УИХ дахь Ардчилсан намын бүлэг хий хоосон бархирахаас хэтрэхгүй болжээ. 2016 оны сонгуульд МАН олонх болж, Ардчилсан нам арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Тэд Намрын чуулган завсарлах хүртэл сөрөг хүчний үүргийг төдийлөн сайн гүйцэтгэж дөнгөсөнгүй. Үүнд олон шалтгаан бий. МАН-ынхан аливаа асуудалд хэт олонхоороо түрэмгийлж, АН-ынханг үл тоомсорлож буй. Мөн Ардчилсан намаас УИХ-д суудал авсан эрхмүүд нь хэт фракцилж, тус тусын амбикцийг хөөсөн нь энэ бүхний гол буруутан болж байна гэж дүгнэх хүн олон байна.
МАН-ынхан эрх барих дээд байгууллагыг толгойлох болсон цагаасаа эхлэн өмнөх засгийг буюу Ардчилсан намыханг намнаж эхэлсэн билээ. Ингэхдээ “Сайн” нэртэй болгоныг үгүйсгэн баллуурдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал, Хөгжлийн банкны асуудал гээд ардчиллын нэртэй болгоныг нухчин дарсан. Үүгээр ч үл барам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүртэл хүч түрэмгийлэн батлуулахаар улайрч байсан ч энэ асуудал олны анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй тулгарсан учраас МАН-ын бүлэг өөрсдөө хуулиа буцаасан.
Тэгвэл Ардчилсан намын бүлэг энэ бүхэнд дэмий л бархирсанаас өөрөөр ажил хэрэг болж, хөрсөнд буусан зүйл бараг үгүй гэхэд нэг их хилсдэхгүй байх. Тухайлбал намын бүлэг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хувьчлал нь хууль зөрчөөгүй, ажлын хэсгийн дүгнэлт хэт өрөөсгөл байна. Төр хувийн хэвшлийнхэнгээ ингэж гадуурхаж болохгүй” гэгчлэнг удаа дараа хэлж, чуулганы үеэр завсарлага хүртэл авч байсан ч тэдний дуу хоолой намын бүлгийн танхимаас хол яваагүй.
Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой.
Харин Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа энэ үед Ардчилсан намын бүлэг мөн л сөрөг хүчний дүрд тоглохыг хичээж эхлэв. Энэ талаар өчигдөр тэд мэдээлэл хийж, ОУВС-ийн тавьж байгаа нөхцөлд анхаарах нэлээд байгааг онцолсон. Хөтөлбөрийн хугацаанд “Хүн амын орлгоын албан татвар”, “Нийгмийн даатгалын шимтгэл”-ийг нэмэгдүүлэхээр заасан нь байж боломгүй зүйл гэдгийг ч хэлсэн юм. Тодруулбал энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бид өнөөдөр бүлэг дээрээ хоёр асуудал хэлэлцлээ. ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудлаар олон нийт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээлэлтэй байх шиг байна. ОУВС-гийн тавьж байгаа нөхцөлд анхаарах зүйл олон байгааг манай гишүүд ярилцлаа. Хамгийн гол нь ХХОАТ, НДШ-ийг нэмэх нь байж боломгүй зүйл гэж бид үзэж байна. Төсвийн зарлагад анхаарахгүй орлого тал дээр татвар нэмэх асуудал орж ирсэн нь хамгийн эмзэг. ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй. Эрх баригчид Ардчилсан намын бодлогын алдааг засаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол бодлогын алдаа биш бодлогын зөрүү. Тэлсэн эдийн засагт төсөв мөнгөний хатуу бодлого барьж болохгүй. Ардчилсан нам эрх барьж байхдаа 1.5 тэрбумыг бондоор босгож байсан. Харин энэ Засгийн газар 5 тэрбум ам.доллар авч байгаа нь 3.6 дахин их байна" гэдгийг хэлсэн.
Тэгвэл тэдний дуу хоолой төрд хүрч, энэ асуудлыг эрх баригчид анхаарах болов уу эсвэл мөн л өмнөх асуудлууд шиг хаалганы гадна үлдэх үү гэдэг эргэлзээтэй байгаа юм. Уг нь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хурцатгаж, иргэдийн нуруун дээр ирэх ачаанаас хөнгөлж өгвөл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэлээд том “кок” авах нь ойлгомжтой. Энэ нь тэдний намын бүлэг байгуулсны, төрд төлөөлж байгаагаа гавьяа болно гэдгийг хэлэх хүн олон байна.
Харин ардчилсан намынханыг ээлж дараалан намнаж байгаа асуудалд тэд уг нь дуугардаг ч мөн л тэнгэрт тулдаггүй, тэгэсхийгээд л намждаг. Энэ удаа ч мөн намын бүлэг УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас баривчилсан талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АН удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан. Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна. Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байгаа.
Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал.
Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой. Ардчиллын үнэ цэнийг нухчин дарах бодлого дэндүү хүчтэй явагдаж байна. Энэ нь эргээд 26 жилийн өмнө байсан хуучин бодлого руу явуулж байгаа юм. Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл” гэдгийг хэлсэн.
Энэ бүх асуудал үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу юу, Ардчилсан намын бүлэг намынхныхаа эрх ашгийг хэр хүндэтгэж, төрд төлөөлж чадах уу, үнэхээр цаашид хүчтэй сөрөг хүчин байж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за.
Эх сурвалж: 24TsaG.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна