Өмч хувьчлалын тохироо МАН-ын бизнес бүлэглэлийн хүрээнд өрнөжээ


-“МОНГОЛ ШУУДАН” КОМПАНИЙГ ХУВЬЧЛАХ ҮНИЙН САНАЛЫГ ТУЗ НЬ 
САНГИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛСЭН БАЙНА-

Ирэх оны төсвийн тухай хуульд төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлах замаар төсөвт 159.6 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгаж өгсөн. Ингэхдээ Төрийн банкны 25 хувийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум төгрөг, Оргил рашаан сувилал 7 тэрбум төгрөг, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөг, Монгол шуудан компанийн 66 хувийг 20 тэрбум төгрөг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тусгасан билээ. Ингэснээр улсын төсөвт төвлөрөх орлого 159,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж Засгийн газраас тооцоолж байгаа юм.

Гэхдээ эдгээр нь эхний босго үнэ. Ирэх онд хувьчлагдах дээрх байгууллагуудад зах зээлийн, бизнесийн, хөрөнгийн гэсэн гурван төрлийн шаталсан үнэлгээ орохоор хүлээгдэж буй. Эдгээр үнэлгээний дүн эцэслэн гарснаар бодит үнэ тогтох юм.

Нэгэн үе төрийн өмчийн хороо татан буугдаж, Сангийн яамны хэлтэс болон, үйл ажиллагааны хувьд хумигдаад байсан. Харин эрх баригч намын зүгээс хуучин ТӨХ-г эдүгээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болгон агентлагийн бүтэц рүү шилжүүлээд буй. Тэгэхээр чиг үүргийнхээ хүрээнд өмч хувьчлалын асуудлын ТӨБЗГ цаашид хариуцаад явна гэсэн ерөнхий чиг байна.

Анхаарууштай нь, ирэх оны төсвийн төсвийг боловсруулах үеэрээ засгийн газраас хувьчлагдах байгууллагуудыг хэдээр үнэлэх асуудлаа бүрэн мэдсэн гэх мэдээлэл байгаа юм. Сангийн яамнаас энэ талаар өмнө нь “Үнэлгээний багийг хувьчлал явагдах компаниудад ажиллуулна” гэж мэдэгдэж байсан. Гэвч бодит байдал дээрээ хөндлөнгийн үнэлгээний багийг эхний удаад хэлбэр төдийгөөр оруулжээ. Өөрөөр хэлбэл, үнэлгээчид дүнгээ нэгтгэхээс өмнө, энэ байгууллагыг тэдэн төгрөгөөр үнэлнэ. Үнэлэхдээ зах зээлийн эргэлт муу, дотоодын мөнгөн урсгал сул зэрэг шалтгаанаар үнэлгээг багаар гаргах “даалгавар” өгсөн байна.

Босго үнийг ингэж багаар тооцсоноор хувьчлахаас өмнөх үнэлгээнүүдэд нөлөөлөх, зах зээлийн бодит ханшид шууд байдлаар тусах талтайг эрх баригч намын бүлэглэлүүд сайтар тооцсон нь тодорхой. Тухайлбал, Монгол шуудан компанийн 66 хувийг 20 тэрбумаар эхний байдлаар үнэлэх санаачлагыг тус байгууллагын ТУЗ-аас гаргажээ. Холбогдох журамдаа энэ байдал харшлахгүй хэдий ч “Ард” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг, “Петровис”-ын н.Оюунгэрэл, “Гацуурт”-ын Л.Чинбат нарын шийдвэрээр Сангийн яам хөдөлсөн нь анхаарал татна.

Монгол шуудан компанийг ирэх онд хувьчлах нь тодорхой болуут ойрын өдрүүдэд хувьцаа нь өсөж буй. Жилдээ 10 тэрбумын орлоготой, сум бүрт салбартай тус компанид гурван шатны үнэлгээг мэргэжлийн дагуу, шударгаар хийвэл 100 тэрбумд хүрч хувьчлагдах боломжтойг мэргэжлийн хүрээний эх сурвалжууд тодотгож байна. Тэгээд ч засгийн газраас шууд үнэ тулгасан байдлаар бус, нээлттэй хэлбэрээр өмчлөл явуулна гэж дуугарсан. Ингэснээр эрхбиш зах зээл дээр бодит үнэлгээ тогтоох нөхцөл үүсгэнэ гэх горьдлогыг  үүсгэж байна. Яг ийм процесс өрнөнө гэдгийг хувьчлалаас том ашиг олох сонирхолтой бүлгүүд эртнээс мэдэж байсан учраас эхний босго үнийг хэт доогуур тавих асуудлаар засгийн газарт нөлөөлсөн гэх нэгэн ч байгаа юм.

hurungiin birj

-ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ 5 ТЭРБУМААР ХУВЬЧЛАХ АСУУДАЛ Ч ЯРИГДЖЭЭ-

Хувьчлалын асуудлыг хэлэлцэх үеэр М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нарын шинэ гишүүд төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж байгааг шүүмжилж байсан. Асуудлын гол нь МАН-ын нөлөө бүхий том бизнес бүлэглэлүүд тохироогоо аль эртнээс бүр сонгуулийн дараанаас хийгээд эхэлсэнд байсан гэх. Үүнд мэдээж, шинэ залуу гишүүд оролцож чадаагүй.

Тухайлбал, Хөрөнгийн биржийг анхдандаа 5 тэрбумаар үнэлэх асуудал ч яригдаж байжээ. Ийм үед нь үнэлгээний баг орж, зарчмын хүрээнд үзэлцэж байж, 7 тэрбум болгож, улмаар төсөвтөө оруулахдаа 20 тэрбумаар тооцохоос өөр аргагүйд хүрсэн байна. Учир нь Лондонгийн хөрөнгийн биржээс авсан 14 сая ам.долларын программын төлөлтийг шууд төсвөөс хийсэн. Тэгэхээр хүссэн хүсээгүй  энэ их мөнгөн дүнгийн асуудал төсөв хэлэлцэх үеэр босож ирэх нь тодорхой байсан тул асуудлыг хурцатгахаас болгоомжилсон гэх.

Дэлхий нийтэд Хөрөнгийн бирж нь хувийн хэвшил хэлбэрээр үйл ажиллагаа явуулах жишиг нэгэнт тогтчихсон. Тэгэхээр зарчмын хувьд хувьчлах нь зөв. МАН, АН-ын аль аль нь хувьчлах тохиромжтой цагийг хүлээсээр ирсэн нь нууц биш. Өмнөх засгийн газрын үед л гэхэд Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал сөхөгдөхөд 250 сая төгрөгийн балансын цэвэр ашигтай байсан тул хувьчлалыг хойшлуулж байсан. Тиймээс ч МАН засгийн эрхийг авуутаа ямар ч үнэлгээний байгууллагын оролцоогүйгээр 5 тэрбум гэсэн тоо тавьж, 20 тэрбум хүртэл өсгөсөн нь энд асар их ашиг сонирхол, басхүү болгоомжлол явж буйг харуулна.

Түүнчлэн эдгээр төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа үйл ажиллагааны хязгаарлагдмал хүрээнд хязгаарлагдсан эрх хэмжээ нь засгийн газраас хамааралтай байхаар холбогдох журамдаа өөрчлөлт оруулснаар  шууд байдлаар мөнгөн дүнг нэрлэх байдал үүссэн гэх. Улмаар үнэлгээний багуудад зөвхөн алдагдалтай нь тэнцүүлэх байдлаар үнэлэх нөлөөлөл үзүүлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

bank

-ТӨРИЙН БАНК ХУВЬЧЛАГДАХ ХҮРТЛЭЭ ӨРСӨЛДӨӨНД ХҮЧ ХАЯХГҮЙ-

Төрийн банкны 25 хувийг Сангийн яам, 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Төсөвт Сангийн яамны 25 хувийг хувьчлах замаар 75 тэрбум  төвлөрүүлэхээр тооцсон. Хэрвээ Төрийн банкийг 100 хувь хувьчлах юм бол 300 тэрбумд хүрнэ гэсэн тайлбарыг Төрийн банкнаас урд жил хийж байв. Яг энэ тайлбараа өнөөдөр ч ярьж байгаа. Хувьчлагдах процесст ашиг сонирхлын зөрчил орно гэдэг утгаараа Сангийн яам шууд байдлаар оролцохгүй. Хөрөнгийн биржийн үнэлгээ ч тэр, огцом өсөж халхавч үүсгэсний шалтгаан ердөө л энэ.

Төрийн банк 502 салбар нэгж бүхий 3749 ажилтантай том байгууллага. Харилцагчдынх нь тоо 2.8 сая орчимд хүрч, арилжааны тэргүүлэх чиглэл бүхий таван банкны тоонд зүй ёсоор багтдаг. Цэвэр хөрөнгийн хэмжээ нь 244 тэрбум төгрөг бөгөөд үндсэн хөрөнгө 78 тэрбумд хүрч буй. Төрийн банкаас өгч буй мэдээллээр бол хувьчлах асуудаль аль эрт Зоос банкны нэгтгэлийн үеэс яригдсан тул холбогдох бэлтгэлүүд ч нэлээд сайн хийгдсэн байдаг аж.

Хувьчлах ажлын бэлтгэлийн хүрээнд тус банк хөндлөнгийн аудит, үнэлгээний баг ажиллуулж, зээлжих зэрэглэлээ Олон Улсын байгууллагаар тогтоолгожээ. Төрийн өмчит гэдэг утгаараа зээлжих зэрэглэл нь засгийн газрын зээлжих түвшинтэй ижил хэмжээнд байдаг аж.

Анхнаасаа Монголбанк, Сангийн яамны зүгээс Төрийн банкны эрсдлээс хол үйл ажиллагаа явуулах чиглэлд маш сайн анхаарсан тул голчлон энгийн харилцагчдын хэрэглээний зээлийн хүрээнд ихэнх мөнгө нь эргэлдэж буй. Тэгэхээр өнөө, маргааш хоолой дээр тулсан өндөр эрсдэл, аюул энэ банкинд байхгүй.

Яг энэ өнцөг нь хувьчилж авах хүсэлтэй нэгнийг хамгийн ихээр татаж байж болох. Эдийн засаг хямралтай энэ үед нэгэнт хувьчлагдах нь тодорхой болчихсон тул арилжааны банкуудтай шууд өрсөлдөхгүй, зах зээл дээр их мөнгө хаясан тоглолт хийхгүй байх үүрэг авсан нь санамсаргүй хэрэг биш юм.

Хувьчлалаас хамгийн их анхаарал татаж буй байгууллага бол Төрийн банк. Эрх баригч намаас дотоодын хөрөнгийн эргэлт муутай гэх үндэслэлээр цаашид үнэлгээг их хол өсгөхгүй байх тал дээр онц ихээр анхаарч буй гэх мэдээлэл байна.

 

Medee.MN