Б.Болор-Эрдэнэ: Шүүгч Х.Идэр бидэнтэй нохой шиг харьцлаа


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр цагдаа нар очиж, тэднийг албадан авч явсан үйлдлээ "Жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй" хэмээн тайлбарласан.

 

Дөнгөж сая Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд дээрх гурван эмэгтэйд холбогдох хэргийн шүүх хурал болж дууслаа. Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр тус бүр 50 мянган төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан байна. Шүүх хурлын дараа жагссан эмэгтэйчүүдийн нэг Б.Болор-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа хүргье.

 

 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: БИД ЯМАР МУУ ҮЛГЭР ДУУРИАЛ ҮЗҮҮЛСЭН ХЭРЭГ ВЭ


-Та бүхнийг торгох шийдвэр гарлаа. Бодлоо хуваалцахгүй юу? 


-Би энэ жагсаалыг санаачилсан. Энэ төр засагт бугшсан идээ бээрийг эх хүний хувьд арилгая гэж зориг гарган жагсаал хийсэн. Бид л хийхгүй бол биднээс өөр хийх хүн үнэхээр алга байна. Хэн нэгэн зориглохгүй бол өөр зориглох ч хүн алга байна. Бид энэ жагсаалыг монголчуудын бүх баялгийг хулгайлж байгаа хулгайч, оффшорчдын эсрэг хийсэн. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бидэнд өнөөдөр баярлах шалтгаан байхгүй. Гэтэл сая шүүх танхимд бид гуравтай ерөөсөө нохой шиг харьцаж байна. Дотор өрөөнд ороход шүүгч Х.Идэр гэдэг залуу байна. Биднийг суулгах ч үгүй, оронгуут “Ямар гэм буруутай үйлдэл хийснээ та нар мэдэж байна уу, нийгэмд ямар буруу үлгэр дууриал үзүүлснээ мэдэж байна уу” гэсэн. Тэгснээ дуугүй наад тогтоолоо аваад гар гээд нохой шиг харьцлаа.  

 

-Та бүхэн жагсаал хийх зөвшөөрөл аваагүй юм уу?


-Гуравдугаар сарын найман бол дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалах өдөр. Энэ өдөр монгол эмэгтэйчүүд болохгүй бүтэхгүй байгаа, Монголыг хувааж идэж байгаа оффшорчдыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Эрхээ хамгаалах ёстой өдрөө үзэл бодлоо илэрхийлсэн. Бид гуравдугаар сарын 8-нд биш өөр өдөр ингэж жагссан бол хамаа алга. Жагсаал цуглааны зөвшөөрөл аваагүй гэж арга хэмжээ авч болно. Гуравдугаар сарын 8 бол бид зөвхөн цэцэг авч, шампанс задалдаг өдөр биш. Эрхээ хамгаалж, үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө өнөөдөр шүүхээс шийтгэл хүлээж байгаадаа харамсаж байна. Шүүх засаглал, өнөөдөр төр барьж байгаа улсууд ямар нүүр царайтай байгааг харууллаа.

 

-Цаашид та бүхэн тэмцлээ үргэлжлүүлэх үү?


-Бид ирээдүйдээ ямар муу үлгэр дууриал үзүүлсэн хэрэг вэ. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл байдал байхгүй болжээ гэдгийг тод харж байна. Бид тэмцлээ зогсоохгүй, үргэлжлүүлнэ.

Шүүхийн гадна иргэний нийгмийн байгуулал, Даяар Монгол хөдөлгөөн, Монголын худалдаачдын холбооны төлөөлөл цугласан байлаа. Тэд хэлэхдээ “Бидний татварын мөнгөөр ажиллаж, цалинжиж байгаа хууль цагдаагийнхан ингэж бууны нохой болохоо боль гэж хэлмээр байна. Энэ байгууллагын эрх мэдэлтнүүдийг дээрээс томилдог учраас эд нар ингэж байгаа юм. Үүргийг нь биелүүлэхгүй бол ажлаас нь халдаг. Монголын энэ гажуудсан тогтолцоо ард түмнийг хооронд нь алалцуулах том шалтгаан болж байна” хэмээсэн юм.

 

 Б.ЦЭЛМЭГ

 

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN