Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баян Монгол” хорооллын хажууд “Ноmе рlаzа” хэмээх барилга баригдсаныг эсэргүүцэн оршин суугчид дахин тэмцэж эхэлжээ. Одоогийн байдлаар, нийтдээ 300 гаруй иргэн эсэргүүцлээ дахин илэрхийлж, амгалан тайван байдлынхаа төлөө гарын үсэг цуглуулж, СӨХ болон холбогдох төрийн байгууллагад хандахаар төлөвлөөд буй юм байна.
Анх энэхүү газарт дөрвөн замын уулзвар барихаар төлөвлөж байсан ч зөвшөөрөлгүйгээр “Ноmе рlаzа”-г барьжээ. Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага баримт бичигт тусгаад байгаа төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг хааж барьсан байна.
Ямар учраас нийтийн эрх ашгийг зөрчиж, томоохон худалдааны төв болон шөнийн цэнгээний газар, дээд зэрэглэлийн гэж хэлж болохуйц “One event hall”-ыг барих болсныг эргэн саная.
Эдгээр барилгын ард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй байдаг гэлцдэг. Тэрбээр дөрвөн замын уулзвар барих ажлыг болиулж, нийслэлийн Газрын албаны дарга байхдаа эрх мэдлээ ашиглан дээрх барилгыг барьсан байдаг. Газрын зөвшөөрлийг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр олгож байжээ. Мөн тус төвд байрладаг “Минт” гэх баарнаас асуудал тасардаггүй, үйл ажиллагааг нь хариуцдаг гүйцэтгэх захирлаар нь Э.Нандинзүрхийн дүү Хангал, Ц.Сандуйн дүү Сэргэлэн нар ажилладаг гэх мэдээлэл бий.
Хэрэв дөрвөн замын уулзвар баригдсан бол автомашин чөлөөтэй нэвтэрч, ямар ч түгжрэлгүй зорчих байсан юм. Гэтэл төмөр замын гармаар түгжрэл үүсдэг хэсэгт дахин урсгал хааж, “Ноmе рlаzа”-г барьсан нь олон хүндрэл дагуулж байна хэмээн оршин суугчид эсэргүүцэж буй юм.
-ӨДӨР НЬ ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ШӨНӨ НЬ БААРНЫ ДУУ ЧИМЭЭ-
Оршин суугчдид ямар учраас олон удаа гомдол гарган эсэргүүцэж байгаа талаар тодруулбал, “Ноmе рlаzа”-гийн барилга болон “Оnе еvеnt Наll” баригдан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь тэр хавийн түгжрэлийг ихээр нэмэгдүүлж, амьдрах орчин нөхцөлийг хаасан байдалтай байна.
Мөн тэнд явган хүний зам ховор. “One event hall” гэх дээд зэрэглэлийн, өртөг өндөртэй цэнгээний газар болон “Минт” гэх баар нь үүр цайтал ажилладаг. Тэр хавиар өглөө болтол согтуу, хөлчүү хүмүүсийн хөл тасардаггүй, орон сууцууд дунд орилж, хашгичиж оршин суугчдын тайван байдлыг алдагдуулдаг. Тэр хавьд ямар ч зай талбайгүйгээс автобусны буудал барих боломжгүй. Мөн 16:00 цагаас хойш машины түгжрэл дээд цэгтээ хүрдэг зэрэг олон шалтгаан нөхцлийг дурдаж байгаа юм.
Уг нь “Home plaza” болон “One event hall”-ын оронд дөрвөн замын уулзвар барьсан бол замын түгжрэл болон дэд бүтцийг шийдсэн томоохон бүтээн байгуулалт болох байжээ. “Ноmе рlаzа”-гийн зүүн талын барилгууд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд, харин баруун тал нь Хан-Уул дүүрэгт тус тус харьяалагддаг байна.
Баязүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн дунд Орон нутгийн хөгжлийн сангаас хэд хэдэн чиглэлээр судалгаа явуулжээ. Энэ үеэр оршин суугчид ихэнхдээ “Ноmе рlаzа”-гаас болж ямар ч тав тухгүй, бухимдал дунд амьдарч байна хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Замын цагдаагийн газар болон дүүргийн цагдаагаас судалгаа авсан бөгөөд 350 оршин суугч “Ноmе рlаzа”-тай холбоотой гомдол гаргаж гарын үсэг зуржээ.
Оршин суугчдын зүгээс цаашдаа “Ноmе рlаzа”-гийн барилгыг нураах, эсвэл төмөр замыг дамнасан гүүрэн зам барих ажлыг яаралтай эхлэхийг уриалж байгаа аж.
“Ноmе рlаzа” анх баригдаж байх үедээ нурсан түүхтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан байцаагч нар “Home plaza” төвд шалгалт хийж, тус төвийн барилгын гурван давхарын төмөр бетон бүтээцийг цутгах хэв, хашмалын технологийг боловсруулаагүй, 12.4 метр өндөр зайд угсрах тулаасын даацын чадварыг тогтоолгоогүй, үүнээс шалтгаалан бетон цутгалт хийж нягтруулах явцад уг давхарын цутгамал төмөр бетон бүтцүүд нурсан гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
Зөвшөөрөл болон барилгын стандарт, нийтийн эрх ашгийг үл тоон худалдаа үйлчилгээний байгууламж барьж, олон иргэний эрх ашгийг хөндсөн барилгыг нурааж дөрвөн замын уулзвар барихгүй юмаа гэхэд ядаж шөнийн баарны үйл ажиллагааг зогсоохыг иргэд өнөөдрийг хүртэл шаардсаар иржээ.
Medee.MN
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна