Аймшигт үзүүлбэрийн эзэд “Black core” хамтлагийнхан “TOKYO NIGHT -2017”-гоор эргэн ирлээ


Өнгөрсөн жилийн “Авьяаслаг Монголчууд” шоугаар үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж, шалгуур өндөр Дээгийгээр Алтан баззер даруулж чадсан нэгэн бол иогчин Ц.Мөнхсайхан юм. Тухайн үедээ л монголчуудыг хоёр талцуулж, баззер дарсан Дээгийг сайшаах  хэсэг  байхад үлдсэн нь шаардлага хангахгүй үзүүлбэр гэж бас мэдэмхийрсэн нь бий.
Харин шоуны дараа өнөө “шил иддэг” залуу: “Дэлхийн хэмжээний шоунд өөр улсын оюун бодлын хүчээр үүссэн агуу түүхтэй энэ урлагийн төрлийг Монгол хүн  дэлхийн хэмжээнд эрсдэлээс эмээлгүй хийж чаддаг гэдгийг харуулахыг зорьсоныг минь дэмжиж байгаа ард түмэндээ миний бие баярлаж байгаа шүү. Ард түмнийхээ мөнгийг идээд таргалаад үхэхгүй байгаа хүмүүсийг бодвол шатсан ламп идсэн миний биенд бүү санаа зовоорой.
Олон жилийн хөдөлмөр туршлага байгаа болохоор улам ихийг харуулах болно” хэмээн нүүрномондоо постлож бас талцуулаад авсан удаатай. Түүнээс хойш  томоохон тоглолтууд дээр тэрээр шилээ идэж, хадаас, шилэн дээр хэвтэж, гал залгисан үзүүлбэрүүдээрээ үзэгч олны цөсийг хөөргөж,  бөөн бөөн адреналинийг “бэлэглээд” буй Мөнхсайхан олуулаа болжээ. Энэ удаад Ц.Мөнхсайхан ба түүний нөхдөөс бүрдсэн “BLACK CORE” extrem group-ийнхэн дөрөвдүгээр сарын 28-нд Бишрэлтийн “The Embassy” ресторанд болох “TOKYO NIGHT -2017”-г аймшигт үзүүлбэрүүдээрээ доргиох нь ээ.