Ц.Нямдоржийн оффшор илэрвэл би үхнэ


“Оффшорчдоос мөнгөө авья” гэх мэт төрийн бус байгууллагуудын мэдээлж буйгаар албан тушаалтнууд 17 тэрбум ам.доллар гадаадад нуусан гэх юм. Үнэхээр тооцоо судалгаатай тоо баримт үү. “Ард түмний онц  зөвлөл” ТББ-ын гишүүн Ц.Нарангэрэл “Маш нарийн судалгаа, мэдээлэл цуглуулсан. 17 тэрбум ам.доллараас илүү мөнгө бий” хэмээн ярьсан байгаа юм. Үүнээс үзэхэд ой тойнд багтамгүй их мөнгө хулгайлсан байх нь.

 

Хамгийн сүүлд л гэхэдНИТХ-ын дарга Ц.Сандуй дүү Сэргэлэнгийнхээ нэр  дээр 480 тэрбум төгрөг нуусан гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт  нарын нэр ил болсон. Гэхдээ хэд нь оффшорт хулгайн мөнгөө нуусан юм вэ. Ил болсон эдгээр нэрнээс гадна их олон хүний нэр байгаа хэмээн Ц.Нарангэрэл өгүүлсэн байна лээ. Дорнын говийн Б.Дэлгэрсайханы томроод байгаа шиг цэвэр бизнесийн мөнгө байвал яах уу.

 

 

 

Эх оронч гэгдэх Э.Цэрэн, Ц.Туяацэцэг хэмээх хоёр эмэгтэй Швейцарь улс  яваад С.Баярцогтын дансны хуулгыг авчираад зогсохгүй, шүүхэд хэрэг үүсгэсэн гэж мэдэгдсэн. Төд удалгүй дансны хуулга нь хуурамч, Швейцарийн шүүх С.Баярцогтод хэрэг үүсгээгүй гэдгээ зарласан байх юм. Хэт их улайрсан эмэгтэйчүүд 9,2 сая ам.доллартай гэсэн хуурамч албан бичиг хийсэн нь тодорхой болов бололтой. Ийм тэнэглэл байвал яах уу.

 

Үүнийг дурдахын учир юу гэвэл 17 тэрбум ам.долларын задаргаа чинь хэр найдвартай вэ. Үнэхээр тийм хэмжээний мөнгө хулгайн мөнгө  гадагшаа урссан бол монголчууд бүгдээрээ тэмцэх цаг болсон.   Худлаа мэдээлэл тарааж эхчүүдийн нус нулимсаар тоглож байгаа тэр этгээдүүдтэй хариуцлага тооцооч. Хаа хаанаа хариуцлагатай байцгаая, тэгэх үү. Бүр сүүлдээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 200 тэрбум төгрөгийн шахаа хийсэн, сая ам.долларын байранд амьдардаг, зургаан тэрбум төгрөгийн хоёр хаустай, мөнгөө оффшорт нуусан гэх мэдээлэл гарах болов.

 

Нэгэнтээ яруу найрагч Б.Галсансүх “Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ” гэсэн байдаг даа. Хамгийн шударга гэж бодож явдаг Ц.Нямдорж оффшортой гэдэг нь илэрвэл Монгол Улс  луйварчны орон гэж үзэх болно. Ерөнхийдөө Ц.Нямдоржийн оффшор илэрвэл шударга ёс үхчихсэн гэдэг нь тодорхой болох юм.  Төрийн 17 тэрбум ам.доллар гадны дансанд байгаа нь үнэн бол Таван толгойгоо таван тэрбумаар зарах ч хэрэггүй. Сангийн сайд тэргүүтэй “гуйлагчид” зээл хөөцөлдөж явахын оронд 17 тэрбумаа авчирахад Азийн бар болох нь тодорхой шүү дээ.

 

ARDCHILAL.MN