Сайд нар хүүхдийн мөнгийг хасч, төсвөө нэмэгдүүлжээ


Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд манай улс төсөвтөө тодотгол хийх шаардлагатай байгаа. Тиймдээ ч Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэж байна. Зарим гишүүд найман төрлийн татвар нэмэхийг эсэргүүцэж байгаагаас гадна төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв нэмэгдэж орж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Уг нь зардлаа танаж оруулж ирэх ёстой байтал сайд нарын төсвийг тэрбум, тэрбумаар нь нэмэгдүүлчихээд хүүхдийн мөнгийг хасаж оруулсанд бухимдах гишүүд цөөнгүй байгаа юм.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат байнгын хорооны хуралдаан дээр “Хүүхдийн мөнгөнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Гэтэл хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгоно гэж бууруулж оруулж ирчихээд сайд нарынхаа зардлыг 400 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ” хэмээн шүүмжлэв.

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу сард дунджаар 660 мянган хүүхдэд олгохоор төлөвлөсөн. 2016 оны гүйцэтгэлээр сард дунджаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүүхдийн мөнгө авах 617 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон юм. Хүүхдийн мөнгөнд 2016 онд 223.2 тэрбум төгрөг батлагдаж, 218.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 4.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна.

 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 2018 онд нийт өрхийн 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус тус хамруулахаар тооцсон бөгөөд 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байгаа аж. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хэмнэгдэх хөрөнгийг одоогоор харьцангуй хязгаарлагдмал хүрээнд буюу 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон” хөтөлбөрийн хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлж, эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглүүлнэ гэж албаныхан тооцжээ.

 

 

-САЙД НАР ӨӨРСДИЙНХӨӨ ТӨСВИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛСЭН БЭ-


2017 онд зардлаа танаж, татварыг нэмж эдийн засгаа сэргээх зорилт тавиад байгаа Засгийн газрын сайд нарын салбартаа зарцуулах төсөв хэд, хэдэн тэрбумаар нэмэгджээ. Тухайлбал, Зам тээврийн сайд Д.Ганбатын төсөв 160 тэрбум 439 сая төгрөгөөр нэмэгдсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийх 89 тэрбумаар, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярынх 68 тэрбум 941.5 сая төгрөгөөр, Эрчим хүчний сайд П.Ганхүүгийнх 39 тэрбум 387 саяар, Эрүүл мэнд, спортын яамны сайд А.Цогцэцэгийнх 20 тэрбум 506 саяар тус тус нэмэгджээ. Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн төсөв зургаан тэрбум төгрөгөөр хасагджээ.

 

Харин Ерөнхий сайдын төсөв 2 тэрбум 512 сая төгрөгөөр нэмэгдсэн бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 1 тэрбум 275 сая, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 1 тэрбум 937.5 сая, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 3 тэрбум 850 сая, БСШУС Ж.Батсуурь 5 тэрбум 319 сая, Эрчим хүчний сайд Д, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 4 тэрбум 493 сая, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр 2 тэрбум 560 сая, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 8 тэрбум, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрөө 9 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлжээ. Хамгийн бага буюу УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж 240 сая 300 мянган төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр болсон байна. 

 

Харин өнгөрсөн онд 2017 оны төсөв хэлэлцэх үеэр сайд нарын багц ингэж батлагджээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд 163 тэрбум, Монгол Улсын Шадар сайд 122.8 тэрбум, ЗХЭГ-ын дарга 20.5 тэрбум, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 70.6 тэрбум, Гадаад харилцааны сайд  59.6 тэрбум, Сангийн сайд 7.1 их наяд, Хууль зүй, дотоод хэргийн сайд 437.1 тэрбум, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 185.8 тэрбум, Батлан хамгаалахын сайд 206.8 тэрбум, Барилга, хот байгуулалтын яам 56.9 тэрбум, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.3 их наяд, Зам, тээврийн хөгжлийн сайд 315, 5 тэрбум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 20.2 тэрбум, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1.7 их наяд,  Эрчим хүчний сайд 111.4 тэрбум, Эрүүл мэндийн сайд 654.4 тэрбумаар тус тус батлагдсан байна.

 

Сангийн яаманд сайд нарынхаа төсвийг хасаад хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа гэдгийг гишүүд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Зардлаа танасан бол ОУВС-аас зээл авах шаардлагагүй байсан” гэдгийг ч хэлсэн.

 

Эх сурвалж: Medee.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
11 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

14 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

14 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

14 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

14 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

15 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

16 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна