УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн өнгөрөгч мягмар гарагт болсон Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан дээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сэтгүүлчдэд оноох ялыг чангаруулахыг “шаардав”.
Түүнийхээр бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчдийг нэр хүнд, алдар нэрийг санаатайгаар гутаан доромжилж, тэр үйлдэлдээ шан харамж авдаг гэнэ. Түүнчлэн сошиал орчинд оногдуулах ялыг чангаруулахыг үүрэгдэв. Олон улсад сошиал сүлжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцдоггүй. Манайд ч ялгаагүй тооцдоггүй.
Гэхдээ баримтгүй худал зүйл бичих, мөн хуурамч нэрээр хүнийг зориудаар гүтгэн доромжилвол түүнийг олж илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Нөгөө талаас сэтгүүлчид сэтгүүлзүйн алтан дүрмээ баримталж үргэлж эх сурвалжтай, баримт мэдээлэл бичиж, түүнийгээ олон түмэнд түгээдэг “нийгмийн эмч” хүмүүс. Харин энэ хэм хэмжээгээ зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг. Сүүлийн үед улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад хяналтаа тогтоож, өөрсдийн эрх мэдэл, мөнгө төгрөгөөрөө хөдөлгөдөг болсон нь нууц биш.
Гэсэн хэдий ч сэтгүүлчид энэ хүнд дарамтан дор “нийгмийн эмч”-ийн үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэж, нийгмийг “цэвэрлэж”, улстөрчдийн хүрээнд бугшсан идээ бээрийг шахаж байна. Үүнийхээ улмаас улстөрчдийн золиос болох нь ч бий. Сэтгүүлчид эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд хүчинд автах эсвэл хэдэн төгрөгнөөс болж оруулсан мэдээгээ устгах нь ч бий. Мөн асуудал нь үнэн ч улстөрчдийн өөрөөсөө хүртэл нуусан бусармаг үйлдлүүдийг нь илрүүлж явахдаа ганц нэг үг үсэг эсвэл нэг жижиг тоо зөрүүлэх төдийд л буруутдаг. Ийм үед хэвлэл мэдээллийн байгууллага улстөрчдөөс уучлалт гуйж залруулга гаргадаг. Тэгтэл улстөрчид түүнийг нь би ийм хэрэг хийгээгүй, цэвэр хүн гэх зэргээр олон түмэнд суртачилдаг. Үнэндээ хийсэн л байдаг байхгүй юу. Тэгээд ч улстөрчид дотор нэр цэвэр, хар мөргүй нэг ч хүн байхгүй. Нэг л их “идэж ууж”, хулгайлсан, шамшигдуулсан нөхдүүд л байдаг.
Мэдээж нийгэмд буруу зүйл хийсэн, ард түмнийг хохироосон, түүнийгээ байх ёстой үйлдэл мэтээр хардаг хүмүүсийг ах зах ёс хэмээн хүндэтгэж бусармаг үйлдлүүдийг нь нуун дарагдуулах нь “нийгмийн эмч” хүний үйлдэл биш. УИХ-ын гишүүдийн хувьд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын буянаар өнөөдөр УИХ-д сууж байгаа. Харин “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр нөгөө ариун цагаан хөдөлмөрч эмэгтэй чинь гэнэт дүр төрхөө өөрчлөн сэтгүүлчид рүү дайрч эхэллээ. Сэтгүүлчид бол улстөрчдийн өөдөөс ганц дуугардаг хүмүүс. Бид улстөрчдийг буруу зүйл хийхэд нь шүүмжилж, ард түмнийхээ төлөө сайн ажиллаарай гэж ташуур өгдөг. Тэгтэл хэмжээгүй их эрх дарханд бялуурсан улстөрчид өөрсдийнх нь эрх ямба нь хэтэрч шударга бус явдал хийснийг нь илчилснийхээ төлөө тэдний араанд зуугддаг. Одоо байгаа хуулийн зүйл заалтаар сэтгүүлчдэд хангалттай хүнд шийтгүүлж байгаа. Энэ хуулийн хүрээнд сэтгүүлчид хангалттай үнэн, шударга ажиллаж нийгмийг эрүүлжүүлэх үйлээ нэр төртэйгээр биелүүлж байна.
Тэгтэл сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, ажиллах нөхцлийг нь боомилсон нэмэлт өөрчлөлт оруулж, эрхтэн дархтнууд өөрсдийнхөө ямба байж болох хэмжээнд нь хүртэл эдлэхээр улайрч байна. Тиймээс энэхүү ажлыг “толгойлж” буй нэр бүхий гишүүдийг “Сэтгүүлчдийн дуу хоолойг боомилогч”, “Хэвлэлд халтай улстөрч”-өөр тодруулах нь зүйтэй болов уу. Нөгөө талаас УИХ-ын гишүүд их хурал дотроос бусдад үлгэрчлэх 100 хувь нэр цэвэр хүн байвал энэ байна гээд нэрлэчихээрэй. Тэгээд ч улстөрчид бие биенийхээ “идэж уусан” асуудлыг сэтгүүлчдэд дэлгэж, захиалж бичүүлдэг. Тэгтэл улстөрчдийн өгсөн баримтан дээр тулгуурлан бичсэн сэтгүүлчид тэдний золиос болох уу. Эцэст нь гэж хэлэхэд, “баяраа өөрөө ширээн дээрээс уначихаад” гэдэг шиг өөрсдөө буруу зүйл хийчихээд түүнийхээ пянг даахгүй сэтгүүлчид рүү дайрах нь тэгээд зөв үйлдэл мөн үү.

Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа