Т.Аюурсайхан: Харамсалтай байна... Мэргэжлийн ЗГ арай ч дээ...


УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Аюурсайхан өөрийн пэйж хуудсандаа дараах мэдээллийг байршуулжээ. "Засгийн газарт өөр сонголт байсангүй", "3 жилийн дотор эдийн засгаа бүрэн босгох хөтөлбөр", "Ухаалаг сонголт байлаа" г.м ямар ч тархи угаалт одоо хэрэггүй. Энэ бол товчхондоо "Бид иднэ Ард түмэн зүтгэнэ" гэдэг хувилбарыг Монгол төр барилаа гэсэн үг. Түүний үгсийг хүргэе:

 

"Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн "Extended Fund Facility" хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болж байна. "Stand-by" хөтөлбөрөөс илүү хүндэрсэн үед хэрэгждэг уг хөтөлбөр Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улсад хэрэгжээд явж байна. Хөтөлбөрийн сөрөг талуудын зэрэгцээ эерэг талууд байгаа боловч үүндээ тулсанд нь харамсалтай байна.

 


Сонгуулийн дараа нөхцөл байдлыг мэдсээр байж "би чадна, жинхэнэ мэргэжлийнх" гээд уралдан ажил авцгаасан, чадсангүйд харамсаж байна. Энэ олон сар өнгөрч байхад Засгийн газар, Монголбанк маш удаан, ур чадваргүй ажиллаж байна. Гол нэрийн экспортын барааны үнэ ингэж сайхан өсч байхад энэ их баялагтай, энэ жижиг эдийн засгийг босгочихож чаддаггүй. Олон сая доллар, олон их наяд төгрөгийг хувааж идээд, цацаад дуусгасан хүмүүстэй өөрсдөө хуйвалдсан мэт хаацайлан хамгаалж, хуулийн хариуцлагад татдаггүй, зувчуулсан мөнгийг эргэж төлүүлж чаддаггүй. Нам харгалзахгүй оффшорчдыг шалгаж, хулгайн мөнгийг нь татаж чаддаггүй. Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг "Хадгаламжийн даатгалын корпораци"-ийн гүйцэтгэх захирлаар томилсон 2 хүн /Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нар/ Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй. Сонгуулийн өмнө нөхцөл байдлыг мэдсээр байж амласан. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийдэг эдийн засагч, УИХ-д эрдэмтдээ төлөөлж байгаа хүнийхээ хувьд бодлоо хуваалцлаа. Та бүхэн өөр өөрийнхөөрөө тунгаана биз ээ."


Монгол Улс ийм хэмжээнд очоогүй байсан