Саяхан манай сайт Голомтын менежер харилцагчийнхаа данснаас 40 гаруй мянган доллар авсан хэргийг уншигчиддаа хүргээд тус банкны зүгээс шахалтанд өртсөн. Манай сайтыг бүр хаалгах тухай асуудал яригдсан. Тэгвэл иймэрхүү үйлдэл ганцхан Голомтод гардаггүй аж. Төрийн банкны “Хараа” тооцооны төвд теллер ажилтай Ү.Т нь найз болох Харуул овгийн Д. М-тай хамсан шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохирч тус банкны харицагч Б.П-гийн хадгаламжийн дансны мэдээллийг хууль бусаар олж авч Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны АТМ-аас 10 удаагийн гүйлгээгээр нийт 3.0 сая төгрөг авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар, Ү.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нууц кодоо хийж байхыг нь хараад би цээжилсэн. Ү.Т-т ямар ч буруу байхгүй” хэмээн найзаа өмөөрсөн. Тэгвэл Төрийн банкны теллер найзыгаа бусдын мөнгийг дансанд нь хууль бусаар нэвтрэн авахыг мэдсэн болж таарчээ. Үүнийг өмгөөлөгч нь үгүйсгээгүй. Тэгвэл энэ нь гэмт хэргийг нуун дарагдуулсан үйлдэл мөн болж таарна. Монголд банкны харилцагчдийн мэдээллийг банкныхан өөрсдөө маш амархан олж авдаг болсон. Их мөнгөтэй харилцагчийн мэдээллийг олж авсны үндсэн дээр данснаас нь мөнгө авах эсвэл харилцагчийг шахаж зээл авах зэрэг үйлдлийг банкныхан өөрсдөө хийдэг болсон нь нууц биш юм.
Эх сурвалж: НУУЦ.мн