Хятад авлигачдаа гадаадад ангуучилж байна


Хятадын засгийн газраас өнгөрсөн онд 1000 орчим хүнийг авлигын хэргээр баривчилсны 122 нь төрийн албан хаагч байжээ. Хятадын сахилгын хяналтын төв хорооны мэдээлснээр арваннэгдүгээр сар хүртэлх 11 сарын хугацаанд 2.3 тэрбум юанийн хууль бусаар гадагш гарсан мөнгийг эргүүлэн авчирчээ.

 

Хятадын засгийн газар 2015 оноос хойш гадаадад гарсан авлигач албан тушаалтнуудыг эргүүлэн авчрах кампанит ажлыг эхлүүлсэн юм. Тухайлбал, Хятадын Вэнжоу хотын барилгын хорооны орлогч захирал асан Ян Шиужуг авлигын хэргээр эрэн сурвалжилж, АНУ-аас шилжүүлэн авчирсан юм. Тэрбээр Хятадын хууль хяналтынхнаас зугтан гадаадад 13 жил амьдарсан байв. Мөн Хятадын албаныхны эрэн сурвалжилж буй 100 топ сэжигтний нэг Зен Зихэнг гэгчтэй тохиролцсоноор өнгөрсөн зургадугаар сард Канадаас эргүүлэн авчирчээ.

Си Жинпинь 2013 онд Хятадын дарга болсноосоо хойш авлигын эсрэг бүх шатанд дайн зарлаж, улс орондоо их цэвэрлэгээг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Хятадад сая шахам хүн авлигын хэргээр ял шийтгэгдэж, хөрөнгөө хураалгасан байна. Авлигын эсрэг тэмцэл Коммунист намын дээд болон дунд түвшний албан тушаалтнууд, цэрэг арми, бизнес, санхүүгийн салбарынхныг ч хамарчээ. Авлигын эсрэг олон улсын индексийн үзүүлэлтээр Си Жинпинь Хятадын дарга болсон нэг жилийн хугацаанд Бээжин авлигын индексээр 20 байраар ахисан байна. Өмнөх даргын үед Хятад авлигын индексээр дэлхийн 100 орноос 80-д нэрлэгдэж байжээ.

Албан тушаалтнуудын дунд “улс төрийн соёл” болтлоо хэвшсэн үнэтэй, тансаг эдлэл бэлэглэх авлигын арга барилыг үгүй хийснээр Барууны нэртэй брэндүүдийн Хятад дахь зах зээл хумигдаж эхэлжээ. Хятадын шинжээчдийн мэдээлснээр, 2009 онд тансаг хэрэглээний бүтээгдэхүүний худалдааны 50 гаруй хувийг төрийн албаныхны бэлэг эзэлж байв. Харин авлигын эсрэг баривчилгаа эхэлснээр Хятад дахь брэндийн цаг гэх мэт тансаг хэрэглээний барааны худалдаа 20-40 хувиар буурсан байна. Жишээлбэл, Хятадын 8 метр болон түүнээс урт дарвуулт онгоц эзэмшигчдийн тоо 2011 онд 8000 байснаа 2014 онд онд 3700 болж буурчээ. Дарвуулт онгоцны бизнес 2013 онд 4.15 тэрбум юаниар хэмжигдэж байв.

 

ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN