Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийг Монголбанк, ХХБ-ны зээлээр худалдан авсан байна шүү!


УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өнгөрөгч даваа гаригт оролцохдоо Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой санхүүгийн луйвруудыг дэлгэлээ. Тэрбээр Эрдэнэтийн   49 хувийг худалдан авах эх үүсвэрийг “Монголиан коппер корпораци” хаанаас ямар арга замаар босгосныг баримт түшин ярьжээ.

 

Тухайлбал:

 

“Монголбанкин дээр хийсэн шалгалтын дүнг хараад байхад “Монголиан коппер корпораци” нэгдэл гэдэгт чинь яг нарийндаа өөрийн гэсэн мөнгө байхгүй байсан нь илэрхий болж байна. Дандаа Худалдаа хөгжлийн банкнаас гарсан зээл тэр төлбөрт явсан байна.

 

Жишээ нь ХХБ 2016 оны зургадугаар сарын 17-нд нэг компанид зээл өгөөд тэр компани нь “Монголиан коппер корпораци” нэгдэл  гэдэгт дахин зээлдүүлээд тэр мөнгийг хойшоо явуулсан. Тэгээд эцсийн тэр 400 сая долларын бүх эх үүсвэрийг нь харахаар дандаа л ийм юм байна. Би баримтгүй юм ярихгүй. Бүр хөөрхөн юм байна. Пүрэвтүвшин гээд тэр 27 настай хүүхэд их анхаарал татаад олдож өгөхгүй байна. Тэр хүүхэд өөрөө өөрийнхөө байгуулсан компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу. Тэр компанид нь мөнгө байхгүй, орлого байхгүй, Монголд байхгүй компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу.

 

Тэгээд яахав тэр компани ХХБ-аас зээл аваад л “Монголиан коппер корпораци” нэгдэл рүү шилжүүлээд “Монголиан коппер корпораци” нэгдэл нь хойшоо өгчихсөн. Эцсийн дүндээ ХХБ-наас гарсан мөнгө л байгаа байхгүй юу.

 

Миний яриад байгаа “Кью Эс Си” тэр компани бас 70 сая долларын зээл авсан. Тэрний өмнө Монголбанкны ерөнхийлөгч нууц тушаал гаргаад 2016 оны дөрөвдүгээр сард тэр “Кью Эс Си” компанид 100 тэрбум төгрөг, дараа нь 2016 оны зургадугаар сарын 28-нд дахиж нэг тушаал гаргаад 160 тэрбум төгрөгний зээл өгсөн. Монгол банк зээл өгдөг банк биш. Монголбанкны Н.Золжаргал чинь ХХБ-ны диллер байсан хүн. Ойлгож байна. Дээрээс нь Засгийн газрын 500 сая долларын баталгаа гаргуулсан мөнгө Худалдаа хөгжлийн банкинд бий. Нөгөө Чингис бондын чинь мөнгө энэ банкинд  байгаа. Энэнээс л гарсан байна даа.

 

Тэгэхдээ ХХБ-наас 70 сая долларын зээл авахдаа ирээдүйд бий болох орлогоо барьцаалж зээл авсан. Тэгээд дараа нь зургаан сард зээл авахдаа Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан. Ийм л юм болсон. Одоо ХХБ зээлдүүлсэн 70 сая доллараа буцааж авья гэвэл нөгөө мөнгө нь байхгүй. Монголбанкны мөнгө чинь улсын мөнгө биз дээ. ХХБ 500 сая долларын зээлээ  төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Хөгжлийн банк зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Яагаад гэвэл Хөгжлийн банк чинь Засгийн газрын байгуулсан банк. Тэр банкны бүх эрсдлийг Засгийн газар үүрдэг. Бүгд ийм нөхцөлтэй. Тэгэхээр эцсийн дүндээ нөгөө Ерөнхийлөгчийн чинь магтаад байдаг хүмүүс чинь улсын мөнгөөр наад 49 хувийг чинь авсан байна даа.

 

Би баталгаатай юм ярина. Ажлын хэсэг дээр Монголбанкны шалгалтын үр дүнгээр ийм юм гарч ирж байна. Ийм л юм цаад талд нь байна. Тэгэхээр 49 хувийнхан чинь Эрдэнэтийг тэр чигт нь барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Одоо бол ямар ч байсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад учраа олох байх. Эх үүсвэр нь цэвэр байх юм бол нэг хэрэг. Гэтэл эд нарын өөрсдөө гаргасан мөнгө бараг байхгүй байгаа биз дээ” гэж ярьжээ.

 

POLITIK.MN