Х Богд гэх хүү хэний хүүхэд вэ?


XIV Далай ламын айлчлалыг шууд эсэргүүцэж, урд хойд хөршийн байр суурийг хүндлээгүй хэрэг болно гэж жирийн жирийн лам хүн бус улстөрч аятай хэвлэлийн бага хурал хийж, үнэн голоосоо ундууцаж байсан хүн бол “Монголын бурхны шашинтны шинэ төв”-ийн тэргүүн буюу өөрийгөө хамба номуун хан хэмээн өргөмжилсөн “Их хүрээ” хийдийн Зандангийн Санждорж.

 

Тэгвэл оны өмнөхөн буюу Үндэсний эрх чөлөөгөө дахин сэргээсний 105 жилийн ойгоор IX Богдын хойд дүр хэмээн нэгэн хүүгийн зураг сошиал ертөнцөөр ил болсон.

 

Учрыг нь ойлгоогүй хүмүүс зарим нь итгэж, үлдсэн нь гайхаад хоцорсон. Х Богдыг тодруулах сургаар хэд хэдэн улстөрчид хүүхдээ тодруулахаар улайрч буй талаар хэвлэлээр хангалттай шуугисан. УИХ-ын дарга М.Энхболдын хүүгийн нэр ч чих дэлсээд авсан билээ.  

 

З.Санждоржийн тухайд XIV Далай ламын монгол дахь айлчлалыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан лам, хуврагуудын нэг юм.

 

Тэгвэл Далай ламын айлчлалаар “Х Богдыг тодруулах гэж байна. Монголд Богд хэрэггүй” гэж хэвлэлийн хурал зарлан шуугиулж байсан З.Санждорж өөрийнхөө хувилбарыг Х Богд хэмээн өргөмжилжээ.

 

Гэрэл зургийг control.mn
Гэрэл зургийг control.mn

 

Ингээд хиазтай дээлээр хувцаслан, сэнтийд суулгасан хүүгийн зураг бүхий “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 105 жилийн ойгоор халхын Х Богдыг сэнтийд нь заллаа” гэх мэдээллийг гаргасан байна.

 

Тэрхүү хүү нь З.Санждорж болон н.Сарантуяа гэгч залуухан бүсгүй нарын дундаас гарсан аж.

 

“Шар ордон”, “Их хүрээ” гэхчилэн Богдтой холбоотой, түүний байрлах ордны болон харъяалах сүм хийдүүдийн нэрийг өөрийн эзэмшлийн байрандаа өгсөн байдаг З.Санждорж хамба Далай ламыг эсэргүүцээд байсан шалтгаан нь өөрийн хүүхдээ Богдын хойд дүрээр тодруулахаар эртнээс төлөвлөсөн байсантай нь холбоотой бололтой.

 

Харин Төв Гандантэгчинлэн хийдээс энэ талаар тодруулахад нарийн дэг жаяг үйлддэг бөгөөд “Х Богдыг тодруулаагүй” гэж эрс үгүйсгэв.

Харин архивын баримт ухвал, З.Санждорж нь Гандантэгчилэн хийдийн Ганданлавранд БНСУ-аас бэлэглэн бүтээлгэж байсан 8 тонны бурхныг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдаж шившгээ тарьж байсан баримт одоог хүртэл хадгалагдсаар буй аж.

 

Түүнийг Хятадыг даган их хэмжээний мөнгө авч Соёлын дурсгалт өв Дамбадаржаалин хийдийг сэргээн засварлах нэрээр өөртөө авч дотуур байр болгох санаатай яваа гэж ч ярьдаг.

 

 

Ямартай ч Х Богдын хуурамч дүрээр өөрийн хүүг тэрээр тодруулжээ. VIII Богдыг жанч халсны дараа буюу 1930-аад оны үед ноёд, тайжуудаас эхлээд олон хүмүүсийн түүний хойд дүрийг өөр өөрсдийнхөөрөө тодруулж, өргөмжилж байсан баримт бишгүй бий. Харин Монголд ирж өөрийн утгат амьдралын сүүлчийн өдрүүдийг өнгөрөөсөн IX Богд Жавзандамба хутагт нь Далай ламаар хүлээн зөвшөөрүүлсэн юм.

 

Эх сурвалж: News.MN