МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн ”хоолондоо орох” гэж яарав уу


Сүүлийн үед хэн нэгнийг зохион байгуулалттай ч юм шиг сошиалаар гүтгэж, гүжирдэх, бүр нөгөө ертөнц рүү илгээчих гээд байх явдал улам гаарч, үүнийг нь зарим нэг хүн сэтгүүлзүйтэй хутган ойлгож, асуудал үүсгэж байгаа нь хачирхалтай.

 

Яг ийм нөхцөл байдалд хүрчихээд байгаа хүн бол БОАЖ-ын сайд Д.Оюунхорол. Түүнийг харлуулах гэсэн хэсэг бүлэг нөхөд бүр эрчээ авч, хүнийг яаж гүтгэж, гүжирдэж болдгийг яруу тодоор харуулж байна гэхэд хилсдэхгүй. Анх “унтаж байгаа сайд” гээд л утааны тухай лекц уншсан Ерөнхийлөгчийн уулзалт дээрх зургийг нь сошиалаар тарааж, хэсэгтээ л олон нийтийн шүүмжлэлд өртүүлж амжсан.

 

Угтаа бол хүн нүдээ тасралтгүй нээлттэй байлгаж чадахгүй, тэр дундаа бичлэгнээс зураг тасдаж авахад нүдээ аних тохиолдол олон бий. Үүнийг алдарт фотошопчид андахгүй мэдэх учиртай. За тэгээд, үргэлжлүүлэн гитартай зургийг нь цацаж, түүнийг төрийн албаны өрөөнд согтуу байсан мэтээр шуугилаа.

 

Үнэндээ ямар ч тэвчээртэй хүн энэ мэтчилэнгээр өөрийг нь гүтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. “Өт хорхой ч гэсэн биедээ хүрэхээр атирдаг” гэдэг үгийг мэддэггүй зарим нь Монгол хэлний их тайлбар толиноос нэг харчихаасай даа. Тиймээс ч Д.Оюунхорол сайд мэдээлэл хийж, дээрх асуудлуудад тайлбар хийсэн.

 

Гэтэл үүнтэй зэрэгцэн яамны албан тушаалтнууд нь авлигын хэргээр баривчлагдсан гэх мэдээлэл цацагдав. Үүнийг мөн л Д.Оюунхорол сайдтай нэр холбож, “Хүн мөнгө өгч байхад авалгүй яах вэ” гэж хэлсэн мэтээр зохиолж бичин тарааж, албан тушаалаасаа огцрохыг хүртэл уриалж эхэллээ.

 

Энэ мэтчилэн сүүлийн үед Д.Оюунхорол сайд руу чиглэсэн дайралтууд ар араасаа хөвөрч буй нь зүгээр ч нэг сошиалчдын хийгээд байгаа хэрэг биш бололтой. Угтаа бол их л дээрээс шидэж буй чулуу гэдэг нь эдүгээ хэнд ч ойлгомжтой болж байна.

 

Үнэндээ бол Д.Оюунхорол сайд МАН-ынхан дундаа нэлээд нэр хүндтэй, туршлагатай улстөрч. Түүн шиг УИХ-д таван удаа буюуу хамгийн олон суусан эмэгтэй хэдхэн. Баабар Монголд дөрвөн эмэгтэй л улс төрд нэртэй үлдсэн гэсэн байна лээ. Үнэн л дээ. Тэрбээр Н.Энхбаярын үед хавчигдаж явсан, гэхдээ шантраагүй хэлэхээ ч хэлдэг, хийдгээ ч хийдэг л хүн. Тэгээд ч туулсан амьдралынхаа туршлагаар хашир няхуур болсон хүн хэрийн юманд гуйвахгүй, бас хэн нэгний өмнө гэнэ алдахгүй нь тодорхой.

 

Тиймээс ч түүнийг намнах гээд байгаа энэхүү үйл ажиллагаа зохион байгуулалттайгаар барахгүй бүр нам дотроос нь ч байж мэдэхээр байна. Зарим нэг учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн "хоолондоо орох" гэж яарсандаа нэр бүхий улстөрчдийг замаасаа зайлуулахаар энэ мэтчилэн “хар ажил”-ыг хийж эхэлсэн гэнэ.

 

Ямартаа ч, МАН-ынхан энэ мэтчилэн элдэвтэй арга хэрэглэж, “тамын тогооны үлгэр”-ийг үргэлжлүүлэх бололтой. гэхдээ бүтэхгүй л дээ, тэднийг энэ явуургүй арга. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр Д.Оюунхорол хэн гэдгийг ард түмэн мэднэ л дээ. 

 

Эх сурвалж: MMINFO.MN