-ЭХЛЭЛТЭЙ Ч ӨРНӨЛГҮЙ БАГА ХУРАЛ БОЛОВ-
МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр боллоо. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж,тус намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгалаахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын таван хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар санал солилцсон.
Удирдах зөвлөлийн хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Намын дүрэм журам, хувь хүнийхээ зангарагаар би ахмад үеэ хүндэлнэ. Та бүхнээс хэн нь нэр дэвшсэн ч би дэмжих болно. Намын даргатайгаа олон жил хамтран зүтгэлээ. Ц.Нямдорж даргын хувьд тэр, дэмжээд явна” гэсэн утгатай өмнөтгөл хэлж, нэрээ татсан байна. Харин өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд ерөнхийлөгчид энэ удаа нэр дэвших бодолгүй байсан тул нэрээ татсан аж. Ө.Энхтүвшин гишүүний хувьд ч тэр, намаас нь нэрээ тасан гэх албан мэдээлэл өгч буй юм.
МАН-ын дүрмийн дагуу Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэх боломж байсан ч тийм үйлдэл гарсангүй. Удирдах зөвлөлөөс Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэрийг оруулсан нь “Энэ намд дотоод ардчилал байгаа” гэсэн эерэг мессеж масст өгөх зорилготой байж болох. Ерөнхийдөө хурлын уур амьсгал маш тайван, ойлгомжтой, цэвэр М.Энхболдыг дэмжсэн өнгө аястайгаар болсон нь дээрх таамгийг батална. Бага хурлын 259 гишүүнээс ердөө 37 хүн л Ц.Нямдоржид санал өгчээ. Үүнд Ц.Нямдорж гишүүн ч гудайсангүй, М.Энхболдыг тайзан дээр үнсээд л өнгөрлөө.
Бага хурлын гишүүд “Парламентад 65 суудал авч, засгийн газраа дангаараа байгуулах боломжийг намын дарга л бий болгосон. Тэгэхээр энэ хүнээ дэмжээд явах нь зүйтэй” нийтлэг байр суурь илэрхийлж байв. Ингэж ерөнхийлөгчид нэр дэвшигч нь санал хураалтаар ялсныхаа дараа хэлэх үгээ хүртэл бэлтгэсэн байсан, тодорхой хурал болж өнгөрөв.
-ГУРВАН СУУДАЛ ЭЗГҮЙРЧ, НЭГ ТОМ АМБИЦ БИЕЛЭХ ҮҮ-
Ингэж МАН-ын дарга М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх хэдэн жил дамнан яригдсан таамаг батлагдаж байна. Уг таамаг сүүлийн саруудад бүр ч идэвхжиж, эрх баригч нам дотор “М.Энхболдын” гэх гурван ч том суудлын эзэд хэн байх талаархи асуудал яригдах болсон. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж гэмээнэ, одоогийн УИХ-ын даргын суудлаас гадна МАН-ын даргын суудалд шинэ томилгоо хийгдэнэ. Үүнээс гадна УИХ-ын даргын тойрогт нөхөн сонгууль явагдах шаардлага үүсэх юм.
Эрх баригч нам дотор М.Энхболдын тойрогт Нийслэлийн засаг дарга Су.Батболд очиж, нэр дэвшинэ гэх яриа хөвөрсөн. Мөнхүү М.Энхболд өөрийнхөө ойр тойрноос хүн дэвшүүлэхээр тооцсон ч энэ асуудлыг нам дарж байгаа гэх таамгийг намынх нь нөхөд дэвшүүлэх нь ч бий. Ямартай ч парламент дахь суудлынх нь төлөө МАН-аас хэн нэр дэвших нь одоогоор маш нууцлагдмал байна.
Харин МАН-ын даргын тухайд ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэр яригдаж буй. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга засгийн газраа удирддаг хуульчлагдаагүй жишгээр ч тэр, энэ албанд хамгийн түрүүнд түүний нэр яригдах нь тодорхой юм. Намын гишүүдийнх нь яриагаар, Ж.Эрдэнэбат энэ амбицаа ч нуухгүй байгаа гэх. Улмаар УИХ-ын дарга хэмээх өндөр сэнтийд нь Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар горилж буйг тус намын доторхи шивэр авир яриа илчилсээр байна.
Магадгүй, Бага хуралд ерөнхийлөгчийн сонгуульд намынхааа даргатай ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө өрсөлдсөн Ц.Нямдоржийн шийдэл УИХ-ын даргад яригдах суурь бэлтгэл ч байж болох. Чимээгүй байдлаар нэр нь дурдагдсаар байгаа Ө.Энхтүвшин гишүүний хувьд мөн л УИХ-ын дарга болох том амбицаас ухрахгүй. Гэвч эдгээр эрхмүүдтэй зэрэгцээд олон нийтийн дунд маш өндөр нэр хүндтэй, намынхаа зүүний хүчинг тэр чигээр нь баздаг У.Хүрэлсүх гэдэг хүнийг хэрхэх асуудал ч гарч буй юм. Намын даргад хамгийн сайн тохирох хүн гэсэн итгэл үнэмшлээр У.Хүрэлсүхийг олон гишүүд нь дэмжих ч тал бий.
Гэхдээ эдгээр асуудлууд дээр хэлсэнчлэн, М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар бодит байдлаар яригдаж, жинхэнэ утгаараа ажил хэрэг болно. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх маш том амбиц, хүлээлтийг олон жил өвөрлөж яваа хүний хувиар МАН парламентад олонхи болсон таатай цаг үед нэр дэвших шийдлээ хийлээ. Нийслэлийн засаг дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайд гэхчлэн улстөрийн бүхий л том албан тушаалыг тэр хашиж үзсэн. Үлдсэн нь ерөнхийлөгчийн өндөр сэнтий байна. Тэр утгаараа түүний чухамхүү чин хүсэл нь ерөнхийлөгч болох явдал гэж тодотгож ч болно. Гол нь ерөнхийлөгчийн үр дүн ямар байх бол.
Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна