Ерөнхийлөгчийн сонгууль болох өдөр бага багаар ойртсоор л. Тиймдээ ч УИХ-д суудалтай хоёр том намынхан хөдөө орон нутгаар ойр ойрхон явдаг боллоо. АН-ынхан намын даргын сунгаа хийж байна гэсэн нэрээр хөдөөгүүр тойроод ирсэн. Тэгвэл МАН-ын томчууд сүүлийн үед хаа сайгүй л явлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сая хэд хоног цас шуургатай зэрэгцээд баруун аймгуудаар баахан явлаа. Онгоцоор нисээд, нэг аймагт бууж чадалгүй өөр тийшээ яваад л. Зардал мөнгийг цацах шиг л боллоо. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт өөрийнхөө тойрог болох Төв аймагт ажиллалаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Дорноговь, Говьсүмбэрт ажиллаж, баахан УИХ-ын гишүүн, дэд сайдуудтай очсон.
Ингээд л МАН-ынхан аймаг болгонд десант буулгаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байгаа нь энэ л дээ. Мэдээж тэд эрх барьж байгаа учраас ажлаа танилцуулах нэрийдлээр хөдөө орон нутаг руу явж байгаа. Ингэж ойр ойрхон олон дарга аймаг, суманд очоод, удирдлагууд нь үгээ хэлж байна. Дарга очихоор л ямар нэг байдлаар тосох болно. Уг нь Ерөнхий сайд битгий тос, Дүүриймаагаа болиул гээд л дүрэмдээд байсан. Тэгсэн мөртлөө том дарга нарыг тосохгүй болохоор дотроо жаахан дургүйхэн байдаг гэж байгаа. Наанаа Дүүриймаагаа болиул гэж хэлчихээд өөрсдөө тэжээл иддэг мал шиг болоод тэрэндээ дасчихсан, ямар нэг байдлаар тосуулаад л байна. Хүндэт харуул, цэцэрлэгийн хүүхэд гээд л.
Ядаж байхад олон дарга ээлжлээд очихоор тэдний хоол унд, хоноглох газрын асуудлыг шийдэх гээд бөөн юм болно. Аймаг, суманд Засаг даргын мэдлийн хоолны газар, зочид буудал байна гэж юу байх билээ. Хөөрхийс аймгийн удирдлагууд өөрсдөөсөө мөнгө гаргаад л дайлж, цайлна. Ямар УИХ-ын гишүүд өөрсдөө мөнгө төгрөгтэй явах биш. Бүх л юмаа үнэгүй даалгаад л тарвалздаг. Ядаж байхад дарга нар очиход төсвийн мөнгөөр дайлж цайлахыг хориглочихсон. Тийм болохоор дарга нар нь өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад л дайлж цайлж, аятайхан зочид буудалд хоноглуулж байгаа шүү дээ. Дээрээс нь дарга нар бөөн бөөнөөрөө явж байгаа. Олуулаа очиж хүн зодох гэж байгаа аятай л.
Ингэж төсвийн мөнгө үрэн таран хийж, хөдөө гадаа бөөн бөөнөөрөө явж яадаг ч юм. Ерөнхий сайд явах ёстой бол ганц хоёрхон албаны хүнээ дагуулаад л явахад болно шүү дээ. УИХ-ын дарга ч гэсэн. Тэр дундаа МАН-ын генсек бол 10, 20 хүн дагуулж явж яах гэж байгаа юм. Улс орны эдийн засаг хэцүүхэн байгаа. Тэгээд Засгийн газраасаа төсөв мөнгөө хэмнэх уриалга гаргаад, сайд нь хэлээд, яриад байдаг. Тэгсэн мөртлөө яг начир дээрээ хэн нь ч түүнийгээ биелүүлэхгүй байна. Ингэж тунхагийн шинжтэй ярьж, дараа нь үйлдлээрээ түүнийгээ үгүйсгэж яана аа.
Одоо цаашид олон дарга нар дахиад л баахан аймаг, сумаар явна. Энэ бүхэн дөнгөж эхлэл нь. Бас л баахан дарга нар үгээ хэлж, үсээ зулгааж, цалин мөнгөө үрэн таран хийх байх. Зовлонтой ч улс даа, манайх. Намын даргыг иртэл сургуулийн хүүхдүүд хаврын хүйтэн өдөр дан цамцтай гадаа дагжин зогсоод л. Социалист орныхоо уламжлалаас зугтаж чадахгүй л байна. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгууль болтол хэдэн аймаг, сумын дарга нар л цалингаараа торгуулж, гишүүдийг цатгах гэж үйлээ үзэх нь дээ.
Эх сурвалж: MMINFO.MN
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав