МУИС-ийн сургуулийн оюутнууд саяхан жагслаа. Боловсролын салбарыг хариуцсан БСШУСЯ-ны төлөөлөл оюутнуудыг хүлээн авч уулзсан боловч, галыг түр зууртаа унтраахаас хэтэрсэнгүй. Нэг жагссан оюутнууд дахин жагсахаа Оюутны холбоондоо уламжлаад байна.
МУИС-ийн ТУЗ-ийн шийдвэрээр оюутнуудаас улиралд 112 мянган төгрөг, жилд 224 мянган төгрөг, магистрт суралцаж буй хүмүүсээс жилдээ 336 мянган төгрөгийг хураамж болгон авдаг. Хагас жилдээ 4 орчим тэрбум, бүтэн жилдээ 8 тэрбум төгрөг цуглардаг аж. МУИС-ийн удирдлагууд энэхүү мөнгөө цэвэрлэгээ, үйлчилгээ, интернетийн холболт, анги танхимын засвар, номын сангийн ном бүрдүүлэлт, оюутны сургалтын орчны сайжруулалт зэрэгт ашигладаг гэж тайлбарласан. Гэвч Үндэсний аудитын газар “суурь хураамж нь хуульд нийцэхгүй байна” хэмээн дүгнэлт гаргасан нь оюутнуудыг тийн жагсахад хүргэжээ.
Суурь хураамжийг сүүлийн таван жилийн турш хууль бусаар авч байсныг БСШУСЯ-ны сайд, удирдлагууд мэдэж байсан уу? Мэдэхийн дээдээр мэдэж байсан бол яагаад дуугүй өөгшүүлэв гэдэг асуулт урган гарч байгаа юм. 17 мянган оюутантай, жилдээ найман тэрбум төгрөг цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулдаг МУИС дээр суурь хураамжийн асуудал дэгдсэнтэй зэрэгцээд БСШУСЯ-ны удирдлагын түвшинд улсын хэвшлийн их, дээд сургуулиуд дээр ТУЗ хэмээх албаны нэртэй улс төрчдийн бүлэглэл очиж суудаг нь зөв юм уу гэдэг сэдэв хөндөгдсөн сурагтай.
БСШУСЯ-ны тогтоосон журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүд ихэвчлэн ажиллаж байгаа. Энэ нь их, дээд сургуулиудыг улс төрөөс ангид, боловсорсон хүмүүс нь боловсролын чиглэлээр нь удирдан ажиллуулах боломжийг олгохгүй байгаа. Бүх зүйл нь улс төртэй хамааралтай болсон Монгол Улсад их, дээд сургууль нь хүртэл улс төржих үндэс суурийг салбарын яам нь найр тавин олгосоор байгааг сайд Ж.Батсуурь бахархалтайгаар үргэлжлүүлэх үүрэгтэй юм уу.
Ер нь сүүлийн үед БСШУСЯ-ны удирдлагууд үхээнц, унхиагүй, өнөө маргаашаа аргацаасан байдлаар ажиллах болсон. Энэ нь суурь хураамжийн асуудал дээр ч, их, дээд сургуулийн ТУЗ-ийн дарга болон гишүүдээр улс төрчдийг томилдог жишгийг халах эсэх дээр ч харагдах боллоо. Үхээнц, унхиагүй энэхүү байдал нь удирдлагын бүтэц, зохион байгуулалтад хүртэл муугаар нөлөөлөөд эхэлчихжээ. Саяхан тус яамны Соёлын бодлого зохицуулалтын дарга Н.Болд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт дээр унажээ. Монгол төрийн өндөр босгыг давж чадаагүй соёлын бодлогын даргаа Ж.Батсуурь сайд урдаа нуух уу, ардаа хамгаалах уу хэмээн аргаа барж суугаа гэнэ. БСШУСЯ дээр ийм сонинтой байна.
С.Сүлд

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй