Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны VII чуулган “Шангрила” зочид буудлын хурлын танхимд баасан гарагт болж өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилд ажиллах баг бүрэлдэхүүнээ сонгож тодрууллаа.
Тус чуулганд оролцох ёстой 167 төлөөлөгчөөс 146 хүн мандатаа бүртгүүлж, саналаа өглөө. Чуулганы хэлэлцэх гол асуудал болох МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн өрсөлдөхөөр нэр дэвшсэн болохыг МҮОХ-ноос зарласан. Харин нэр дэвшээд байсан Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар чуулганы өмнө нэрээ татаж, дөрвөн нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон ч ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын өмнө Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ нэрээ татсан.
Ингээд гурван нэр дэвшигч өрсөлдөж өнөөгийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн 81 төлөөлөгчийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Санал өгсөн хүмүүсийн 55.47 хувь нь Д.Загдсүрэнд итгэл хүлээлгэж олонхийн саналыг авлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Э.Мөнх-Очир 51 төлөөлөгчийн санал авсан бол, Ц.Бат-Энхийн төлөө 14 төлөөлөгч саналаа өгсөн байв.
Ийнхүү ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах ерөнхийлөгчөө сонгосны дараа дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон юм. МҮОХ-ны VII чуулганы өмнө дэд ерөнхийлөгчид зургаан хүн өрсөлдөж байгааг зарласан ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татсан.
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн таван хүнд 137 хүн санал өгсөнөөс Б.Баттүшигт, Ц.Дамдин нар хамгийн олон санал авч дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Тухайлбал, Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/ 85 санал, Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/ 69 санал, Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ЕНБД/ 43 санал, Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/ 41 санал, Ж.Хатанбаатар /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч/ 34 санал тус тус авсан байна.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл гишүүдийн хурлын хоорондох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чухал үүрэг хүлээдэг. Чуулганы бүх гишүүдийн хурлаар Гүйцэтгэх Зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгодог. Дүрэм ёсоор МҮОХ-ны ерөнхийлөгч, 2 дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны хүндэд гишүүн, олимпийн медальт тамирчин гэсэн таван хүнийг шууд сонгодог бөгөөд чуулганаас зургаан гишүүнийг санал хураалтаар тодруулдаг. Ийнхүү шинэ Гүйцэтгэх зөвлөлд 21 хүн нэр дэвшиж, 139 төлөөлөгч санал хураалтад оролцлоо.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваасүрэн, /“Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, “Talk Talk English” төвийн захирал Ч.Амарсанаа нарын спортын зүтгэлтэн, хүчтэй өрсөлдөгч 21 хүн нэр дэвшсэнээс дараах зургаан хүн олонхийн саналаар сонгогдлоо.
Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Дархан аварга, Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч/ 71 санал, Ц.Сандуй /НИТХ-ын дарга, Триатлоны холбооны ерөнхийлөгч/ 70 санал, Ж.Түмэн-Аюуш /Софт теннисний холбооны ерөнхийлөгч/, Ч.Амарсанаа /”Talk Talk English” төвийн захирал, Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга/ 66 санал, Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ 53 санал, А.Ганбаатар /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/ 52 санал тус тус авч Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн боллоо.
МҮОХ-ны чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар "Бээжин-2008" олимпийн аварга Э.Бадар-Ууганыг томиллоо. МҮОХ-ны дүрэмд "Ерөнхийлөгчийн санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас томилох буюу чөлөөлнө" гэж заасан байдаг. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ийнхүү үүрэгт ажлаа олимпийн аварга Э.Бадар-Ууганд шилжүүлэхээр болов.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав