Ц.Мөнх-Оргил сайд Хятадын Засгийн газраас дахин УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ


Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.


Ц.Мөнх-Оргил сайд “Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг, Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үздэг. Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар харам. Түүнчлэн Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” хэмээсэн байна.


Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Түвдийн шашны тэргүүн, 14-р далай лам Монголд дөрөв хоногийн хугацаатай айлчилж, төгсгөлд нь 10-р Богд тодорсон, түүнийг 3-5 нас хүрэхээр олон нийтэд зарлана гэдгээ мэдэгдсэн билээ.


Далай ламын айлчлалыг Хятадын Засгийн газар эсэргүүцэж, удаа дараа манай ГХЯ-нд хандсан мэдэгдэл хийсэн. Тэд Монголын Засгийн газрыг тун болчимгүй үйлдэл хийж байна хэмээн шүүмжилж, ойрын хугацаанд болох байсан улс төрийн бүхий л айлчлалыг цуцлаад байсан юм. Монголын Улсын Засгийн газар эдийн засгийн хямрал, бондын эргэн төлөлт гээд нэлээд асуудалтай тулгарч, Хятадаас 4,3 тэрбум долларын зээл авахаар төлөвлөж байжээ. Харамсалтай нь УИХ-ын дарга М.Энхболд авсан зээлээ юунд зарцуулахаа огт төлөвлөөгүй байсан тухай гадны хэвлэлүүд бичиж байна.


Энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талаас уучлалт хүссэн захидал илгээж, одоогийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах хугацаандаа Далай ламыг Монголд дахин хөл тавиулахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч үүнд олон нийт Хятадын талд хэт тал зассан, давраасан асуудал хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Харин олон нийтийн санаа бодлыг огт сонсолгүйгээр Ц.Мөнх-Оргил сайд Хятадын талаас дахин уучлалт гуйжээ.


Түүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улс болон хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг тэмдэглээд монголын талын өмнө нь хэвлэл, мэдээллээр нээлттэй мэдээлсэн байр суурь, ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг хятадын тал анхааралдаа авснаа илэрхийлэв. Цаашид монголын тал хоёр улсын харилцааны хөгжлийн төлөө хятадын талын язгуур эрх ашгийг хүндэтгэн, Хятад, Монголын харилцаанд бий болсон сөрөг нөлөөг арилгахад бодитой хүчин чармайлт гаргаж буйд баяртай байна” хэмээжээ.


Ц.Мөнх-Оргил сайдын удаа дараа уучлалт гуйсан байдлаас харахад Монголын эдийн засгийн уналт ба сэргэлт урд хөрштэй салшгүй холбоотой болжээ. Хятадаас орж ирэх 4,3 тэрбум доллараас гадна Монголын эдийн засагт түлхэц болох өөр ямар гэрээ хэлэлцээр яригдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч 80 гарсан өвгөн ламын айлчлалаас үүдэж Монголын төр Хятадын Засгийн газрын өмнө бөхөлзөж буй нь нэг талаараа ичгэвтэр хэрэг билээ.

 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn