Оффшор бүсэд данстай Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нараа яах вэ, М.Энхболд дарга аа


Парламентын танхимд тэр дундаа МАН-ын гишүүд дунд оффшор данстнууд хэмээн цоллуулах гишүүд бий. Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайханаас авахуулаад оффшор бүсэд данстай нөхөд байгаа. “Панама пэйпэрс”-ийн мэдээлснээр дээрх эрхмүүд оффшортонгууд болох нь нийтэд ил болсон. УИХ-ын гишүүн Сү.Батболд Д.Цогтбаатар нар хамтдаа “Бату майнинг” компанид 18771 ам.доллараар хөрөнгө оруулж байсан. Энэ компани нь оффшор бүс болох Виржиний аралд бүртгэлтэй компани аж. Гэтэл тэд үүнийгээ цагаатгаж “гадаадын ихэнх компани оффшор байдаг юм билээ” хэмээн яриад сууж байсан удаатай.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тухайд 2005 оны 9 дүгээр сард оффшор бүсэд данс нээлгэсэн аж. “Eiffel View Universal Holdings” гэх нэрээр тэрбээр бүртгэлтэй байсан байгаа юм. Оффшор бүс бол татвараас чөлөөлдөг, татварын хөнгөлөлт үзүүлдэг, нууц нэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг орчин. Ийм байтал УИХ-ын гишүүд нь, төр барилцаж яваа хүмүүс татвараас чөлөөлөгдөх гэсэндээ оффшор бүсэд данс нээлгэж мөнгөө хадгалж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголд гадны банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын банкинд итгэх итгэл алга. Манай улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсэд орж ирдэг гэсэн баримт бий. Иймд үүнд болгоомжтой хандаж, гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж хэлж байв. Үүнээс нь харахад Б.Дэлгэрсайхан оффшор бүсэд мөнгөө хадгалдаг, цаашид ч хадгалах сонирхол байгаагаа илэрхийлсэн байгаа юм.

 

Парламентад суугаа оффшор бүсэд бүртгэлтэй МАН-ын гишүүдийн бодол ийм байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр “Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье” гэсэн. Таны бодол ийм байж. Харин парламентад суугаа гишүүд чинь оффшор бүсэд данс нээлгэж, бас болоогүй үүнийгээ зөв гэж ойлгож байна. Тэгэхээр оффшор бүсэд данстай Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нарыг яах вэ, М.Энхболд дарга аа.