УИХ-ын зарим гишүүн “Улсын Их Хурал /УИХ/ энэ долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгэн “харамсалтай” шийдвэр гаргалаа” хэмээн тодотгож байгаа юм. УИХ хоногийн өмнө олонхийн саналаар баталсан тогтоолын төслөө олонхийн саналаараа хүчингүй болгож байна. Учир юу гэвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалт буюу Монголын баялгийн ашиг Монголын банкаар дамжих ёстой гэсэн утга бүхий заалтаас болж Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдах ажилд гацаа үүсээд байгаа билээ. Тиймээс эрх баригч намынхан бүлгийн хурлаараа уг асуудлыг хэлэлцээд, дээрх заалтыг өөрчлөх шийдвэрт хүрсэн юм.
Өнөө, маргаашгүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар явсан Сангийн сайд “14 хоногоор хойшлууллаа” гэсэн албан мэдээтэй буцаж ирсэн. Учир нь, уул уурхайн хөрөнгө оруулагчид тэр дундаа “Рио тинто” ОУВС-д гомдол мэдүүлж, шахалт үзүүлсэн байдаг. Харин Валютын сангийнхан “Танай улс валютын урсгалдаа хяналт тавьж байгаа бол дахин хэлэлцээр хийнэ” гэж хэлсэн байна.
Энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй гэж тайлбарлаж байгаа эрх баригчид даруйхан хуралдаж, дээрх тогтоолын заалтыг өөрчилсөн нь энэ. Үүнийг эсэргүүцэж байгаа гишүүд ч цөөнгүй бий. Нэг ёсондоо Засгийн газар “Рио Тинто”-ийн шахалтад бууж өгч байгаа хэрэг гэдгийг ч тэд тодотгож байна. Уг нь дээрх заалт “Рио Тинто”-д ямар ч хамааралгүйг УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа.
Анх Оюутолгойн гэрээ зурагдахад “Рио Тинто” мөнгөн урсгалаа гадаадын ийм банкаар явуулна” гээд тодорхой заагаад өгчихсөн. Үүнийг Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт сайн мэдэж байгаа гэдгийг ч хэлж байгаа. Гэтэл ямар ч хамааралгүй байхад Засгийн газарт шахалт үзүүлж, дээрээс нь ОУВС-д гомдол мэдүүлж буй нь “Рио Тинто” манай улсыг дэндүү доромжилж байгаа хэрэг болж байна.
Монгол Ардын Намын бүлгийнхэн дээрх асуудлаар хоёр өдөр хуралдаж, тус заалтыг өөрчилнө, өөрчлөхгүй гэж нэлээн “хэрэлдсэн”-ий эцэст олонхиороо өөрчлөхөөр болсон. Үүний дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хороонд “2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүслээ” гэх утга бүхий бичгийг ирүүлсэн байдаг.
Дээрх заалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн 65.5 хувийн саналаар хүчингүй болгосон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой гэсэн заалт хүчингүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчид манай улсын баялгийг ашиглаад, олсон орлогоо дотоодын бус гадны банкуудаараа дамжуулах эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Хэрэв энэ заалт хэрэгжээд явсан бол цаашдаа Монголын эдийн засагт асар их ач холбогдолтой гэдгийг УИХ дахь эдийн засагч гишүүд хэлж байгаа юм.
-НЭГ КОМПАНИЙН ЭРХ АШИГ ОУВС-Д МОНГОЛ УЛСААС ДЭЭГҮҮР БАЙНА-
Дээрх заалтыг хүчингүй болгохыг эсэргүүцэж хэд, хэдэн гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар “Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй” гэсэн бол дээрх заалтыг оруулж ирсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Рио Тинто захиа бичсэн байна. Бидэнд арга байсангүй” гээд гадны нөлөөтэй юм яриад байдаг.
Хувь заяагаа бид өөрсдөө шийдэж чадахгүй байна. Нэг компанийн эрх ашиг ОУВС-д Монгол Улсаас дээгүүр байна. Хэдхэн хоногийн өмнө гаргасан тогтоолоо өөрчилж байна. Энэ бол томоохон ялагдал, ухралт юм” гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Үнэхээр хүнд, гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах нөхцөл бүрдэв гэдгийг Монголын ард түмэн тунгаагаарай. Гэхдээ бид аль болох энэ хүндрэлийг хурдан даван туулж, ард түмнээсээ танасан тэр бүх нийгмийн халамж, тэтгэмжийг эдийн засаг тогтворжсон үед буцааж нэмнэ” гэсэн.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна. Нөгөө талаар Монголын ард түмний ой санамж гэж юм бий. Ийм хэмжээнд хүргэх гэрээ байгуулсан, ийм байдадд хүргэсэн улс төрийн хүчин, улс төрч байгаа. Үүнийг бас битгий мартаасай. Хариуцлагын асуудал яригдах байх аа” гэсэн байр суурь илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, Т.Аюурсайхан нарын гишүүд “Монголын төр нэг компанийн халаасанд орчихлоо. Ийм их баялагтай байж цагаан тугаа өргөнө гэдэг бол гутамшигтай” гэх эсрэг байр суурь илэрхийлсэн.
Яалт ч үгүй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, эдийн засгаа сэргээхээс өөр аргагүй гэж “орилоод” байгаа эрх баригчид олонхиороо хүч түрэн дээрх заалтыг хүчингүй болгосон юм. Энэ сарын сүүлээр дахин хэлэлцээрт орж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх шийдэгдэхээр болж байна.
Medee.MN
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна