ОФФШОРЫН ЭСРЭГ ХУУЛЬ: УИХ-ын гишүүн оффшор бүсэд эмчилгээ хийлгэхээр очихдоо данс нээлгэж болно


УИХ-аар төсвийн тодотголтой зэрэгцүүлэн төрийн өндөр албан тушаалтан оффшор данс эзэмшихийг хориглох утга агуулга бүхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Хуулийн төслийн бүтэн нэршил нь, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”. Уг хуулийг баталсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт орсон билээ.

 

Нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл ердөө хоёр хуудас. Хэдий тийм ч намрын чуулганы үеэр Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын гишүүд Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нам загнаж, эхний өргөн баригдсан хувилбарыг байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчид буцаах шийдвэр хүртэл гаргуулж байв. Гэвч УИХ байнгын хорооны саналыг хүлээж аваагүй учраас хуулийн төсөл үргэлжлүүлэн хэлэлцэгдэх визээ даруулсан билээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг тууштай эсэргүүцэж, ерөнхий сайд асан С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй хууль оруулж ирлээ гэж хурцаар шүүмжилж байв. Харин хаврын чуулганаар тус хуулийг батлах үеэр “Сайн хууль гарлаа” гэсэн утга бүхий хэвлэлийн хурал хүртэл хийж амжсан юм.

 

Ингэж эрх баригч намын гишүүдийг нэгэн үес хүчтэй талцуулахад хүргэсэн хуулийн төсөл эцэслэн батлагдаж, УИХ тамгын газарт ёсчлогдохоор хүлээгдэж байна. Ёсчлогдсон хуулийн төслийг ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлнэ. Ерөнхийлөгч ажлын тав хоногийн дотор хориг тавих бүрэн эрхтэй. Хориг тавигдахгүй бол хууль албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

 

Хуулийн төслийн талаар нэгдсэн мэдээлэл уншигчдадаа өгөх зорилгоор УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн эцсийн хэлэлцүүлгийн эхэд тухайлсан ямар заалтууд туссан байсан талаархи мэдээллийг хүргэж байна. Ерөнхийдөө хуулийн төсөл анхлан өргөн баригдсан хувилбараасаа нэлээд өөрчлөгдөж батлагдсныг энд зориуд онцлъё.

 

ХУУЛЬ: Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт:

 

10.1.1 Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон ХОМ гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх,хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.

 


 

10.1.2 Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр днүд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

 


 

10.1.3 Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан, Монгобанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн засгийн газар тогтооно.

 


 

10.1.4 Энэ хуулийн 10.1.2-д заасан нэр дэшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор  бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол гурван сарын дотор дараах арга хэмжээг авч, өмчийн байдалд өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор АТГ-д мэдүүлэнэ. Үүнд,

 


 

10.1.4.1 Нээлгэсэн банкны дансаа хаалгах

 


 

10.1.4.2 банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах

 


 

10.1.4.3 Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг  өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах

 


 

10.1.4.4 Хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох.

 


 

10.1.5 Албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банкинд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд энэ хуулийн 10.1.1 дэх хэсэг хамаарахгүй. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол АТГ-д бичгээр мэдэгдэнэ.

 


 

10.1.6 Энэ хуулийн 10.1.2, 10.1.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй.

 


 

10.1.7 Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.4, 10.1.5 дэх хэсэг заасныг зөрчсөн нь албан тушаалтны эгүүлэн татах үндэслэл болно.

 

ДҮГНЭЛТ: УИХ-ЫН ГИШҮҮД ОФФШОР БҮСЭД ЭМЧЛҮҮЛЭХЭЭР 
ОЧСОН БОЛ ДАНС НЭЭЛГЭХ ЭРХТЭЙ


Батлагдсан хуулийн төсөлд тусгагдсан тодорхой заалтуудыг дээр үзүүлэв. Ингэж хуульчилж өгсөнөөр,тухайн албан тушаалтан зөвхөн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хуулийн үйлчлэлд хамаарах юм. Сонгуульд нэр дэвшихдээ оффшорт данстай бол урьдчилан  мэдэгдэхэд л болно. Харин сонгогдсон хойноо оффшор дахь асуудлаа гурван сарын дотор цэгцлэх ёстой. Цэгцлэхдээ дансаа хаалгаж, хөрөнгөө татах замаар хувийн асудлаа зохицуулах нь ээ.Мөнхүү оффшор дахь хөрөнгө, хуулийн этгээдээ бусдад шилжүүлэх, худалдах, дуусгавар болох эрх нь хуулийн хүрээнд нээлттэй.

Гэхдээ албан тушаалтан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх явцдаа оффшор бүсэд данс нээлгэхэд хуулиар түүнийг хориглохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн оффшор бүсэд хамаардаг гадны оронд эмчилгээ хийлгэхээр очихдоо тэнд данс нээлгэх бүрэн эрхтэй. Үүнийгээ АТГ-д бичгээр мэдэгдэхэд л болно. Гол хуулийн цоорхой нь энэ юм. Хуулийн хүрээнд асуудлаа цэгцэлсэн л бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсч болзошгүй гэх үндэслэл болохгүй юм байна. Харин тухайлсан заалтуудыг зөрчсөн бол албан тушаалтныг эргүүлэн татах үндэслэл болгохоор зааж өгчээ. Хуулийн төслийн гол агуулгыг нь ердөө л ийм.

 

Түүнчлэн оффшор бүсэд ямар орнуудын тухайлсан хэсгүүдийг хамааруулах асуудлыг засгийн газраас тогтоохоор хуульчлагджээ. Хуулиндаа тухайлсан орнуудын нэр зах боломжгүй, гадаад орон гэсэн ерөнхий том нэрээр явуулж болохгүй гэх хэлэлцүүлгийн явц дахь маргаан явсаар засгийн газарт эрх нь хамаарах тусгагдсан нь энэ юм.

Эрх баригч нам шинэ засгийн газраа бүрдүүлсэн даруйдаа оффшорын асуудалтай хатуу тэмцэнэ, хуулиар хориглоно гэж мэдэгдэж байв. Харин яг хуулиа батлахдаа эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх зарчмаар “бөөрөнхий” хандсан нь дээрх заалтуудас харагдана. Олон нийтэд уг хууль батлагдсанаар оффшорт данстай гэгддэг С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй улстөрчдөд хариуцлага тооцно гэх нийтлэг хүлээлт байсан хэдий ч энэ асуудал талаар өнгөрөв.

 

ЭХ СУРВАЛЖ: Medee.MN


 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
9 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

12 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

12 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

12 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

12 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

13 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

14 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна