Өчигдөр АН-ын 6-р Их Хурал хуралдсан юм. Хурлын үеэр намын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ 2012 оны сонгуулийн өмнө болон дараах үеийн эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлын тухай дурдсан нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Тухайлбал, “2008-2012 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж, өндөр хурдтай өсөж байлаа. Монгол улс тэрхүү мөчлөгийг даган, алт, зэс, нүүрс тэргүүтнээ ямагт өндөр үнээр зараад байх мэтээр төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж байсан.
Гэвч 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай саарч, энэ нь Ардчилсан намын Засгийн газар эрх барих хугацаанд буюу сүүлийн 4 жил үргэлжиллээ.
Манай улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг уул уурхайн гаралтай боловсруулаагүй түүхий эд болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан нь эдийн засагт хүчтэй цохилт болж, энэ нь бусад салбарын хөрөнгө оруулалтыг ч үгүй болгов. Нүүрсний үнэ гэхэд бараг 5 дахин, зэс, алтны үнэ 40 хувиар, газрын тос 50 хувиар уналаа. Энэхүү үнийн уналтыг дагаад уул уурхайн салбарын орлого төдийгүй тус салбарт орж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт ч огцом буурсан. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд монголчууд буруугүй ч, эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгож орхисон нь үе үеийн Засгийн газрын алдаа байсан юм.
Монголтой адилхан эдийн засаг нь газрын баялгаас хэт хамааралтай улс орнууд ч адил төстэй бэрхшээлтэй тулгарч байсныг энд дурдах нь зүйтэй. Жишээлбэл, ОХУ, Казахстан, Замби зэрэг улсын мөнгөн тэмдэгтийн ханш 2-3 дахин унаж, экспортын орлого нь буурснаар эдийн засаг нь огцом агшсан. Манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүйгээр удааширсан байна.
2006-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах 2 тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт 5 тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал Монголын засгийн газар 2012 оныг хүртэл 4 их наяд төгрөгийг халамжийн хэлбэрээр зүгээр тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая долларыг урьдчилан авсан байдаг. Энэ 4 их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй ээ.
Ийм хүнд нөхцөлийг хүлээж авчхаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншгонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон” гэлээ. Энэхүү илтгэл МАН-ыг юу ч хийгээгүй мэтээр хэлсэн хэрэг боллоо гэж үзэх хүмүүс ч байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо