГА НАРЫН МАШИНЫ НЭГ ЖИЛИЙН ЗАРДАЛ ТАВИНТЭРБУМ ТӨГРӨГ


Одоогоос нэг жилийн өмнө дээр доргүй эрвийх дэрвийхээрээ хэрэглээгээ хумиж, төсвийн таналтад хувь нэмэр оруулах үүргийг тухайн үеийн Ерөнхий сайд өгснийг дээр дурдсан. Нэн тэргүүнд төрийн байгууллагынхны тансаг, үрэлгэн зардлыг буруулахын тулд төрийн байгууллагынхны хөлөглөдөг унаа, тэрэгийг хязгаарлахаар болсон юм. Гэвч, харамсалтай нь Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг санаж, хэрэгжүүлж байгаа байгууллага өнөөдөр алга. Энэ талаар асуухад “Удахгүй шатахуун их зарцуулдаг, зардал өндөртэй жийпүүдийг суудлын жижиг тэргээр солих ажил эхэлнэ” гэсэн үгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан ам таглаж байна.

 

2016 оны эхэнд төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байжээ. Үүний 800 гаруй нь том оврынх, өөрөөр хэлбэл, шатахуун их зарцуулдаг, тансаг зэрэглэлийн автомашин аж. Харин 159 нь дунд оврын автомашин юм. Тансаг зэрэглэлийн жипүүд шатахуун “уудаг”, дээр нь сэлбэг хэрэгсэл нь үнэтэй гээд төсөвт багагүй дарамт учруулдаг аж. Нэг том оврын жип гэхэд жилдээ 4000 орчим литр шатахууныг зарцуулдаг байна. Мэдээж энэ шатахууны мөнгийг нь төр даана гэсэн үг.

 

Төрийн албаныхны унадаг автомашин болон дагалдах зардлуудад буюу шатахуун, гарааш, жолоочид жилдээ хэдийг зарцуулдаг вэ гэвэл сонирхолтой тоо гарч байна.

 

  • Шатахуун - 16.3 тэрбум төгрөг

  • Гарааш - 3.6 тэрбум төгрөг

  • Сэлбэг хэрэгсэл - 5 тэрбум төгрөг

  • Жолоочийн цалин - 25 тэрбум төгрөг

  • Нийт дүн - 50 тэрбум төгрөг

 

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР ХАМГИЙН ИХ МАШИНТАЙ


"Эрдэнэт" үйлдвэрээс өгсөн захиалгаар өнгөрсөн арваннэгдүгээр сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шинээр Lexus 570 авч өгчээ. Хуучин машиныг нь гурван сарын өмнө Баруун бүсийн эрчим хүчний систем рүү шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тухайн машиныг нь авч, унаагүйг тус газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар тайлбарлаж байв. Төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хамгийн их буюу 600 гаруй машинтай нь "Эрдэнэт" үйлдвэр гэнэ. Гэхдээ үүнд том оврын ачааны машин, кран, ковш багтаж байгаа. Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын машины асуудал олны анхаарал татаж байгаа. Ерөнхий захирал нь албан тушаалдаа томилогдсон даруйдаа 300 сая төгрөгөөр шинэ LX 570 автомашин авч унаснаа өөрөө  баталгаажуулаад байгаа юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн мэдээгээр энэ жил хуваарилалт хийсэн 140 машины 50 орчим нь туулах чадвар өндөртэй жийпүүд байжээ.

Төрийн байгууллагуудад ажилладаг дарга болгон машин унах эрхгүй. Зөвхөн яамдын сайд нар албан ажлын, Төрийн нарийн бичгийн дарга нар нь албан хэрэгцээний, дуудлагын машин унах журмыг тогтоосон Засгийн газрын 2014 оны тогтоол бий. Харамсалтай нь, энэ тогтоол төрийн байгууллага дээр зөрчигдсөн хэвээр байна.

 

Эх сурвалж: NEWS.MN

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Эх сурвалж: NEWS.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна