Мэргэжлийн засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонов. Энэ хооронд төрийн албаны халаа сэлгээ асар ихээр хийгдэж, ам.долларын ханш даруй 500 гаруй төгрөгөөр өсч, Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж, ипотекийн зээлийн хамрах хүрээ даруй дөрөв дахин багаслаа. Мэргэжлийн засгийн газрыг муухай харагдуулж буй гол шалтгаанууд үндсэндээ энэ. Дээр нь нэмэгдээд гаднаас зээл авах, Олон улсын зах зээл дээрээс бонд босгох асуудалд сөрөг байр суурьтай байсан МАН засгийн эрх авсан хойноо уг замыг хамгийн сайнд тооцсон явдал.
Засгийн газар намынхаа 2016 оны улс төрийн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт нийцүүлэн ирэх дөрвөн жилд хийх ажлаа ерөнхийд нь төлөвлөж, УИХ-аар батлуулсан. Гэвч мөрийн хөтөлбөрт туссан томоохон ажлууд хэзээ ажил хэрэг болж эхлэх нь тодорхойгүй хэвээр байна. Засгийн газраас макро эдийн засаг тогтворжих хүртэл мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг тодорхой хүрээнд хязгаарлана. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа жинхэнэ утгаар нь мандуулаад өгнө гэх ерөнхий тайлбар хийж буй.
Мэргэжлийн засгийн газрын энэ байр суурин дээр намынх нь нөхөд ч тоглолт хийгээд эхлэв. Эрх баригч намын фракциуд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа засгийн газраа унагах асуудлаар дотроо ярилцаж буй гэх мэдээллийг гишүүд нь өгч байна. Энэ хүртэл засгийн газрын амжуулах гол ажил нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. Тэр хүртэл гаднаас авах зээлийн асуудлууд ч тодорхой болчихсон байна. Тэгэхээр харьцангуй бийлэг байдлаар шинэ засаг ажиллах боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа аж.
МАН дотор М.Энхболдын буюу хотын, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан Увсын, Сү.Батболд, С.Баяр нарын фракциуд бий. Үүн дээр У.Хүрэлсүхийн фракци нэмэгдэнэ. Төрийн албаны эх адаггүй томилгоо, “ургийн мод” үүсгэх гол ажлыг сая М.Энхболдын фракци удирдсан. Тэгэхээр харьцангуй сайн хамгаалалтын орчин бэхжсэн гэсэн үг. Хэдий тийм ч өнөөдөр Засгийн газрын муу ажлын үр дүн бүхэн эргээд М.Энхболдын фракцид сөргөөр нөлөөлж байна. Эсрэг талд жижиг фракциуд нь хүчирхэгжих болов.
У.Хүрэлсүхийн фракци тойргийн мандат хуваах үеэр огцом жийгдэж, Т.Аюурсайхан заалнаас санал хураалтаар нэр дэвших эрхээ авсан. Харин парламентад сонгогдсон хойноо популист маягаар асуудалд хандах тактик хэрэглэж, массаас өндөр үнэлгээ авч буй нь нууц биш. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар засгийн газрын тэргүүн, намынхаа даргын өөдөөс том дуугарах нь бараг л хэвийн үзэгдэл болоод байна. Тэр өнцөг нь масст ч таалагдах гэж жигтэй.
Нөгөө талд Сү.Батболд, С.Баярын фракци “Том гэрээнүүдийг үзэглэж, улсдаа ам.доллар оруулж ирсэн. Гэтэл одоо та нар ханшаа ч барьж чадахгүй” гэсэн байдлаар асуудалд хандах болов. С.Баяр хэсэг хугацаанд гадагшаа явах хэдий ч фракцийн нөлөөгөө сулруулахгүй байх тактик хэрэглэнэ гэх мэдээлэл бий. Энэ фракци сошиалын томоохон редакци байгуулж, гол пиараа тэнд зохицуулахаар ярилцсан бололтой.
Түүнчлэн бүлгийн хурал дээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар М.Энхболдын фракци Т.Бадамжунайг санал болгож, бүр болохгүй бол Ч.Ганзоригийг тавих санал оруулахад Ц.Нямдорж Г.Алтанг томилуулна гэж зүтгэсэн нь ч тодорхой болсон. Үе үе эвгүй байдалд орох болсон М.Энхболдын фракци пи-арын хүчээ сарниулахгүйн тулд нэгэн өдөр тумын сонины хувьцааг тэр чигээр нь худалдан авсан талаар саяхан хэвлэлүүд онцлов.
Энэ мэтээр фракциуд өмнөх эрх баригчдын нэгэн адилаар тодорхой асуудал дээр өөр өөр байр сууринаас хандах болжээ. Ийм түнжингүй байдал эргээд засгийн газрыг унагах гол шалтгаан болно гэх таамгийг ч улстөр шинжээчид дэвшүүлж буй юм. Энэ төрлийн маш тодорхой, бэлээхэн жишээг өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан үлгэрлэж үзүүлсэн. Тухайн үед АН-ын алдааг харж шоолж, дүгнэж явсан МАН эргээд яг тэр замаар алхаж буй нь тус нам дотор фракцийн нөлөөлөл асар өндөр байгааг харуулна.
Medee.MN
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо