МАН-д Үндсэн хуулийг яаралтай өөрчлөх чин хүсэл байгаа юу


-ХОЁР ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦОО БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГААН ЖИЛ БАЙХ АСУУДЛУУД ДЭМЖЛЭГ ХҮЛЭЭСЭНГҮЙ-


Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Улмаар зөвлөлдөх зөвлөлөөс санал асуулгын хариуг ерөнхий байдлаар нэгтгэн, УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт гардуулав. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хийх асуудлын хүрээнд зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн санаа бодлыг тандах чиг үүрэг бүхий уг зөвлөлийн хийх ажил үндсэндээ шувтарч байна.

 

Одоо зөвлөлдөх санал асуулгын хариуд үндэслэн,Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах уу гэдгээ ард нийтээс асуух үлдэж байна. Эхний удаад зөвлөлдөх санал асуулга засгийн газрын бүтэц, ерөнхийлөгчийн томилогдох хугацаа болон эрх үүргийн хүрээ, парламенын тогтолцоо, засаг захиргааны нэгжийн хуваарлилт, төрийн албаны тогтолцоо, томилгоо гэсэн үндсэн зургаан чиглэлд түүврийн аргаар санал асуулга явагдсан.

 

Эндээс хоёр парламентын тогтолцоонд шилжих, ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаа зургаан жил байх гэсэн хоёр саналыг санал асуулгад оролцогсод дэмжээгүй юм. Тэгэхээр энэ чигийг баримжаалах замаар ард нийтээс авах санал асуулгын агуулгыг дахин боловсруулна гэсэн үг.

 

Гэхдээ эхний удаагийн санал асуулгын агуулга онхи өөрчлөгдөнө гэсэн үг биш. Анхлан боловсруулахдаа ч тэр Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэлээд ерөнхий агуулгаар нь харж, тодорхой асуудлуудыг ингэж өөрчилбөл ямар бэ гэх үүднээс асуулгаа гаргасан нь харагддаг. Тодруулбал,өмнөх парламентийн үед өргөн баригдаж байсан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс чиг баримжаа авах замаар ерөнхий зургаан асуудлыг л тодотгож өгөөд байгаа юм.

 

-ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ЧИН ХҮСЭЛ БАЙГАА ЮУ-


Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажилласан Д.Лүндээжанцан гишүүн УИХ-аас яаралтай ажлын хэсэг гаргаж, ард нийтийн санал асуулгын ерөнхий агуулгыг боловсруулах учиртайг танхимын гишүүддээ сануулсаар буй. Ажлын хэсэг ингэж идэвхтэй ажиллаж чадвал ерөнхийлөгчийн сонгуулиар ард нийтийн санал асуулгыг давхар зохион байгуулах замаар зардал хэмнэх боломжтой. Нөгөө талаар сонгуультай зэрэгцүүлснээр иргэдийн оролцоо харьцангуй өндөр байх давуу талтай.

 

Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс энэ асуудалд яг таг тодорхой хариулт өгөхгүй байгаа нь анхаарал татна. Тэрээр уг асуудалд долоо хэмжиж, нэг огтлохын үлгэрээр хандана гэдгээ тодотгож, тодорхой хугацаа заасан асуудлаар байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам парламентад олонхи болоод удаагүй байхдаа Үндсэн хуулиндаа шууд өөрчлөлт хийх үү гэдэг нь жинхэнэ асуудал юм.

 

Ард нийтийн санал асуулгын ерөнхий агуулгад одоогийн сонгодог парламентыг өөрчлөх агуулга бүхий хоёр парламент байгуулах асуудлыг тусгаж өгөхгүй байя гэж бодъё.Гэвч  засгийн газрын бүтэц, төрийн албаны толцолцоо, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийхэд л арайхийж хийж учир зүгээ олж байгаа сандал ширээний хуваарлилт нь дахиад л задрах өндөр эрсдэлтэй. Эрх баригч намын гишүүд ч тэр ганц парламенттай байхдаа учраа олохгүй байгаа хүмүүс орон нутгаас баахан хүмүүс авчирч суулгаад, бүр ч эх адаггүй хэрүүлийн далай үүснэ гэсэн байр суурь илэрхийлж буй. Цаашлаад холбогдох өөрчлөлтүүдийг төсөөлж ч чадахгүй суугаа гишүүд олон.

 

Тодорхой учир зүйтэй ийм шалтгаанууд байгаа учраас УИХ-ын даррга, МАН-ын дарга М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулна гэж түрүүлж дууграхгүй байж болох. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ард түмэн татвар нэмлээ, тэтгэврийн насыг 65 болголоо, улс орныг өрөнд унагалаа гээд төр засагтаа бухимдалтай хандаж байгаа. Энэ бухимдлыг арилгахын тулд МАН үндсэн хоёр сэдэв гаргасан гэж би хувьдаа харсан. Үүний нэг нь Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриа.

 

МАН-ынхан бодож байгаад өмнөх парламентын үед Н.Батбаярын ярьж байсан санаануудаас бага багаар нь татаж, зөвлөлдөх санал асуулгынхаа агуулгыг босгосон. Олон нийт энэ асуудлыг ярьж байх хооронд тэд ерөнхийлөгчийн сонгуулиа хийчихнэ. Энэ нь иргэн бүрийг завгүй байлгах, анхаарлыг сарниах гэсэн нэг пиар технологи юм. Яг бодит байдал дээр МАН 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөхгүй. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр маргааш нь сонгууль болно. Өнөөх хоёр танхимын асуудал нь сөхөгдөнө. Ийм эрсдэлтэй нөхцөлд гишүүд дахин сонгууль хийе гэж хүсэх үү. Хүсэхгүй. Тэгэхээр МАН-ын явуулж буй зөвлөлдөх санал асуулга явуулах ажил шал худлаа зүйл” гэсэн байр суурь илэрхийлсэн нь  анхаарч үзэхүйц өнцөг юм.

 

Medee.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна