Г.Ичинхорлоо: С.Баяртай уулзах уулзалт зөвхөн өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн хооронд болж өнгөрсөн

Admin
4 цаг 57 минутын өмнө

 Жагсагчидтай  live  хийсэн болж дүр эсгэсэн С.Баяр хаана хор хутгаж яваа бол...  

 

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр үргэлжилж байгаа билээ. Тэд авлигач, оффшорчин улс төрчийг энэ улсад Элчин сайд хийхээр ирснийг эсэргүүцэн жагсаж байгаагаа уриа лоозонгоороо илэрхийлж буй. Харин өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд Элчин сайд С.Баяртай уулзаж, С.Баяр 2 цаг 50 минутын хугацаанд өөрийн тайлбарыг иргэдэд “live” хийн хүргэсэн юм. Гэвч уг уулзалтанд элчин сайдын яамны гадна жагсагчид болон жагсаалыг санаачилсан Г.Ичинхорлоо нар оролцоогүй болох нь тодорхой болсон. Харин тухайн уулзалтанд ямар зорилготой хэн гэдэг хүмүүс суусан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар medee.mn  сайтынхан жагсагч Г.Ичинхорлоотой холбогдож дараах тайлбарыг авчээ. Тэрбээр хэлэхдээ:

 

-Гуравдугаар сарын 21 нд 19 цагаас элчин сайд уулзалт хийх гэж байна гэсэн яриаг би элчингийн гадаа эсэргүүцлээ илэрхийлээд зогсож байхдаа, үдээс хойш 14-16 цагийн хооронд сонссон. Жагсаалаа тараад би ажил руугаа шууд явдаг. Би зургаан өдөр бүтэн цагаар ажилладаг. Тиймээс одоогоор ажилдаа явахаас өмнө жагсаж байхаар ажил, амьдралаа зохицуулсан байгаа. Энэ уулзалтанд биеэр очиж оролцохын тулд ажлаа зохицуулах  шаардлагатай байсан. Үнэхээр яаралтай ажил гараад зохицуулах байсан бол ядаж нэг өдрийн өмнө ч гэсэн ажилдаа хэлэх хэрэгтэй байсан. Энэ тухайгаа ч уулзалтыг зохион байгуулалцсан гол хүний фэйсбүүк дээр ч илэрхийлсэн. Миний ойлгосоноор цаанаасаа л цаг нь их давчуу зохион байгуулагдаж байгаа юм байна гэдгийг бусад хүмүүст өгсөн коммент, хариултаас анзаарсан. Тиймээс цаг нь дэндүү тулсан байсан бөгөөд бидэнд албан ёсоор энэ уулзалтанд ирнэ үү гэсэн ямар ч мэдээлэл өгөөгүй тул бид өөрсдийн байр сууриар л хандсан. Элчин сайдын яамны цахим хуудас дээр гарсан зарыг хүнээс л сонсож харсан аж.

 

Түүнчлэн Г.Ичинхорлоо хэлэхдээ ажлаа тараад фэйсбүүк шалгасан чинь уулзалтын өдөр нь солигдож гуравдугаар сарын 22 ны 19 цагаас болсон байсныг фэйсбүүк дээрээс дахин олж мэдсэн. Тэгээд энэ 21-нд хүмүүс цуглаагүй юм байна даа гэж бодсон. Үнэндээ 21 нд энд Лондонд амьдардаг Монголчуудын ихэнх нь энэ уулзалтын зарыг мэдээгүй өнгөрсөн. Мэдэх, оролцох  боломжгүй цаг, өдөр зарласан нь санаатай үйлдэл байсан гэж харагдаж байна. Гуравдугаар сарын 22-ныхоо уулзалтын зарыг Sonin.mn дээр гаргуулж элчин сайд  С.Баяр Англид байгаа Монголчуудтай уулзах гэж байна гэсэн хүлээлт, сэтгэгдлийг Монголд байгаа хүмүүст үүсгэсэн байна. Энд Лондонд өдөртөө зарласан үйл ажиллагаанд шууд очиж оролцоод байх боломжтой хүн маш ховор. Тиймээс уулзалтанд суусан хүмүүсийг харахаар элчин сайдын яамны ажилчид, ЭСЯ-ны байранд үнэгүй үйл ажиллагаагаа явуулдаг Шагайн Холбооныхон болон ЭСЯ-тай ажил төрлийн холбоотой Монголчуудын Холбооны тэргүүлэгч болон хамтран ажилладаг гээд хэдэн хүмүүс харагдсан. Харин бидний жагсаалд нэгдсэн гурван хүмүүс тэнд очсон байна лээ. Тиймээс С.Баяр гуай энэ уулзалтыг маш хурдан хугацаанд зохион байгуулаад Монгол руу явахаар бэлдсэн байжээ гэдэг нь дараа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ уулзалт олныг болон өөрийг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг өргөн хамруулах боломж олгосон уулзалт байгаагүй. Бидэнд албан ёсоор өнөөдөр уулзалт болно шүү, ирээрэй гэж нэг ч хүн хэлээгүй. Уг нь би элчингийн ажилтантай хийж буй ажлынхаа талаар анхнаасаа тодорхой хэлж тайлбарлаж явсан. Тэр хүн ч надад мэдэгдээгүй гэжээ. Энэ бүхнээс үзэхэд С.Баяр live  хийж жагсагчидтай уулзалт зохион байгуулсан гэх зүйлийг өнгөн дээрээ харуулсан боловч бодит байдал эсрэгээрээ. Түүнийг дэмждэг, эргэн тойронд нь ажилладаг хүмүүсийн хооронд болж өнгөрснийг жагсагч Г.Ичинхорлоо тайлбарлав. Хамгийн сүүлийн мэдээгээр С.Баярыг монгол руу ниссэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд гэмээ цайруулах ямар хор хутгаж яваа бол гэсэн хардалтыг хэн бүхэнд төрүүлээд байна.

 

PAPARATSI.MN