Хуульзүйн сайд С.Бямбацогтын өргөн барьсан Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл сүүлийн өдрүүдэд маргаан дагуулах болов. Маргааны гол сэдэв нь хилийн цэргийг хилийн цагдаа болгохоор хуулийн төсөлд тусгасан тухай асуудал байв. Хуулийн төслийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Батлан Хамгаалахын багц хуулиар Хилийн цэргийн статусыг маш тодорхой тусгаж өгсөн. Гэтэл хилийн цэргийг хилийн цагдаа болгоно гээд ороод ирлээ. Ингэж өөрчлөгдвөл хилийн цэргийн албан хаагчдын ар гэр, амьдралын баталгаанд өөрчлөлт орох болно. Генерал мөрдөс зүүсэн хүмүүс цагдаа болно, хилийн цэрэг гэдэг нэр томъёог хэрэглэхгүй байхаар хуулийн төсөл оруулж ирсэнд харамсаж байна” хэмээсэн юм.
Ж.Энхбаяр гишүүний үг сошиал ертөнцөөр эрчээ авч, нээрээ хилийн цэргийг цагдаа болгох нь гэж байтал Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулийн төсөлд тийм утга агуулгатай үг, өгүүлбэр байхгүй болохыг тайлагнав. Өөрөөр хэлбэл, дээрх дуулиан Ж.Энхбаяр гишүүн нүүр хуудсан дээрээ зөвхөн өөрийнхөө хэслэн үгийг тасдан байршуулснаас үүдэж, Ц.Нямдорж гишүүний хилийн цэргийг цагдаа болгох санал төдий үг хуулийн төсөлд тусгагдсан мэтээр гуйвсан болж таарав. Ингэснээр байнгын хорооны саналын дагуу Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганы хуралдаанаар орохоор хэлэлцэх асуудлын дараалалд багтсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар Хилийн тухай хуульд хоёр том өөрчлөлт орно. Нэгдүгээрт, хилийн шалганы цэгүүд Гадаадын иргэн харьяатаас Хил хамгаалах ерөнхий газарт шилжинэ. Хоёрдугаарт,хилийн хамгаалалтын зурвасын өргөн 100 км байсныг 15 км болгон бууруулна. Уг нь гишүүд дээрх хоёр гол асуудал дээр төвлөрч, санаа оноогоо хэлж болох байсан ч дөнгөж хэлэлцэх эсэхийг дэмжих шатандаа байнгын хороон дээр шуугиан тарьсан нь анхаарал татна. Ж.Энхбаяр гишүүн сошиалаар хөврөх мушгисан мэдээлэлд тодорхой тайлбар хийсэнгүй.
Хуулийн төслийг зайлшгүй эргэж харах, бүр болохгүй бол буцаах, засгийн газарт хариуцлага тооцох хэмжээний том асуудлыг сөхөж, төөрөгдөл үүсгэсний цаана өөр зорилго байгаа гэж хардах үндэс ч үүсгэж байна. Хамгийн гол нь яагаад ил цагаан шуудхан байдлаар хуулийн төслийг хэлчихэж болсонгүй бэ? Тухайлахад, хилийн хамгаалалтын зурвасыг 100 км-ээс огцом багасгахад улсын маш том талбай улсын хамгаалалтаас гарна.
Салбар яамнаас нь зурвасын талбайг багасгаснаар хилийн орчим дахь малчид өвөлжөө бууцаа өмчлөх эрх нээгдэнэ, чөлөөтэй зорчих боломж үүснэ гэж тайлбарлаж буй. Үүнтэй зэрэгцээд хамгаалалтаас гарсан талбайд ААН, байгууллагууд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрх нээгдэх талаар хуулийн төслийнхөө танилцуулгад онцолжээ.
Үүнтэй зэрэгцээд эзгүй буйд хилийн зурвас газар хэн нэгэн ААН очиж, үйлдвэрлэл эрхлэхгүй нь тодорхой. Гол нь уг талбайдад уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах, хайгуулын лиценз олгох эрхзүйн боломж нээгдэнэ. Хилийн бүс дээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Сауд гоби блэк голд", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн "Говь тулга", УИХ дахь АН-аас УИХ-д сонгогдсон Д.Эрдэнэбатын "Адуунчулуун" компани уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй гэх утга бүхий мэдээлэл сошиалаар түгээд амжив.
Мөнхүү Ж.Энхбаяр гишүүний бухимдын цаад утга нь хилийн зурвасаас 20 км-ийн зайд оршдог Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумын нутагт орших Талын мэлтэс, Хатан суудлын алт, зэсийн ордтой холбоотой гэх мэдээллийг зарим хэвлэлүүд сөхсөн юм. Өмнөх засгийн газрын үед Уул уурхайн яамнаас тусгай хамгаалалттай газар нутаг, улсын хилийн зурваст байгаа ашигт малмталын ордыг судлах ажлын хэсэг байгуулагдаж, үүнийг нь Говь-Алтайчууд эсэргүүцсэнээр асуудал намжиж байсан удаатай.
Энэ засгийн газрын үед эрх баригч намаас Хилийн хамгаалалтын бүсийн талбайг даруй 85 км-ээр хумихаар оруулж ирсэн нь бас л том эрх ашиг явж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Засгийн газрын удаа дараагийн саналыг намын залуу гишүүд эсэргүүцэж байгаа нь ч учиртай. МАН хэт босоо удирдлагатай учир тэр хэрээрээ засгийн газрын томооохон шийдвэр, голлох лобби залуу гишүүдийг ямар ч мэдээлэлгүй байхад шууд ороод ирдэг. Өнөөдүүл нь ийм байдалд шаралхаж, нөгөө талаас хувийн пиараа өсгөх зорилгоор асуудлыг шүүрээд авдаг хэлбэр бий болчихоод байна.
Яг энэ өнцөгөөс харахад МАН-ын нөлөө бүхий сайд нарын түвшинд уг хуулийн төслийн гол өөрчлөх санал боловсруулагдаж, цаашдаа хилийн зурвас дагуу уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаанд боломж үүсгэх тохироо хийгдсэн байх үндэслэлтэй. Гэвч хэлэлцүүлгийн шатанд засгийн газар өмнөх шигээ хүчгүйдэх ч магадлал бий. Ямартай ч иргэдэд онцын ач холбогдолгүй, шууд байдлаар эрх ашгийн сонирхол орсон байж болзошгүй хуулийн төсөл орж ирлээ. УИХ хэрхэн шийдэх бол...
ЭХ сурвалж: Medee.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ