АНУ Солонгосын хойгт байлдааны хөлөг онгоцуудаа байрлуулав


АНУ Солонгосын хойгт өөрийн байлдааны хөлөг онгоцыг байрлуулаад байна. АНУ энэ үйлдлээ Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн туршилтын улмаас бэлэн байдлыг хангах зорилгоор хийж буй хэмээн мэдэгдсэнийг ВВС уламжлав. Адмирал Нора Тайсонаар ахлуулсан “Карл Винсон” цохилтын хүчний бүрэлдэхүүнд агаарын байлдааны онгоц тээвэрлэгч, хоёр пуужин устгагч хөлөг онгоц, нэг байлдааны хөлөг онгоц багтсан байна.

 

АНУ-ын Номхон далайн командлалын төлөөлөгч Дэйв Бэнхам “Энэ бүс нутагт хамгийн их аюул занал учруулж буй улс бол Хойд Солонгос юм. Тэд энэ бүс нутагт хайхрамжгүй, хариуцлагагүй пуужингийн туршилтуудыг хийж цөмийн зэвсэг боловсруулж байна” хэмээн хэлжээ. Хойд Солонгосын пуужинг Нудунг- 1,300 км, Тэпудунг 1- 2,000 км, Мусудан- 4,000 км,  Тэпудунг 2- 8,000 км хэмээн ангилжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ Сири улс руу пуужин харвасны дараа Хойд Солонгосын удирдлагууд “АНУ маш түрэмгий зан авир гаргалаа. Бидний хийж буй туршилтууд нь дээрх пуужингийн дайралтаас өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд хийх ёстой зөв үйлдэл гэдгийг нотолж байна” гэжээ.