С.Жавхлан: Монголоо цөхрөөж уйлуулчихаад ямар нүүрээрээ ч баярладаг юм


УИХ гишүүд шинэ жилээ тэмдэглэхээс татгалздаггүй. Тэгвэл С.Жавхлан гишүүн УИХ-ын гишүүдийн шинэ жилээс татгалзаад байна. Тэрбээр чухам яагаад гишүүдтэй хамт баярлахгүй гэснээ хэрхэн тайлбарласныг танд хүргэе. Тэрбээр хэлэхдээ “Яг юу хийсэн гэж баярлах юм. Одоо баярлаж байх цаг мөн үү. Шинэ жил  бол гадны баяр. Гадны баяр тэмдэглээд явж байдаг ямар их зав вэ. Үүнийхээ оронд гишүүд Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг дээр, Баянхошуу, Толгойт гээд захын хорооллуудаар очих хэрэгтэй. Найрлах мөнгөөрөө тэнд хэцүү амьдарч буй иргэдэд хоногийн хоол авч өгч болно шүү дээ. Тэгэхгүй юмаа гэхэд ядаж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Ер нь насанд хүрсэн хүмүүс шинэ жилээр баярлахыг би буруу гэж үздэг. Хүүхдүүд бол яахав, баярлах хөөрөх нас нь шүү дээ.

 

Гэтэл томчууд нь гадны баяр, соёлд хөлөө хугалчих гээд гүйдэг мөртлөө Монголоо гэхээр хүлээж авахаа байчихсан. Ийм эргэчихсэн, хөлдөөд царцчихсан толгойтой гишүүдтэй хамт найрлаад сууж байх зав надад алга. Ер нь баяр гэж юуг хэлдэг юм. Тэн хагас нь гомдоод өлсөж байхад  хэдхэн хүн нь найрлаж цэнгэж буй зүйлийг баяр гэхгүй ээ. Гурван сая гаруй хүн бүгдээрээ сэтгэл хангалуун ижил, тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно… Би Монголоо ухаардаггүй, Монгол дээлээ өмсөж чаддаггүй, өөрөөсөө өөрчлөгдөхийг хүсдэггүй нөхдүүдэд дуулж өгөхгүй. Миний дууг сонсох тавилан нь хүрэхгүй биз дээ, гишүүдэд. Монголоо цөхрөөж уйлуулчихаад ямар нүүрээрээ ч баярладаг юм, гайхаж байна.” хэмээн ярьсан байна.