Далай ламын айлчлал хэдэн тэрбум ам.доллар, хэдэн Засгийн газрын үнэтэйг таашгүй

Admin
Өчигдөр 12 цаг 13 минут

лай лам буцлаа. Хятадын тал сүрдүүлж л байдаг юм, би айлчилж л байдаг юм гэсээр АНУ, Монгол орнуудад айлчилсан тэрбээр одоо Дональд Трамптай уулзмаар байна хэмээсэн нь Хятад дарга нарыг бүр ч “дэвхцүүлж” эдийн засагт учруулах хүнд нударганых нь далайлт мөнөөх л Монгол дээр бууж харагдана.


Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдах байлаа. Улмаар Бээжин хотод Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаан болохоор төлөвлөсөн байлаа.  


Уг хуралдаанаар Хятад улсаас Монгол улсад өгөх хөнгөлөлттэй зээл, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байжээ.  Мөн Хятадын Төв банкны даргатай уулзах Монголбанкны ерөнхийлөгчийн ажлын айлчлал хойшлогдсон гэх мэдээлэл байна.

Энэ бүхэн Засгийн газрын хувьд бараг сүйрэл гэхэд хатуудахгүй. Уул уурхай, түүхий эдэд суурилсан манай эдийн засаг Хятадын зах зээлээс гүнзгий хамааралтай. Одоогоор Монгол улс эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд олон алхмыг хийх байсны хамгийн өндөр ач холбогдолтой нь энэ сарын  23-25-нд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Парламентын зөвлөлдөх уулзалт хийх байсан бөгөөд энэ үеэр 4.2 тэрбум ам.долларын Хөгжлийн зээлийн асуудлыг шийдэхээр төлөвлөөд байсан талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн юм.

 

Засгийн газар хэдийгээр уг айлчлалд хамааралгүй гэж тайлбарласан ч Хятад-Монголын засгийн газар хоорондын уулзалт яагаад цуцлагдсан талаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан тайлбар өгсөн. Түүний ярианы өнгө таагүй, үг нь хатуу байв.  Тэрбээр "Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэсэн.

Энэ бүхэн ямар үр дүнд хүргэх вэ. Юуны өмнө Монголын эдийн засаг ойрын үед сэргэх найдваргүй гэдэг мессежийг дэлхий даяар цацаж таашаал авна. Учир нь уул уурхайн гаралтай зарим бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсч байгаагаас үүдэн Монгол руу эргэж харах, сонирхож эхлээд байсан энэ эгзэгтэй мөчид Далай лам айлчлан ирлээ. Одоо Монголыг дэмжээд түшиж авъя гэхээсээ илүү ОУВС-гийн тусламжийг авах, зардлаа танахаас өөр сүүмэлзэх гэрэлгүй, арайхийн гацаанаас гарах гэж байсан төмөр замынхаа асуудлыг яг шийдэхийн даваан дээр Далай ламаар “огтлуулчихлаа” гэх “шинэ мэдээ” л хөрөнгө оруулагчдад очих нь.

Улсын төсвийн “аврагч” Эрдэнэт үйлдвэрээ монголчууд дангаараа эзэмших болсон нь улстөржсөн маргаан дагуулж үр ашиг нь улам бүр эргэлзээтэй болж байна. Хамгийн том гигант “Рио Тинто” нь уул уурхайн шинэ төслүүдэд хөрөнгө оруулах нь байтугай зарим ордоо зарж, төсөвт оруулдаг хувь нэмэр нь ч багассаар байгаа.


Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын ДНБ-ий хэмжээ оны эхнээс өнөөг хүртэл 1.6 хувьтай, төгрөгийн ханш хамгийн доод үзүүлэлтийг зааж байна. Одоо “голоо зогоох” ганц арга нь Хятад. Хэдийгээр нүүрсний үнэ ханш, экспортын төмөр замыг яаравчлах зэргээр Хятадын талтай бараг тэдний эрх ашгийг хамгаалсан гэхэд хилсдэхгүй шийдвэрийг гаргаж овоо тал олоод байсан ч ганцхан Далай лам номын айлчлалаа хийгээд л Монголын эдийн засагт ашигтай бүх гарцыг хаачихаад нисчихлээ.

 

Далай ламын айлчлалтай холбоотой болон түүнийг буцсан ч үл арилах хар толбонуудын нэг нь олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн баасан гаригт B3-аас нэг шат бууруулан, Caa1 болгосон явдал. “Moody’s” Монголыг ирэх хоёр жилд Засгийн газар нь өр төлж чадах, эсэх нь улам тодорхой бус болж буй, төсвийн алдагдал өндөр хувьтай хэвээр, ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт нь тогтвортой байх эсэх нь хүртэл эргэлзээтэй гэж дүгнэсэн. Мөн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэх, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн доод түвшин гэдгийг ч “Moody’s”  мэдэгдэлдээ онцолсон байв.

Мэдээж “Moody’s”-тэй маргах нь утгагүй. Яах аргагүй ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөр хийх хуваарьтай, нийтдээ 2017 онд  0.8 тэрбум гаруй ам.долларын өртэй байгаа нь манай ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэх гээд байгааг эдийн засагчид хүлээн зөвшөөрч буй. Харин Засгийн газар, Монголбанк хамтарсан мэдэгдэл гаргаж, инээдтэй гэмээр алхам хийснийг олон улсын шинжээчид хэрхэн дүгнэж буйг төсөөлөхөөс ч эмээнэ. Учир нь уг мэдэгдэлд “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан. ОУВС-гийн ажлын хэсэг арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар олон улсын бусад санхүүгийн байгууллагаас улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авахаар хамтран ажиллаж байна. Шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” гэжээ.


Сонирхуулахад энэ сарын 23-нд “Fitch” агентлаг “Монголын долоон банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан гэх мэдээллийг баахан хакердаж устгасан байх юм. Ингэлээ гээд зэрэглэл ахихгүй нь ойлгомжтой болохоор тун арга ядсан хэрэг.

Одоо яах вэ? Нэг сар гаруйхны өмнө буюу 10-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд “Нэг бүс нэг зам”-ын эрдэм шинжилгээний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газар Зөвлөх Лю Жиже тэргүүлсэн Гадаад хэргийн их сургуулийн Олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн дэд захирал Чюй Бо, Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн судлаач Фөн Вэньмэн, Хятад Улсын Олон улсын асуудал хариуцан хүрээлэнгийн судлаач Рун Жуньин нар багтсан юм Монгол, Хятад хоёр тал нь“Нэг бүс нэг зам” стратеги нь шугам дагуух улс орнуудад хөгжлийн томоохон боломжийг авчирна гэдэгт санал нэгтэй байлаа. Энэ лав горьдолтгүй. Хүлээгдэж байсан,  уулзалт бүрээс цуглуулах олон тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлүүд бүгд “Баяртай” болов.


Арилжааны банкуудынхаа зээлжих үнэлгээг бууруулсан муу мэдээг сонсож, төрийн эрх мэдэлтнүүдийнхээ ээлж дараалсан гуйлга гуйсан айлчлалуудыг цуцлуулсан, “Монголын Засгийн газрын санхүүгийн чадавх, эдийн засгийн гадаад байр суурь эрчимтэй доройтсон” гэсэн шошго зүүгээд гадаадын хөрөнгө оруулагчдын хаалгыг тогшоод яах ч билээ. Ухаалаг буулт, алсын хараатай алдаа хийх л арга Засгийн газарт үлдэв. ОУВС-аас өөр аврагч энэ тохиолдолд байдаггүйсэн. Эсвээс Засгийн газрынхаа “амь насаар” дэнчин тавьж өнөөх улигт таван гадаад банкны салбаруудыг нээх гарц байж болох юм. Үүний тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нухацтай хэлэлцэх шаардлагатай.

Эх сурвалж: Zindaa.MN