Утааны эсрэг жагсаал хийнэ хэмээн хэдэн өдрийн өмнөөс соошлоор акц өрнүүлэн сүр болж байгаад өчигдөр арга хэмжээ зохион байгуулсан хэдий ч төлөвлөсөн хэмжээнд хүрэхүйц тийм ч олон хүн цугларсангүй. Уг нь олон нийтийн сүлжээгээр өрнөж байсан чиг хандлагаас харахад, хангалттай олон хүн төв талбай дээр цуглаж байгаад эрхтэн дархтануудад шаардлага тавин бараг л “алаад өгөх юм” яриад байснаа яг цаг нь болтол ихэнх нь ирээгүй бололтой.
Уг арга хэмжээг зохион байгуулагчид соошлд санал бодлоо илэрхийлж байгааг ажиглахад, ихээхэн сэтгэл дундуур байгаа нь мэдрэгдэж байв. Тэд арай л өөр дүр зургийг сэтгэлдээ төсөөлөн мөрөөдөж байсан байх.

Утаа гамшиг боллоо хэмээн дээр дооргүй үглэцгээж байгаа энэ үед түүнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шахалт үзүүлэх арга хэмжээнд ажил төрөлтэй хүмүүс нь байг гэхэд, ажилгүй, зав чөлөөтэй хэсэг нь бүрэн дүүрэн хамрагдчихсан бол бас ч үгүй хөөрхөн цочроог дарга нарт мэдрүүлээд амжих байсан биз. Статистик мэдээллээс харахад, ажилгүйдлийн түвшин өндөр, ажил орлогогүй хүмүүс өчнөөн мянгаараа байдаг юм билээ. Тэд зүгээр хэвтэж байхаар иймэрхүү нийгмээ сайжруулах зорилготой акц хөдөлгөөнд идэвхтэй оролцоод байдаг бол ядаж л өөрсдөд маань хэрэг болохуйц.

Саяхан л гэхэд, тэр Өмнөд Солонгост болсон эсэргүүцлийн жагсаалыг эргээд санацгаая. Хүмүүс гэдэг, өөрсдийн эрх ашиг, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө тэгж хамтарч тэмцэж үр дүнд хүрч чаддаг юм байна. Найз нөхөд, тойрон хүрээлэл нь авлигын хэл аманд орооцолдсон Ерөнхийлөгчөө огцруулахын төлөө уйгагүй жагсаж тэмцсээр байгаад ямар ч байсан санасандаа хүрч байх шиг байна. Тус улсын Ерөнхийлөгч, дээд удирдлагууд нь ч мундаг юм. Өөрсдийн буруутай үйлдлийг тэр дороо ухамсарлаад, ард түмнээсээ уучлал гуйн, хэл ам таталж зууралдалгүй сандал ширээгээ чөлөөлөөд өгчихдөг юм байна.
Өмнөд Солонгос ч гэлтгүй, Японы дээд хэмжээний удирдлагуудын түвшинд иймэрхүү үйлдлүүд байн байн ажиглагддаг. Өндөр хөгжилтэй, соёлт ертөнцийн орнуудын дарга нар нь хүртэл өөр байх юм. Арга ч үгүй юм, Ард түмэн нь бас өөр л дөө. Ард түмэн ямар байна, тийм л удирдлага байдаг хойно.
Гэтэл бид яаж байна? Хоорондоо хов базах, соошлоор цуурч хийрхэхдээ л жигтэйхэн мундаг шүүмжлэгч нар. Яг бодитоор үйл ажиллагаа хийх болохоор залхуураад хэвтэцгээчихдэг. Тэгсэн атлаа “утаа гамшиг боллоо” гээд хий дэмий хашгираад байдаг. Яг л нөгөө “харанхуй байна гэж хий хашгирч байхаар ядаж ганц дэнлүү ч болтугай асаагаач дээ” гэдэг шиг.
Утааны эсрэг жагсаал бол ганцхан утаа ч бус, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулахтай нягт холбоотой ажиллагаа юм. Улаанбаатарын агаар мандалд утаа бус, харин ядуурал үнэртэж угаартуулсаар байна...
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь