
УИХ Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хилийн шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэрэгт харьяалуулахаар заасан юм.
Монгол Улсад хилийн 46 боомт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1 сая вагон зорчдог байна. Эдгээр хилийн боомтуудад шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад Гадаадын иргэн, харьяатын албаны хүч хүрэлцдэггүйгээс олон зөрчил гарсан аж. Тиймээс хил хамгаалах байгууллагад үүрэг функцийг нь шилжүүлэхээр тусгасан юм.
Мөн улс орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тарилангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон тул хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх зэрэг зохицуулалтыг тусгаад байна.
Энэхүү хуулийн төслийг дэмжих эсэх асуудалд гишүүд ямар байр суурь барьж буйг сонирхуулъя.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ:
Энэ хуульд Хил хамгаалах байгууллагыг өөр нэршлээр нэрлэх, өөр чиг үүрэг, бүтцэд шилжүүлэх зорилго, бодлого, агуулга байхгүй.
“Хилийн цэрэг” гэдэг үгнээс татгалзаж, “Хилийн цэрэг”-ийг хилийн цагдаа болгох гэлээ гэсэн асуудлыг гишүүд нилээн ярилаа. “Хилийн цэрэг” гэдэг нэр томъёо Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бий. Хил хамгаалах газрын дарга нь Хилийн цэргийн ерөнхий командлагч байна.
Мөн хуулийн төсөлд, хил хамгаалах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга гэх зэргээр хилийн цэрэг, Хил хамгаалах байгууллага гэсэн нэр томъёо хэвээрээ байгаа. Тийм учраас “Улсын хил хамгаалах хүч, хэрэгсэл нь хилийн цэрэг байна” гэдэг агуулгатай нийцнэ.
Хуулийн төслийг өргөн барихдаа 2002 онд УИХ-аар баталсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого баримт бичгийн 1,5-д “Улсын хил халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг шинжлэх ухаан, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна” гэсэн заалтад үндэслэн боловсруулсан.
Мөн 2,11-д “Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх”, Хил хамгаалах албыг ямар ч нөхцөлд улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чадвар бүхий нэгдмэл бүтэц, зохион байгуулалтад байлгана гэдгийг тус тус мөрдлөгө болгон хуулийн төслийг боловсруулсан.
2015 онд УИХ-аар баталсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс бодлогын баримт бичгийн 2,7,3-д “Тайван цагт хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээрийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг хуулиар тогтооно” гэж тодорхой заасан. Уг заалтад үндэслэн Хил хамгаалах байгууллага нь төрийн тусгай байгууллага учраас бүтэц, чиг үүргийг Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа юм.
Л.МӨНХБААТАР:
Хилчдийн эрх зүйн байдлыг дээшлүүлсэн, хил хамгаалалтын нэгдсэн тогтолцоог дэмжсэн, хилийн шалгантай холбоотой асуудлыг зохицуулж оруулж ирж байгаа төсөл учраас дэмжинэ.
Хилийн шалган буюу зорчигч тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалтыг хуучин хил хамгаалах байгууллага үүрэг гүйцэтгэж ирсэн. Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа улсын хил хамгаалалтын салшгүй нэг хэсэг. Гэтэл 2014 онд энэ чиг үүргийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжүүлсэн. Энэ үеэс манай хил хамгаалалтад ноцтой зөрчил, дутагдал гарч эхэлсэн. Хоёр дахь асуудал нь ОХУ-ын шалган нь хилийн цэрэгтээ харьяалагддаг, БНХАУ-ынх Нийгмийг аюулаас хамгаалах яамандаа буюу хилийн цэрэгтээ харьяалагддаг. Манай улсад ч ийм байх ёстой атал Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд шилжүүлснээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөрчил дутагдал байнга гардаг болсон. Хилийн бүрэн эрхт төлөөлөгч гэж бий. Хил залгаа хоёр улсынхаа хилийн байгууллагатай харилцаж, хил орчмын зөрчил дутагдал, урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлаа ярьдаг. Манай улсын хувьд харьяалдаг газар нь өөр байгаагаас болж, бэрхшээл учирсан юм билээ.
Жишээ нь, хил зөрчигчид болоод үүнтэй холбоотой асуудлаар ОХУ-руу олон удаагийн бичиг тоот илгээсэн ч одоог болтол хариу ирүүлээгүй гэх мэт хүндрэл учирч байгаа.
Амьдралд нийцээгүй л шийдвэр байсан. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба хүн хүч, техникийн хувьд дутмаг. Гэтэл Говь-алтай аймгийн бургастайн боомт Улаанбаатар хотоос 1000 гаруй км, сумаасаа 360 гаруй км, заставаасаа 60 орчим км-т байрладаг. Тэнд Гадаадын харьяатын ганц ажилтан очоод ажиллана гэхээр орон сууц, эмнэлэг гээд хангалтыг нь хийнэ гэхэд бэрх. Хилийн байгууллага харин энэ бүхнээ ямар ч асуудалгүйгээр зохицуулаад явдаг. Тийм учраас хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг хилийн байгууллагад буцаан даалгах нь зөв. Зарчмын энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа.
Х.БАДЕЛХАН:
Хилийн шалган нэвтрүүлэх албыг хилийн цэрэг хариуцах нь зөв, дэмжиж байгаа. Хилийн бүсгүй болгож байгаа нь ч дэвшилттэй.
Х.БОЛОРЧУЛУУН:
Өнгөрсөн дөрвөн жилд хилийн цэргийг эмнэлэггүй, тагнуулгүй, шалганыг нь Гадаадын иргэн рүү шилжүүлсэн явдал нь хил хамгаалах чадамжийг бууруулсан. Энэ хуулийн нэг онцлог давуу сайн тал нь шалганыг буцаагаад Хилийн албандаа ирүүлж байгаа явдал. Хоёр хөрш хилийн цэрэгт энэхүү үүрэг пункц нь хадгалагдаж, хамгаалж байдаг.
Хуучин манайд шалган хилийн цэрэгт байснаар гааль дээр хуйвалдах замаар бараа таваар гаргах, контарбант хийхийг таслан зогсоодог байсан, гэтэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба руу очоод суларсан.
Ж.ГАНБААТАР:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Тээврийн хэрэгсэл болоод хил хамгаалах талаараа сайн болж байх шиг байна.
Н.ОЮУНДАРЬ:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ анхаарах асуудлууд бий. Хилийн байгууллагын эрсдэлтэй тэмцэх бүтэц, арга техник, боловсон хүчин хангалттай биш байгаа. Одоо зөвхөн хил зөрчигчидтэй л тэмцэж байна. Энэ хуулиар боловсон хүчнийхээ бүтцийг боловсронгуй болгож, арга технологио шинэчлэхэд онцгой анхаарах ёстой.
Дэлхийн улс орнууд хил хамгаалалтын үндсэн зарчим нь газар нутгийн онцлогтоо тохируулаад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэж гарсан байдаг. Тэгэхээр зөрчлийг шуурхай таслан зогсооход бүрэн чиглэгдэх ёстой. Гэтэл энэ төслөөр бүсчлэн хамгаална гэж заасан байна.
Хилийн байгууллага өөрөө тагнуулын нэгжтэй байдаг, гэтэл бид аюулыг илрүүлж чадахгүй байгаад байна. Энэ асуудлыг анхаарч, тагнуулын нэгжтэй болгох ёстой.
Б.ПҮРЭВДОРЖ:
Харьяатын байгууллага бол монголчуудыг амгалан, тайван амьдрахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Энд 400 гаруй шижигнэсэн залуус ажиллахаар ирж байсан, тэд мэргэшсэн. Тэднийг халж чөлөөлөхгүйгээр тууштай ажиллуулах чиглэл барих ёстой.
Ц.ДАВААСҮРЭН:
Хилийн зурвас болгонд тохирсон бодлого явуулъя гэж байгаа нь зүйтэй санагдлаа. Тухайлбал, Хангайн бүсэд ойн түймэр болоход тэр газарт ажиллах тусгай хувцас, хэрэгсэл байдаг эсэх, ус ихтэй газар хэрхэх зэрэг хангамжийн асуудлыг уг хуульд тусгах нь зөв.
Хил хамгаалах явцад хилийн цэргүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах ёстой. Хилийн цэрэг албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тохиолдолд ар гэрт үзүүлэх тусламж, нийгмийн асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Тэтгэмжээ алдсаны тэтгэмжийг хэр хугацаанд яаж өгөх талаар нарийвчлан тусгах хэрэгтэй.
Төрөөс батлан хамгаалах салбарын талаар баримтлах бодлогыг хилийн цэргийн хамгаалалтад тулгуурласан чиглэл рүү хөгжих нь зүйтэй болов уу. Дэлхийн хамгийн том хүчирхэг армитай хоёр улстай хил залгаа оршдог. Тиймээс хил хамгааллын асуудал хамгийн чухал.
Хил хамгаалах, хилийн цэрэгтэй холбоотой асуудал бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдоно. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гаргаж, уг хуулийн төсөлд нухацтай хандах хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Яарч болохгүй. Алт олборлохын төлөө хилийн зурвасаа байхгүй болгож болохгүй.
NEWS.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ