“Эрбуб” ХХК ард түмний зовлонгоор бизнес хийж байна уу


Улаанбаатар хотын агаарын бохирдол аюулын харанга дэлдээд байгаа энэ үед дотоодод амны хаалт, маск үйлдвэрлэгчид утааны эсрэг, шүүлтүүртэй маск үйлдвэрлэж байна гэсэн мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр явж байгааг та анзаарсан байх. Анзаарах нь бүү хэл үр хүүхэд, гэр бүлийнхэндээ аваад өгчих юмсан гээд цөөхөн хэдэн төгрөгөө үл хайрлан зарж байгаа газрыг нь хайж яваа гэдэгт итгэлтэй байна.

 

Зовлон учирхаар лам цадаж, Зуд болохоор нохой зоолдог гэсэн үг бий. Түүний нэгэн адилаар сүүлийн хэдэн жил утаа гэсэн аюулын харангаар далимдуулан олон ч “сүйхээтэй” хүмүүс “зоолов”. Тэдний үргэлжлэл болж байгаа нөхдүүд энэхүү амны маск үйлдвэрлэгчид болж байх шиг байна. Үнэхээр нэгэнт үхлийн аюултайд хүрчихсэн учраас бид яаж ийгээд өөрсдийгөө сэргийлэх, болж өгвөл мултрахыг хичээж буй. Тийм ч учраас үр хүүхдээ “Утааны хор тайлдаг” гэж сурталчилах “Зөв” аарцны ундаагаар дайлж, эргэн тойрныхноо амны маскаар хамгаалчих санаатай яваа. Гэтэл эдгээр бараа бүтээгдэхүүнүүд үнэхээр биднийг хамгаалж, хорыг тайлж буйг хэн нотлох вэ?

 

Эс бөгөөс амны маск үйлдвэрлэгч Эрбуб ХХК энэхүү амны хаалтаа тэчнээн хувиар чамайг хамгаална гэдгээ шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах хэрэгтэй. Үгүй бол зүүсэн бүхэн бараг үнэрээс нь давхар хордохоор хуванцарыг үнэртэй амны маскаа өвчин зовлонтой ард түмэндээ шахаж, халаасны хэдээр нь өөрсдийгөө тэжээхээ зогсоох хэрэгтэй.