Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хувийн хэвшлийн МСҮТ-үүдэд төсвөөс өгдөг хувьсах зардлыг хасч, оюутны 70 мянган төгрөгийг ч олгох боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.
Монгол улсад өдгөө 180 мянган орчим оюутан байгаагийн 40 мянга нь МСҮТ-д суралцдаг аж. Их дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ үргэлжлүүлэн авах бол МСҮТ-ийн оюутнууд энэ тэтгэлгийг авахгүй. Чухам яагаад гэсэн асуултад “Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул тэвчиж болох зардлаа танана” гэсэн хариулт өгчээ.
Тэвчиж болох зардал гэснээс тэд хэдэн саяар нь авдаг өндөр албан тушаалтнуудын, өөрсдийнхөө цалинг хасч чадаагүй, хүсээгүй хирнээ мэргэжил эзэмшиж, улс орондоо баялаг бүтээх хүүхдүүдийн цалинг хасахыг тэвчиж болох зардалд оруулчихаж. Ачааны хүндийг ард түмэнд, хүүхдүүдэд үрүүлж, өөрсдөө тансагласан хэвээр л байх бололтой.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн 2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт дээр “Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд МСҮТ төгсөгчид байдаг хэрнээ мэргэжлийн боловсролын сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн сайн үнэлэгдэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын томоохон шинэчлэл хийх цаг нь болсон” гэж онцолсон. Гэвч үүнээс ганцхан сарын дараа МСҮТ-ийн оюутан сурагчдын хичээлийн хэрэглэгдэхүүн материалаа бэлтгэдэг хувьсах зардлын мөнгө болон оюутнуудын ар гэр, амьжиргаагаа залгуулдаг тэтгэмжийн мөнгийг хасах шийдвэр гаргажээ.

Үнэхээр сайдын хэлсэнчлэн МСҮТ-д сурч буй оюутан залуус, багш ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн үнэлэгдэхгүй байгаа юу гэвэл бас л “үгүй”. Өнгөрсөн жилүүдэд улс орны аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн ирээдүйд МСҮТ-д суралцаж буй оюутнуудаар дамжуулан хөрөнгө оруулалт хийж байлаа. Тэдэнд оюутны тэтгэмж, хувьсах зардлын мөнгийг олгосны дээр өнгөрсөн дөрвөн жилд АНУ-ын “Мянганы сорилтын сан”-гаас хөрөнгө оруулалт татаж, сургуулиудын техник технологиудыг шинэчилж байв. Урам авсан оюутан залуус дэлхийн ур чадварын олимпиадуудад оролцож, дэлхийн аварга, алтан медалийн эзэд болж, улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж эхэлсэн. Гэвч энэ бүхэн зогслоо.
Төсөвт хөрөнгө хуримтлуулахын тулд өөрсдийгөө үлдээж, ард түмнээ мөлждөг, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь алд дэлэм зөрүүтэй төрийн удирдлагуудад “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр ил захидал илгээжээ. Тус захидалд “МСҮТ-д сурдаг хүүхдүүдийн тэтгэлэг болох 70 мянган төгрөг төсвийн тодотголоор хасагдсан, бас тодорхойгүй хугацаагаар олгох боломжгүй болсон, энэ тухай хүүхдүүддээ хэл, тэгээд хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн санаа илэрхийлсэн байна. Тэрээр “Ойрхон байсан бол та нарын “үзүүлдэг хурууг” л өөрсдөд чинь гаргамаар байна даа” гэжээ. Бид энэ асуудлаар Д.Уламбаяртай ярилцлаа.
-ДЭЭРЭЛХЭЖ, ДОРОМЖИЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО-
-Та Сангийн сайд, Ерөнхий сайд болон НХХ-ийн сайдад хандаж ил захидал бичсэн байсан. Төсвийн тодотголоор МСҮТ-д сурдаг оюутнуудын 70 мянган төгрөгийг хасахаар шийдвэрлэгдсэн гэлээ. Энэ шийдвэр яг үнэн үү?
-Тийм ээ. Бид гуравхан хоногийн өмнө мэдлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас МСҮТ-д сурдаг хүүхдүүдийн тэтгэлгийг олгож байсан боловч энэ санг татан буулгахаар болсон байна лээ. Татан буулгах хоёр шалтгааны нэг нь бүтцийн өөрчлөлт, нөгөө нь тус сангийн төсөв хоосорсон гэнэ. Төсвийг нь барилга дээр ажиллаж буй хятад ажилчдаас авдаг хураамжаар бүрдүүлдэг байтал ажиллах хүч багасч, мөнгө муутай болсон гэнэ.
-Зөвхөн МСҮТ-ийн оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг хассан гэж үү?
-УИХ-аас төсвийн тодотголыг хэлэлцэж байх явцад оюутны тэтгэлгийг хасах тухай маргаан өрнөсөн. Гэхдээ нийгмийн эсэргүүцэлтэй тулгарснаар оюутны тэтгэлгийг хасахаа больсон гэж бид ойлгож явсан. Үүнд манай мэргэжлийн сургалтын салбарт сурч байгаа 42 мянган оюутны тэтгэлэг цуг явж байгаа гэж ойлгож байтал өнгөрсөн баасан гаригт МСҮТ-д суралцдаг оюутнуудын тэтгэлгийг олгох боломжгүй гэсэн. Тэр байтугай хувийн хэвшлийн мэргэжлийн сургуулиудын хувьсах зардлыг санхүүжүүлэх боломжгүй гэсэн мэдээлэл сонслоо.
-Энэ тухай холбогдох албанаас тодруулав уу?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүүхдүүдийн тэтгэлгийг олгох боломжгүй боллоо, цаашид хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна гэсэн утга бүхий албан бичиг ирсэн.
-Ямар учраас олгох боломжгүй гэдгээ энэ албан бичигтээ тайлбарласан байна уу?
-Төсөв мөнгөгүй болсон гэсэн утгатай байна. Бид та нарын хүүхдүүдийн цалинг хассан, та нар үг дуугүй хүлээн зөвшөөрөөд, бидэнтэй хамтран ажиллах ёстой гэсэн тулган шаардлага гэж ойлгож болохоор байна. Дээрэлхэж, доромжилж байгаа л хэрэг. Сайд нь тамгаа дараад, гарын үсгээ зурчихсан албан ёсны зүйлийгл би ярьж байна.
-МСҮТ-ийн оюутнууд их, дээд сургуулийн оюутнуудаас илүү онцлогтой гэдэг. Танай оюутнууд энэ мөнгийг хэрхэн зарцуулдаг талаар судалгаа бий юу?
-Мэргэжлийн сургуулиуд их өвөрмөц онцлогтой. Манайд есдүгээр анги төгссөн 15, 16 орчим настай хүүхдүүд 2-3 жил суралцаж, ЕБС төгссөн гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэх авдаг. Ихэвчлэн ЕБС-д цаашид үргэлжлүүлэн сурах боломжгүй, ажил хийх сонирхолтой хүүхдүүд манай сургуульд ордог. Нөгөө талаас тэтгэлэг өгдөг учраас амьжиргааны түвшин муу айлын хүүхдүүд сурч байгаа нь харагддаг. Манай 42 мянган хүүхдийн 60-70 хувь нь өнчин болон хагас өнчин, эцэг эх нь салсан хүүхдүүд байдаг. Тэднийг сурлагаар тийм ч сайн гэж хэлж чадахгүй. Их, дээд сургуульд цаашид үргэлжлүүлэн суралцах шаардлагагүй гэж үзэж байгаа. Мэргэжилтэй болчихвол ажил хийж, амьдралаа өөд нь татаад явчихна гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд орж ирдэг. Мэргэжлийн сургуулиудад сурч байгаа хүүхдүүдээс төлбөр бараг авдаггүй. Ёс төдий хэдэн төгрөг авдаг нь хоёр байдлаар зарцуулагддаг. Энэ нь үйл ажиллагааны зардал. Тодруулбал, гагнуурчин болох гэж байгаа хүүхдэд өдөрт ганцхан ширхэг электрод өгчихөөд чи гагнуурчин бол гэж хэлж болохгүй. Иймээс материалын зардал нь сургалтын орчны зардлаас илүү гардаг. Гол нь мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих үе үеийн Засгийн газрын бодлогын дагуу төсвөөс хэдэн төгрөгийн хувьсах зардал авдаг. Сургуулиуд үүн дээрээ тулгуурлаж “амьдардаг” боловч үүнийг бас л хасч байх шиг байна. Тэгэхээр хувийн хэвшлийн 40 гаруй сургуулийн 12 мянган хүүхдийн хувь заяа маш бүрхэг болоод байна.

-ИЙМ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ МОНГОЛЫН ТӨР АНХ УДАА ГАРГАЛАА-
-Ялгаварлан гадуурхалт гэж хэлж болох уу?
-УИХ-ын чуулган дээр гурван сая төгрөгөөс дээш цалинтай шүүгчийн цалинг танах гээд чадаагүй. Төрийн өмчийн оролцоотой компаниудын захирлууд 5-30 сая төгрөгийн цалин авдаг. Бас л хасч чадаагүй орхисон. УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, яам тамгын газрын газар хэлтсийн даргаас дээш албан тушаалтай хүмүүсийн цалинг 30 хувиар бууруулна гэж ярьж байгаад чадаагүй. Энэ хүмүүс бүгд амьжиргааны хувьд хангалттай түвшинд хүрсэн хүмүүс. Харин манай хүүхдүүд сард авдаг 70 мянган төгрөгөө цалин гэж үздэг. Үүнийг нь л хасчихлаа. Ядарсан, танил тал муутай, сонгуулийн насанд хүрээгүй хүүхдүүдийг ялгаварлаж байна. Ийм үйлдлийг Монголын төр анх удаа гаргалаа.
-Хэрвээ таны тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол МСҮТ-үүдэд ямар эрсдэл тулгарах вэ?
-Манайд сурч байгаа хүүхдүүдийн ихэнх нь тэтгэлгийн 70 мянган төгрөгөө амьдралдаа зарцуулах гэж ордог нь нууц биш. 70 мянган төгрөгөөр оюутнууд шоуддаг гэдэг. Гэтэл манай оюутнууд шоудах насанд ч хүрээгүй, энэ мөнгөө сургалтдаа, амьдралдаа, гэр бүлийнхээ талхны мөнгөнд зарцуулдаг. Энэ байдал хүндрэх байх. Нөгөө талаар энэ хүүхдүүдийн тал нь хичээлдээ суухаа болино, сургуулиа хаяна. Ийм л дүр зураг харагдаж байгаа. Харин хувийн хэвшлийн 40 гаруй сургууль энэ байдлаар удаан тэсч чадахгүй, “амь тавина”. Мөн 1000-аад багш, ажилтан, албан хаагч ажилгүй болно.
-Хүмүүс хувийн хэвшлийн МСҮТ-ийг их ашигтай ажилладаг гэж бодож байж болох юм. Бодит байдал дээр яг ямар байдаг вэ?
-Хувийн цэцэрлэгт хүүхдээ сургадаг хүмүүс мэдэх байх. Сард 100-200 мянган төгрөг, жилд хоёр сая гаруй төгрөгөөр хүүхдээ сургадаг. Нэмээд төсвөөс эдгээр цэцэрлэгүүд хувьсах зардал гэж авдаг. Хувийн ЕБС-иуд доод тал нь 3-50 сая төгрөгийн төлбөртэй байхад төсвөөс мөн л хувьсах зардлыг нь олгож байна. Хямрал болж байгаа хэдий ч хүмүүс хөөцөлдөж байгаад хувьсах зардлаа аваад үлдчихсэн байх юм. Гэтэл бид хувьсах зардлаа авч чадахгүй, нэмэлт орлого байхгүй, хүүхдүүдээрээ ажил хийлгэх боломжгүй. Тэд маань насанд хүрээгүй шүү дээ. Энэ салбарт олон жил ажилласан хүмүүс л хоббигоороо энэ мэргэжлийн сургуулиудыг үүсгэн байгуулаад 10 гаруй жил зүтгэсэн байна. Одоо л өөрийн гэсэн байр савтай болоод, хөл дээрээ зогслоо гэтэл буцаад энэ бүх төлөвшил нурах боллоо.
-Ер нь мэргэжлийн сургуулиуд, төгсөгчид болон багш нарын нэр хүнд нийгэмд буцаад өсч эхэлсэн шүү дээ?
-Хуучин ТМС гэснээс болоод хамгийн танхай, сахилгагүй, муу сурдаг хүүхдүүд энд ордог байсан гээд нэг хэсэг энэ салбарын нэр хүнд уначихсан байсан. Өнгөрсөн хугацаанд АН засаг барьж байхад “Мянганы сорилтын сан”-гийн багагүй мөнгө энэ салбарт техник технологи болж орж ирсэн. Мэргэжлийн боловсролын сургууль төгссөн төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байртай болж байгаад маш том нөлөө үзүүлсэн. Учир нь хоёрын хооронд их, дээд сургууль төгсөөд худалдагч, цэвэрлэгч, ажилгүй нэгэн болж байхад мэргэжлийн сургууль төгссөн хүнийг өөрөө л хүсвэл ажилд авна л гэдэг. Та бүхэн одоо зар харах юм бол “тогооч, барилгачин, үсчин авна” гэсэн нь их бий. Хятад, Солонгосоос орж ирж байгаа ажилчид манай хүүхдүүдийн хийж чадах, хийх ажлыг л хийхээр орж ирж байна. Манай хүүхдүүд төгсөөд 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай ажилд ордог. Багшийн их сургуульд дөрвөн жил суралцаад төгссөн хүүхэд ажилд ороход 380 мянган төгрөгөөс цалин нь эхэлдэг. Манай хүүхдүүдийг суралцаж байхад л “Манай байгууллагад дадлага хийлгээч, манайх төгсөхөөр нь ажилд авна” гэж булаацалдах үе ч бишгүй бий. Ингээд эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд манай салбарын нэр хүнд бэхжих талдаа болж байсан юм.
-МЭРГЭЖЛИЙН САЛБАРТ ӨГЧ БАЙГАА ТЭТГЭЛЭГ БОЛ ХАЛАМЖ
БИШ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-
-Энэ ил захидал, санал хүсэлтийг тань хүлээж авахгүй бол яах вэ?
-Манай хувийн сургуулиудын холбоо энэ асуудлыг хэлэлцэж, ярьж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Бид юуны өмнө олон нийтэд мэдээллэсэн. Өчигдөр /10.03/ бид сайдтай уулзах гэж хөөцөлдсөн ч чадсангүй. Өнөөдөр мэргэжлийн боловсролын салбарынхны багш нарын баяр болох ёстой өдөр. Сайд маань баяр дээр эрх биш ирэх байх, ярилцахсан гэж бодож байна. Бид энэ шийдвэрийг багш нарын баярын өмнө барьж байгаа бэлэг гэж ойлгож байна. Хүүхдүүдийнхээ, сургуулийнхаа төлөө бид чадах бүхнээ хийнэ.
-Танд нэмж хэлэх зүйл бий юү?
-Мэргэжлийн салбарт өгч байгаа оюутнуудын тэтгэлэг бол халамж биш. Энэ бол аливаа улс орон аж үйлдвэрийн салбараа өөд нь татахад ажиллах хүчнээ бэлтгэх хөрөнгө оруулалт гэж харах ёстой. Энэ хөрөнгө оруулалтыг танах, мэргэжлийн салбарыг ажиллах боловсон хүчингүй болгох нь тухайн улс орны жижиг дунд үйлдвэрийн хөгжил, аж үйлдвэрийн хөгжил, бизнесийн байгууллагуудын хөгжилд маш муу нөлөө үзүүлнэ. Гудамжинд яваа жирийн нэг хүнийг барилгын салбарт оруулаад, ажилд сургахын тулд сард 500-600 мянган төгрөгийн цалингаас гадна, тоосго, шавар, шавхай гээд гологдлууд их хэмжээгээр гардаг. Тухайн хүн 5-6 сар ажиллаж байж зүгширдэг. Тэгэхээр нэг мэргэжилтэн ажилтныг сайн бэлтгэхэд компаниуд 10-12 сая зарцуулдаг. Энэ зардлыг л бид хэмнэж өгч байгаа юм. Аж үйлдвэрийн салбар, баялаг бүтээж байгаа хүмүүст оруулж байгаа хөрөнгө оруулалт учраас халамж гэдгээс шал өөр зүйл шүү гэдгийг хүмүүс бүгд ойлгох ёстой. Манай хүүхдүүдийн 70 мянган төгрөгийг өгөхөд 9 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн багцаа гарсан. Энэ бол тийм ч харамлаад байх мөнгө биш. Тиймээс багш нар тэмцэж байгаа юм.
Эх сурвалж: Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна