НЭГДҮГЭЭРТ. Жирэмсэн эмэгтэйн нүд рүү газ цацаж, тайван жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг гулдчин чирсэн цагдаад бүү гомд, тэд үүргээ биелүүлсэн
Монголын төр эмэгтэйчүүдийнхээ эрхэнд олон нийтийн өмнө бүдүүлгээр халдсан ноцтой хэрэг долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа болж өнгөрөв. Баянзүрх дүүрэг дэх үймээний үеэр хоёр жирэмсэн эмэгтэй рүү газ цацсанаас биеийн байдал нь муудаж, өдгөө “Дархан детект” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн үед Н.Энхжаргал жирэмсний амралтаа авахын тулд дүүргийнхээ байран дахь ТҮЦ машинаас лавлагаа авахаар явахдаа, М.Нүржиг жагсаалд оролцож байсан настанд өдрийн хоол хүргэж өгөөд буцахдаа дүүргийн тамгын газарт түгжигджээ.
Яахаа мэдэхгүй сандарсан эмэгтэйчүүдийг шатны дор, нолийн өрөөнд нуугдаж байхад цагдаа нар дайран орж бор өнгөтэй шингэн, газ зэргийг нүд рүү нь цацаж, чирж гулдчин гаргасан тухай эмэгтэйчүүд ярьж байна. Хохирсон хоёр эмэгтэй өдгөө хэн хэн нь зулбах аюултай гэсэн оноштойгоор эмчлүүлж буй юм.
Өнөөдөр монголчууд энэ хоёр эмэгтэйг “Бие давхар байж яах гэж жагсаалд очсон юм бэ” хэмээн буруутгаж байна. Гэвч эмэгтэйчүүд жагсаалд оролцохоор очоогүй гэдэг тэдний ярианаас бэлхэнээ харагдана. Тэгээд ч хүний эрхийн хүрээнд жирэмсэн эмэгтэй жагсаалд оролцож болохгүй гэсэн зүйл, заалт байхгүй. Жагсаалд оролцсон байлаа ч Монголын төр жирэмсэн эмэгтэйн нүд рүү газ цацаж, хувцас хунарыг нь урж тасдан, чирж гарган харгислаж болохгүй.
Цагдаа нарт буруу байхгүй, тушаал биелүүлж байна, тэдэнд гомдох эрх байхгүй гэх. Гэвч тэд нүдээ таглуулчихсан биш, тогоо шиг том гэдэстэй эмэгтэйг харсаар байж нүд рүү нь газ цацаж байхад бид гомдох, гомдоллох “эрхгүй”, тэд үүргээ л биелүүлж байна. Гуравдугаар сарын 3-ны өдөр тэд хүмүүнлэг, ардчилсан нийгэмд хүний эрхийг уландаа гишгиж, иргэдээ хамгаалдаг төр биш болсноо зарлан тунхаглав. Эмэгтэйчүүд жагсах эрх чөлөөгөө алдаж, жагсаал цуглаанд оролцвол олны амны бай болж, өөрсдөө хохироод өнгөрнө шүү гэдгийг Монголын төр бидэнд сануулав. Эмэгтэйчүүдийн эрх хаачив?

ХОЁРДУГААРТ. Эрхийнхээ өдөр үзэл бодлоо илэрхийлсэн бүсгүйчүүд цагдаагийн хаалга тогшив
Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатар талбайд гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтай, “Хулгайч дарга нар боль”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Оффшорчдыг зайлуул” гэх утгатай уриа лоозонгоор биеэ халхлан жагсав. Дөрвөн хэмийн хүйтэнд эмэгтэйчүүд нүцгэн үнэнийг билгэдэж, ийн эсэргүүцлээ илэрхийлэн, үг хэлэх эрхээ эдэлж байхад цагдаа нар албадан баривчлав.
Тэд эмэгтэйчүүдийг мөн л олны нүдэн дээр хэрхэн чирж, гулдчин машиндаа суулгаж байгааг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэд Баянзүрх дүүрэгт болсон хэрэг шиг цагдаа нарыг эсэргүүцэн, мөргөлдсөнгүй. Эрхийнхээ өдөр, төв талбайдаа хэдхэн минут зогсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө л тэдэнд байсангүй. Жагсаалд оролцсон эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар авсан бөгөөд хууль хүчний байгууллага гэр орноор нь очиж эрж хайсан тухай тэд бичлэгтээ дурьджээ. Эмэгтэйчүүд үг хэлэх эрх чөлөөгөө алдаж, үг хэлвэл олны амны бай болж, өөрсдөө л хохироод өнгөрнө шүү гэдгийг Монголын төр бидэнд сануулав. Эмэгтэйчүүдийн эрх хаачив?

ГУРАВДУГААРТ. Эрхийн өдрөө эдлэж буй эмэгтэйчүүдийг Монголын цагдаа чирж гулдчиж байхад, Лондонд...
Яг энэ өдөр Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яамны үүдэнд Г.Ичинхорлоо гэх бүсгүй Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад томилогдсон шинэ Элчин сайд С.Баярыг авлигач, оффшорчин хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жагсав. Тэрээр “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, 3 сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой, бидэнд бохир элчин сайд хэрэггүй” гэх зэрэг уриа лоозон барьсан байв.
Энэ үеэр гадны иргэд Г.Ичинхорлоогоос ирж найрсагаар тайван жагсаалынх нь учрыг асуун тайлбарлуулж байсан бол тус дүүргийн цагдаа ч мөн инээмсэглэн учрыг лавлаж, амжилт хүсээд буцаж буй нь гэрэл зурагт үлджээ. Энэ улсад цагдаа нар хүний эрхийг дээд зэргээр хамгаалдаг бол Монгол улсын цагдаа нар бүсгүйчүүдээ хэрхэн хохироосныг бид хангалттай ярьж байна.
Г.Ичинхорлоо энэ өдөр тайван жагсаалаа тайван дуусгаж, Элчин сайд С.Баяртай маргааш нь уулзахаар цаг товлосон. Гэхдээ Г.Ичинхорлоо энэ хугацаагаа өөрийн хүсэлтээр сунгасан бөгөөд хамтдаа жагсаал хийхээр санал тавьсан, сэтгэл шулуудсан хүмүүстэй цуг олуулаа уулзахаар болж, ирэх даваа гаригаас эхлэн нарийн цагийн хуваарьтай жагсаал зохион байгуулахаар болсон байна.

-ЭРХИЙНХЭЭ ӨДӨР БАЯРЛАХЫН ОРОНД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЭЛ ГЭДЭГ Ч...-
Эмэгтэйчүүд энэ өдрүүдэд авлигад идэгдэж, нууц бүсэд улсын хөрөнгийг шамшигдуулан нуусан оффшорчид, улс төрчдийг эсэргүүцэн жагсав. Тэдний үзэж байгаагаар оффшорчид улсаас авч нуусан мөнгөө буцаан өгвөл улс минь хүнд байдлаас гарна гэнэ. Үндэсний статистикийн хороонооос мэдээлснээр манай улсын хүн амын тоо 3 сая 57 мянга, 778. Нийт гадаад өр 24 тэрбум 264 сая ам.доллар. Тэгэхээр нэг хүнд 7900 ам.долларын гадаад өр ногдож байна. Гэтэл зарим төрийн бус байгууллагуудын мэдээллээр нийтдээ 15 орчим тэрбум, ам долларын хадгаламж оффшор бүсэд байна гэдэг. Тэгэхээр улсын гадаад өрийг оффшорчдоос эргүүлэн авсан мөнгөөрөө төлнө гэсэн тэдний санааг буруутгахын аргагүй.
Эмэгтэйчүүдийг эрхийнхээ өдөр баярлахаас өөрийг хийсэнгүй, уулаа идлээ, наргилаа цэнгэлээ хэмээн нийгэм даяар шүүмжилцгээв. Монголын эмэгтэйчүүдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх байна уу гэдэгт эргэлзэж байна. Зориг гаргасан нэгнийг нь айлгаж сүрдүүлэх байдлаар зоригийг нь мохоох, жагсаал цуглаанд оролцвол яах гэж очсон юм, хохь нь хэмээн олон нийтээр хэл амаар доромжлон гутаах, нүд ам руу нь газ шүршиж, эрүүл мэндээр нь хохироож, чирж гулдчин, хувцасыг нь урж эд хөрөнгөөр нь хохироох төрийн өмнө эмэгтэйчүүд бид үг хэлэх эрх үнэхээр бий гэж үү?
Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=89859
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна