Энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Говь-Алтай аймгийн төвөөс 70 гаруй км-ын зайд УИХ, Засгийн газрын гишүүдийн автомашины цуваанд явсан нэр бүхий яам (Мэдээллийг баталгаажуултал яамны нэрийг нууцлав)-ны автомашин Засгийн газрын авто баазын автомашины араас хүчтэй мөргөж, осол гаргасан байна.
Дарга нарын хөлөглөж явсан автомашины цуваа осолд орсон жолоочийг автомашиных нь хамт тус газарт орхиод цааш явсан байна. Харин гэмтсэн жолоочид эмнэлгийн тусламж удаан хүрсэн бололтой. Учир нь осол гарснаас олон цагийн дараа гэмтсэн жолооч харъяа газар руугаа утасдаж “Би үхлээ. Эмнэлэг яаралтай дуудаад өгөөч” гэж холбогдсон талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Энэхүү үйл явдал замын цагдаагийн хоногийн мэдээнд бүртгэгдээгүй байна. Учир нь дээрх мэдээллийг албаныхан ихээхэн нууцлаж байгаа бөгөөд хэн гэдэг жолооч ямар гэмтэл авсан, хэн гэж даргын цуваа явсан, ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байна. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Энэхүү осол гарсан цаг хугацаа нь УИХ-ын дарга М.Энхболдын Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий (2017.02.13-ны өдрөөс эхлэн гурав хоног) аймгийн иргэдтэй уулзаад буцах хугацаатай таарч байгаа юм. Иймд түүний явсан автомашины цуваанд осол гарсан уу гэсэн хардлагыг төрүүлж байна.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хуульд зааснаар нэгдүгээр зэргийн хамгаалалт эдэлдэг. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг нь цагдаа, Төрийн тусгай хамгаалалтын газрын автомашинаар хуяглан явдаг. Үүн дээр дагалдан яваа хүмүүсийн тээврийн хэрэгсэл нэмэгдээд багагүй урт автомашины цуваа бий болдог.

Зураг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цуваанд 2015 онд гарсан осол
-ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦУВААНД ЯВСАН АВТОМАШИНУУД МӨРГӨЛДӨЖ БАЙВ-
2015 оны зургадугаар сард Төв аймгийн Эрдэнэ суманд бүх цэргийн Их хар сүл цэнгүүлэх ёслол болсон юм. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болоод албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр цуваанд явсан машинууд зогсох үед нэг нь нөгөөгөө мөргөсөн тохиолдол гарч байсан. Зөрчил гаргасан Засгийн газрын автобаазад данстай “Sonata 7” маркийн машиныг тэр даруйд нь Улаанбаатар руу буцааж байсан талаар эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: Medee.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна