Х.БАТТУЛГА: Ц.НЯМДОРЖИЙН ТАГНУУЛЫН ХЭРЭГ Р.ЧИНГИСИЙН ХАЖУУД ЖОЛДОХ ЦАГ Ч ИРЭХ БАЙХ ШҮҮ


Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Горилогсдын эл жагсаалтад бага зэрэг өөрчлөлт орж Э.Бат-Үүл АИХ хөдөлгөөнийхөнтэйгөө хамтран Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох уриалгаа дэвшүүлж эхэлсэн бол МоАН санаачилгын лидер, УИХ-ын гишүүн Лу.Болд нэр дэвшихээр горилогсдын тоонд орчихсон яваа. Харин “Нэр дэвших магадлалтай” гэгдэж байсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү энэ удаад өнжиж байгаа аж.

 

            Муу нэр, луу данстай нөхөд ийнхүү АН-аас нэр дэвшихээр горилж байгаа нь олон нийтийн зүгээс ч багагүй шүүмжлэл хүлээгээд байна. Гээд яах вэ. “Жаран чавганц уралдаж нэг нь түрүүлдэг” хойно дээрх эрхмүүдийн аль хүчтэй, нөлөөтэй нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ял зэмээс мултрах гарцаа эрэлхийлэх биз ээ. АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэмт бүлэглэлтэй тэмцэнэ” гэдгээ илэрхийлсэн бол Д.Дорлигжав “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэж байгаа. Харин “Тогтуун хүч” имижтэй экс гишүүн Р.Амаржаргалыг “Ц.Элбэгдоржийн халаасны хүн” гэх хардлага бий. УИХ-ын 2016 оны сонгуульд Баянхонгор нэр дэвшиж ялагдсан Х.Баттулга бөх, нэвтрүүлэг гэж улс төрөөс тайм аут авсны эцэст өнгөрсөн долоо хоногт цочир мэдэгдэл хийлээ. “Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Намын нөхдөөрөө шийдүүлнэ” хэмээсэн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагаараа өнгөрсөн сонгууль, өөртэй нь холбоотой хэрэг, мөн ЦЕГ-ын экс дарга Р.Чингисийн талаар тун ноцтой зүйлийг ярив. АН-ын ҮБХ-д нэр дэвших үеэрээ “Намайг компаниасаа их хэмжээний мөнгө гаргасан гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа” гэж хэвлэлийнхэнд ярьсан түүний өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагаас ноцтой, но-той гэмээр мэдээллийг энд онцолъё.   

 

1.    Цэвэр гүтгэлэг юм чинь юу болж дуусах нь тодорхой биз дээ. Намайг өнгөрсөн хугацаанд ганцхан удаа 30 минут орчим байцаасан. Сайд байхдаа хийж байсан хамаг хөгжлийн хөтөлбөр, төслүүдийн ТЭЗҮ, бодлогын бичиг баримтуудыг яамдаас учир битүүлэг байдлаар хураагаад авчихсан.

 

2.    Би төрийн том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах зардлыг хувиасаа гаргаад явж байсан, 20-оод тэрбумыг гаргасан нь харин энэ хэрэг явдлаар тодорхой болсон ш дээ. Байцаагч нар нь харин учиртай, юм ойлгодог хүмүүс шиг санагдсан шүү. Яг үнэндээ бол намайг хэрэгтэн болгох гэсэн явуулгын цаана Чингис гэдэг цагдаагийн дарга л байсан юм билээ. Тэр дарга урд хөршөөс ашиг орлогын хамааралтай бизнес бүлэглэлийн нөлөөнд орсон. Тэгээд тэдний даалгавраар, тэдний ашиг орлогод саад учруулсан хүмүүсийг онилж, УИХ-д оруулахгүй байх зохион байгуулалттай ажил хийсэн юм билээ. Энэ их ноцтой асуудал шүү. Дээшээ болохоор худлаа хэрэг зохиож яриад, сүр бадруулж байгаад баривчлах, нэгжих зөвшөөрөл авахаар оролдсон байдаг юм. Хожим нь эрх мэдлээ хэтрүүлж УИХ-ын гишүүд, сайд нарыг тагнаж байсан нь илэрсний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг цагдаагийн дотоод эх сурвалж хэлж байгаа.

 

3.    Надад нэг хардлага бий. Р.Чингис хөгжлийн бодлогын бичиг баримтуудыг яах гэж авав. Ц.Нямдоржийн тагнуулын хэрэг үүний хажууд жолдох ч цаг ирэх байх шүү. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох бичиг баримт хэнд хэрэгтэй байх вэ. Тэнд УИХ, Засгийн газрын нууцын зэрэглэлтэй тогтоол, шийдвэрүүд, маш олон том төслийн ТЭЗҮ, газар, ус хөрсний гэх мэт асар олон судалгаанууд байгаа.

 

4.    Р.Чингисийг “сумлаж” байсан цаад бизнес бүлэглэл нь өс авах, урдаас орлого хамахад нь саад болох хүнгүй болох зорилгоор сонгуулийг ч будилаантуулсан. Ардчилсан нам сонгуульд муу оролцсон гэхэд 65 суудал МАН авах ямар ч нөхцөл байгаагүй. Сонгууль болоогүй луйвар болсон. Магадгүй МАН-ынхан өөрсдөө ч мэдээгүй өнгөрсөн байх.

 

5.    Царцаа зөөх энэ тэр бол жижигхэн шүү! Цахим аргаар санал луйвардсан гэхээр шинж тэмдэг илэрсэн. Би ялагдчихаад гоншигонож байгаа юм биш, их сонин баримт дэлгэе. Хуучин Иргэний бүртгэлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга байсан Б.Чинбат, Иргэний бүртгэлийн мэдээллийн технологийн хэлтэст инженер байсан О.Чинзориг, сонгуулийн үеэр санал авах автомат машины тохиргоог хийж байсан Б.Билэгдэмбэрэл гэж албан тушаалтнууд Ардчилсан намын үед эдгээр ажилдаа томилогдон орсон. МАН засгийн эрх аваад бүх хүнийг халж, сольж байхад энэ гурван хүн л тушаал дэвшиж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга болсон гэх мэдээлэл надад ирсэн. Шалгах ёстой. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн шинж тэмдэг шүү! Р.Чингис болоод бусад эрх мэдэл, албан тушаалтай байсан хүмүүсийг энэ асуудлаар шалгах зайлшгүй шаардлага бий.

 

Эх сурвалж: http://www.analiz.mn/postview/7664


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна