МАН парламентад олонхи болсон хойноо Удирдах зөвлөлийнхөө хүрээнд гаргасан хамгийн сонирхолтой шийдвэрүүдийн нэг нь Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилсон явдал байв. Намаа ялалтад хүргэсэн М.Энхболдын байр суурь ч харьцангуй хүчтэй байсан үе. Тиймээс санал болгосон хүн нь гэрлийн хурдаар дэмжигдэж, ард нь М.Энхболд парламент, засгийн газраа нэг гараар удирдах мэдээлэл тухайн үед гарч байв.
Эдүгээ Ж.Эрдэнэбатын засгийн газар байгуулагдаад даруй дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд ам.долларын ханш сонгуулиас хойшхи дүнгээр 500 гаруй төгрөгөөр чангарч, Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал хүчтэй яригдаж, гадны хэд хэдэн улсаас зээл хүсэж байгаа мэдээлэл хөвөрсөн ерөнхий дүнтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат засгийн газрын 100 хоногийн тайлангаа сэтгүүлчдэд мэдээллэх үеэрээ “Засгийн газар гэр хорооллын иргэдийг бүтэн талх авдаг болгохын төлөө ажиллаж байна” гэж онцолсон. Бодит байдал дээр гэр хороололд эдүгээ аравдугаар сарын сүүл үетэй харьцуулалтгүйгээр амьжиргаа хүндрэв.
Гэтэл нөгөө талд засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагдаж байна” хэмээн тодотгож, яг эмзэг давхаргад бодлогоо чиглүүлж, төсвөө хэмнэнэ гэсэн утгатай мэдээлэл өгч байх жишээтэй. Улмаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаахдаа “Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу” гэсэн хэцүүхэн үгээр тээг хийж, хэлэх үггүй болтол нь олон нийтийг гайхшруулаад амжсан.
Хамгийн сүүлд чуулган дээр боловсролын салбарт хийх шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2021-2025 онд хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер парк байгуулах, дөрвөөс доошгүй үндэсний их сургуулийг Азийн шилдэг дээд сургуулийн эгнээнд оруулах, 2026-2030 онд олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөхүйц мэдлэг туршлагатай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоо бий болгоно” хэмээн танилцуулав.
Нийтлэлч Б.Баабар уг мэдээллийн дараа "...Солиорч байхаар өөрөө жинхэнэ дээд сургуулийн боловсролтой болчихоосой. Азид нэгд орно гэж балайтаж байхаар энэ улс орноо хэвтрээс нь босгооч. Ингэж балайрахаар чинь хэний ч уур хүрнэ биз дээ. Ази ядарсан газар биш. Япон, Хятад, Сингапур, Энэтхэг, Солонгос, Малайз, Бруней, Хонконг Тайвань, Вьетнам, Катар, Эмират, Кувейт, Израил. Юу ч хийхгүй балайрсаар байтал энэ улс орон чинь сөнөлөө ш дээ..." гэж шүүмжилсэн нь олон нийтийн сүлжээнд ОК үнэлгээ авлаа.
Эндээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдэл хийх бүртээ амны алдаа гаргаж, олон нийтийн шүүмжлэлд өртдөг, засгийн газрын бодлогын түвшинд ч тэр урагшлуулсан онц чухал ажилгүй байгаагийн гол шалтгаан харагдлаа гэх шүүмжлэл явсан юм. Үнэхээр ч МАН парламентад 16-20 жил суусан гишүүддээ байнгын хороо ахлах боломж ч олгоогүй. Гэтэл Худалдаа хөгжлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, Сэлэнгэ аймагт ажлын туршлага “суусан” хүнд засгийн газрыг удирдах эрх олгосон нь өнөөдрийн ОНЦ МУУ үнэлгээний үүтгэл болсон гэлтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан удирдлагын чиглэлээр Удирдлагын академи, ХААИС-ийн магистрын анги, нягтлан бодох мэргэжлээр мэргэжил ахиулсан. Боловсролын түүх нь энэ хүрээнд төгсөж байна. Уг нь эрх баригч нам мэргэжлийн засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөр дээрээ маш тодорхой тусгаж өгсөн. Гэвч яг шийдвэр гаргах мөчид Удирдах зөвлөл нь “Орон нутгийн амьдрал сайн мэдэх хүн”-ээр засгийн газраа удирдуулах шийдвэрт хүрсэн. Өнөөдөр үр дүнг нь нийт олноороо амсаж сууна гэхэд хол зөрөхгүй.
Анх томилогдох үед нь англи хэлний А ч үгүй ерөнхий сайд гэсэн шүүмжлэл явсан ч Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай гэх үгээр эл егөөдлийг дарж байв. Асуудлын гол нь М.Энхболдын фракци парламентад 40 гаруй суудал авч, босоо удирдлагаар гайхтал томилгоо хийгдсэн үе байсан тул мэргэжил үнэндээ хойш тавигдсан нь эндээс харагдана. Ингэж парламент, засаг хоёроо нэг гараар атгах гэсэн М.Энхболдын санаа өөрийнх нь толгой дээр одоо лай болж байгаа нь ч үнэн.
Тухайлахад, намар урд хөрш рүү намынхаа шугамаар зорихдоо М.Энхболд урд хугацааны бага хүүтэй хөгжлийн зээл авахаар яриад ирсэн. Энэ дагуу хэлэлцээр амжилттай хийгдсэн ч Далай ламын айлчлалаас үүдэн түр саармагжихад хүрэв. Гэвч хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэх нь тодорхой болж, Зам тээврийн яамнаас ажлын хэсэг урд хөршийг зориод байна. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн УИХ-ын дарга М.Энхболд ОХУ, Арабын нэгдсэн Эмират улсуудад айлчилж, өнөөх л урт хугацааны зээлийн асуудлаа ярьж явна.
Ингэж УИХ-ын дарга засгийн газрын чиг үүргийг нуруундаа үүрч, мөнгө олох бадар барьж яваа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуудал хариуцуулахад бэрхтэй байгааг илтгэнэ.
МАН-ын гишүүдийн дунд Ж.Эрдэнэбатын засгийн газрын чадамжгүй байдлыг хурцаар шүүмжилж, оруулж ирсэн хуулийн төслөө ч хамгаалж чадахгүй буцааж буй үйлдлийг нь шүүмжилсээр байгаа. Гол нь эрх баригч нам бодлогын түвшинд ерөнхийлөгчийн сонгуулиас засгаа задлахгүй байх чиг барьж, засгийн газрын тэргүүний аяыг хараад суухаас өөр аргагүй байдалд орсныг эх сурвалжууд онцолж байгаа юм.
Medee.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь