“Монполимет”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хуульзүйн байнгын хорооны хурал дээр Зөрчлийн тухай хуульд гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал оруулсныг гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Үүний балгаар зурагт, сонин, сайтууд эсэргүүцэл зарлаж монголчуудын мэдэх эрх зөрчигдөж, дээр дооргүй л сандарцгаалаа. Гүтгэх заалт гэхээс илүүтэй иргэн таны мэдэх эрхэд шууд халдсан энэ заалтаа Ц.Гарамжав гишүүн хамгаалсаар байна гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, “Нийгэм дээр дооргүй хүмүүсийг гүтгэх явдал хэрээс хэтэрч байгаа. Би нэг салбарыг онцолж хэлээгүй. Гэтэл хэвлэлийнхэн өөрсөддөө нааж ойлгож байгаад харамсч байна” хэмээлээ. Гэвч эрхэм гишүүн яаж ч тайлбарласан энэ бол иргэдийн мэдэх эрхэнд халдсан асуудал байсан юм. Хэвлэл мэдээллийг хэн дуртай нь яллах, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт орчин хумигдаж, Ардчилсан Монгол Улсад амаа үдүүлэх хуулийн заалт байсан гэхэд хэтийдэхгүй.
Гүтгэх гэсэн муухай үг хэрэглэж байгаа ч энэ бол иргэний болон хэвлэл мэдээллийн хардах, улстөрчийн болон бусдын нийгэмд үйлдсэн бусармаг үйлдлийг олон нийтэд ил тод мэдээлэх эрхийг шууд хаасан заалт гэдэг нь тодорхой байсан. Тиймдээ ч хэвлэл мэдээлэл иргэдийнхээ өмнөөс, тэдний мэдэх, бас хардах эрхийн төлөө эсэргүүцлээ нэгтгэсэн. Ард түмнээ харанхуй байлгаж, өөрсдийн хийсэн бусармаг үйлдлээ нуух зорилготой энэхүү зүйл заалтыг дан ганц Ц.Гарамжав гишүүн дэмжээгүй. Эрхэм гишүүний торгууль нэмж оруулсан заалтыг Н.Оюундарь, Х.Нямбаатар, Н.Учрал, Ж.Ганбаатар нарын гишүүд дэмжсэн сурагтай.
Зарим хэвлэлээр сэтгүүлч мэргэжилтэй М.Оюунчимэг гишүүн дэмжсэн хэмээсэн ч эрхэм гишүүн өөрөө үгүйсгэсэн билээ. Тэд хэрвээ хэвлэлээс зугтаж, хэвлэл мэдээллээр гарахыг хүсээгүйдээ ард түмний мэдэх эрхийг хязгаарлахаар улайрч буй бол ирэх дөрвөн жилд эдгээр улстөрчдийн талаар нэг ч үг үсэг бичихгүй, бас нийтлэхгүй байх хэрэгтэй бус уу, хэвлэлийнхээн. Ингэж байж л тэд дөрөвдэх засаглал ямар чухлыг ойлгох учиртай юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN