Монгол, Британийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан зургаа дахь уулзалт “Лондон, Монгол бизнес форум VI” 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд боллоо. Уулзалтад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Баяр болон Монголын төлөөлөгчид, Английн талаас Рио Тинто компани болон бусад бизнесийн төлөөлөгчид, сонирхсон иргэд оролцлоо.
Асуудлын зангилаа нь уул уурхайн асар нөөцтэй Монгол Улс эдийн засгийн хүнд уналтад орсон. Монголын төр засгийн бодлого нь тогтворгүй байдгаас томоохон хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй учраас жийрхдэг. Гэлээ гэвч шинэ хөрөнгө оруулагчдыг татан оруулахад чиглэсэн уулзалт болсон.
Яагаад бид ийм байдалд оров?
Монголын төрийн өндөр албан тушаалтнууд коррупцид идэгдсэн. Иймээс өөрсдийн эрх ашигт зохицуулж, хууль тогтоомжоо баталдаг тул хийсэн гэрээгээ цуцлах, гаргасан шийдвэрээ өөрчилдөг. Энэ нь бизнесийн үнэнч шударга зарчмыг алдагдуулж, хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Уул уурхайн олборлолтоос завшсан асар их мөнгөний урсгалыг өөрсдөдөө болон үр хүүхдэдээ оффшор данс нээлгэн гадагш байрлуулсан. Энэ нь Монголын эдийн засгийг уналтад оруулж, өрөнд бариулж, ард түмэн маань ядууралд орсон.
Юуны өмнө бид үүнийгээ засах ёстой.
Энэ санаагаа хэлэхийг бодсон боловч коррупци гэсэн үгийг сонсоод уулзалтыг удирдан зохион байгуулж байсан Жон Гроган миний яриаг шууд тасалсан ч С.Баяр руу хандан “Элчин сайд та энэ асуултад хариулж болох уу?” гэж микрофоныг түүнд шилжүүлж өгсөн юм.
С.Баярын хариултын гол утгыг хэлбэл (Түүний хариултын бичлэгийг хавсаргав)
-Авлигын тухай асуултад хариулъя. Энэ нь бидэнд хамаатай учраас. Би энд эх орныхоо авлигын толгойлогч нь байгаа юм гэж гэнэт өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үг хэлж хүмүүсийг инээлгэв.
-Ичко гэсэн энэ гайхамшигтай эмэгтэй ЭСЯ-ны гадаа сар шахам эсэргүүцэн жагсаж байна. Элчин сайдын хувьд дараах 3 хариулт хэлье.
-Би Монголын улс төрд 30 жил болсон. Тиймээс улс төр намайг дагаж байгаа юм. Энэ удаа дипломатын биш улс төрийн томилгоогоор элчин сайд болж Лондонд ирсэн.
1. Энэ гайхамшигт бүсгүйчүүдийн тайван жагсаал эсэргүүцэл нь Монгол Улс эрх чөлөөтэй, ардчилсан улс гэдгийг харуулж байна. Монгол хүн дэлхийн аль ч оронд чөлөөтэй зорчиж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хардах эрхтэй гэдгийг харуулж байна.
2.Авлигын асуудал энд бизнестэй холбогдон яригдаж байна. Миний 7 жилийн өмнө зурсан Оюутолгойн гэрээтэй холбоотой авлига авсан байж магадгүй гэж эсэргүүцэж байгаа юм. Мэдээж Оюутолгой бол хэдэн тэрбумаар хэмжигдэх том төсөл. Монгол Улс дэлхийн том компанийн нэгтэй гэрээ байгуулах алтан боломж гарсан юм. Энэ гэрээг үзэглэсэн гол хүмүүсийн нэг нь би байсан. Иймээс энэ гэрээг шударга биш болсон гэж намайг буруутгаж, мөн авлига авсан гэж хардаж байгаа юм.
3.Би хоёр долоо хоногийн өмнө фэйсбүүкээр шууд дамжуулан гурван цагийн турш олон асуултад хариулсан. Өчигдөр энэ бүсгүйчүүд намайг ажлаа өг гэсэн шаардах бичгийг гарын үсэгний цуглуулгын хамт өгсөн. Гэвч энэ бүхнийг өөдрөг талаас нь харахыг хүсч байна. Энд бизнес, хөрөнгө оруулалт, ил тод байдлын талаар ярьж байгаа нь энэ уулзалтад цагаа олсон асуудал мөн гэж үзэж байна. Баярлалаа.
Миний хувьд Элчин сайд С.Баярын хариултаас нэмж тодруулж асуух асуулт байсан боловч уулзалтын уур амьсгалыг эвдэхийг хүсээгүй бөгөөд тэр үед асуухыг хүсч байсан зүйлүүддээ одоо ноён С.Баяраас хэвлэлээр дамжуулан хариу авья.
Баяр Та өөрөө “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ирсэн нь Монгол төрийн томилгоо. Иймээс одоо би улс төрийн намын харьяалалгүй” гэж өмнө нь хэлж байсан атал одоо яахаараа улс төрийн томилгоогоор ирсэн болов?

Яахаараа бид гайхамшигтай эмэгтэйчүүд болчихдог байна?
Америкт төрж өссөн дундаж бизнес эрхлэгч Таны худалдаж авч, зарсан тансаг зэрэглэлийн байшингуудаас ядаж нэгийг авах гэж мөрөөдөж байдаг. Гэтэл таны гурван охин Монголоос Америкт очмогцоо гялалзсан бизнес хийж гурвуулаа оффшор данстай болж хөрөнгөжсөнөөрөө гайхамшигтай охид, харин та гайхалтай аав биш гэж үү?
Та жирийн иргэн намайг бодвол төр түшилцсэн түшээ.
Гайхамшигтай бизнес эрхэлдэг охидынхоо оффшор дансыг Монголдоо байршуулж, охидоо Монголд нь бизнес хийлгэж, та өөрийн туйлдуулсан Монголынхоо эдийн засгийг өөд нь татуулах, эсвэл дэлхийд гялалзсан амжилтад хүрсэн хүмүүсийн жишгээр монголчууддаа заалгуулж өгч болдоггүй юм уу? Зарим зүйлийг бүр тодруулъя.
1. Таны хэлсэн шиг өнөөдөр Монгол Улс минь эрх чөлөөт, ардчилсан орон мөн үү. Та бол үүнийг мэдэрдэг байж болно. Харин энгийн ард иргэд мэдрэхгүй байгаа учраас яагаад …? гэсэн асуулттай алхам бүрдээ тулгардаг. Таны хариулт бас л үнэнийг гуйвуулсан хариулт байна. Яагаад бидэнтэй адилхан 2017 оны 03 сарын 08-нд оффшорчдыг эсэргүүцсэн гурван эмэгтэйг Монголд цагдаа нар баривчилж, торгууль тавьж байгаа юм бэ?
Та бидэн дээр ирж “Хүний газар гадаа зогсож байж даарав, элчингийн байран дотор орж болно” гэж хэлж байсан. Тэгвэл тэдгээр гурван эмэгтэйг Монголд цагдаагийн хүчээр дулаацуулж буй арга нь юм уу?
Яагаад танай ажилтан Отгонбаяр жагсагч бидний зургийг нууцаар авч баримтжуулж байгаа юм бэ? Гадаа гарч ирээд ил тод зураг авч болно шүү дээ.
Яагаад таны зөвлөх Одонжил бичлэг хийх гэсэн Английн иргэнийг нутаг дээр нь зандран болиулж, дараа нь өөрийн ярьсан яриагаа сонингийн тайлбар болон та өөрөө оролцон улаан цайм үгүйсгэж биднийг гүтгэж, Лондонд байгаа монголчуудыг заналхийлсэн үг онлайнаар бичиж, эсэргүүцэлд нэгдсэн хүмүүсийг өөрийн гар хөл бологчдоор айлгаж сүрдүүлж байгаа юм бэ?
Яагаад биднээс авсан “Баяр буц, Баяр шалгуул” нэртэй мэдээллийг sonin.mn сайтаас өдөрт нь устгуулсан юм бэ? Гэтэл таны өмнөх өдөр нь бичсэн цэргийн амьдралынхаа тухай дурсамж тань нийтийн хүртээл болж, үргэлжлэн байсаар байсан.
Яагаад та фэйсбүүкээр live ярилцлага хийснийхээ дараа Монгол нисчихээд “Би Монгол яваагүй эндээ байгаа” гэж өөрөө ч, элчингийн ажилтнаараа ч давтан худал хэлүүлээд байсан юм бэ? Түүнээс хойш ч Монгол руу яваад байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд үе үехэн өөрийн гэгээн дүрийг бидэнд харуулж “Би энд байгаа шүү” гэдэг ойлголт өгөх гэж оролдож байгааг юу гэж ойлгох вэ?
Хэрэв бид Монголд жагссан бол аль хэдийн Та цагдаагаар баривчлуулах байсан.
Гэвч Англид жинхэнэ ардчилал, эрх чөлөө хөгжсөн учраас, хууль журмаа баримталж байгаа учраас энд бид Таны өмнө үгээ бардам хэлж чадаж байна. Үүнийг гуйвуулж Монгол ардчилсан орон болохоор ингэж байгаа юм гэж ярих нь Монголын бодит үнэнтэй нийцэхгүй шүү дээ.
2. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер тавьсан илтгэлдээ ”Монгол Улс эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон. 100% өрөнд орсон орон учраас Монголыг гэсэн орнуудаас зээл зуучилж өгөхөөс өөр арга байхгүй. Гэхдээ ОУВС-гийн хувьд энэ удаагийн үзүүлэхээр тохирсон тусламж зээлийн түвшин нь тухайн орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулахад ОУВС-ын түүхэнд байгаагүй анхны далайцтай хөтөлбөр болж байгаа” гэдгийг хэлсэн. Энэ бол маш ноцтой мэдэгдэл шүү.
Тэгвэл Таны бахархдаг, долоон жилийн өмнө үзэглэсэн Оюутолгойн гэрээ ашгаа өгч байгаа юм бол яахаараа Монгол Улс маань ийм гамшгийн өрөнд орж, энгийн ард гэр бүлээ тэжээх хоногийн хоолны мөнгөө олж чадахаа болив, төрийн түшээ та нар улс дамнан зээл хөөцөлдөх болов?
3. Бид Таны хэлснээр хэн нэгний захиалгаар улс төр хийж байгаа биш ээ. Эх орон, ард түмэн, ахан дүүс, тэдний үр хүүхдийн ирээдүйг бодож, өөрсдийн сэтгэл зүрхээрээ шударга ёс, хариуцлага нэхэж Таныг шалгуулаач ээ гэж шаардаж байгаа юм.
Яагаад гэвэл Танд холбогдох хэргийг Монгол Улсын прокурорын газар хэрэгсэхгүй болгосон. Гэвч АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн ажлаа өгөхдөө УИХ-ын чуулганы хуралдаан дээр “С.Баярын хэргийг цаанаас хаалгасан. Гэхдээ цаашид шалгах боломжтой” гэж хэлсэн шүү дээ.
Таныг эсэргүүцэж эхлэхдээ илэрхийлсэн бидний үзэл бодол өөрчлөгдөөгүй, анхнаасаа хэвлэж тараасан бичгийн шаардлагууд маань ч өөрчлөгдөөгүй бүтэн сар боллоо. Өнгөрсөн энэ нэг сар бидний үзэл бодол, байр суурь зөв бөгөөд үнэн болохыг, Таны өөрийн чинь үйлдэл бүхэн улам тодруулж, гүнзгийрүүлсэн тул Монголын ард түмэн Таны үнэн дүр төрхийг илүү тодоор харж байна.
Учир нь Таны бидэнтэй харьцаж хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон чинь эргээд худал болох нь нотлогдоод байгаа юм. Төрийн нэр барьж, энгийн иргэдийг гүтгэж, доромжилж, хуурах чинь хуулийн цээрлүүлэлттэй байдаг биз дээ?
Монгол Улсын иргэн Г.ИЧИНХОРЛОО
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна